Хот хоорондын замд үйлдэгддэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэдийн аюулгүй зорчих нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор цагдаагийн байгууллагаас энэ сарын 11-ний өдрөөс эхлэн улсын чанартай автозамд байрлах 13, орон нутгийн 19 хяналтын цэг 24 цагийн байнгын ажиллагаатай болгож, үйл ажиллагааг нь эрчимжүүлж эхэлсэн.
Төв аймгийн Баянчандмань сумын постод үүрэг гүйцэтгэж байсан хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Г.Гантүшиг, замын цагдаагийн зохицуулагч, цагдаагийн дэслэгч Х.Мөнх-эрдэнэ, цагдаа зохицуулагч, цагдаагийн ахлагч Э.Болдбаатар, Б.Эрдэнэтунгалаг нар 18-20 насны залуус мансууруулах төрлийн өвс тээвэрлэж явсныг илрүүлсэн байна.
Улаанбаатар хотод оршин суух хаягтай 19 настай Н, 20 настай Т, 18 настай Н нарын таван залуу “Тоёото спасио” маркийн автомашинд “Каннабис” гэх мансууруулах төрлийн өвсийг тээвэрлэж явсныг илрүүлж, Эрүүгийн цагдаагийн албанд шалгаж байна.
ЭРЭН СУРВАЛЖЛАГДАЖ БАЙСАН ЭТГЭЭДИЙГ ИЛРҮҮЛЛЭЭ
Өвөрхангай аймгийн хяналтын постод ажиллаж байсан Замын цагдаагийн албаны зохицуулагч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Бямбацэрэн эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг илрүүлжээ. Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн 3 дугаар хэлтсээс эрэн сурвалжлагдаж байсан Ж-г “Приус-20” маркийн тээврийн хэрэгсэл жолоодон явж байхад нь саатуулан Өвөрхангай аймаг дахь Цагдаагийн газарт хүлээлгэн өгч ажиллажээ.
Дундговь аймгийн хяналтын постод үүрэг гүйцэтгэж байсан эрүүгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Мягмаррагчаа, эргүүлийн цагдаа цагдаагийн дэд ахлагч Отгонбаатар, замын цагдаа дэд ахлагч Ёндонпэрэнлэй нар бусадтай бүлэглэн ирэн А-н биед хүнд гэмтэл учруулаад зугтсан эрүүгийн хэрэгт эрэн сурвалжлагдаж байсан Ч гэгчийг илрүүлэн баривчилсан байна.
ЭРЭН СУРВАЛЖИЛЖ БАЙСАН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙГ ИЛРҮҮЛЭН СААТУУЛАВ
Говьсүмбэр аймаг дахь хяналтын постод 2017 оны 09 сарын 19-ны өдөр үүрэг гүйцэтгэж байсан эрүүгийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Батхуяг, замын цагдаа зохицуулагч цагдаагийн дэд ахлагч Ням-Очир нар эрэн сурвалжлагдаж байсан тээврийн хэрэгслийг илрүүлэн саатуулжээ. Тэдний илрүүлсэн приус маркын тээврийн хэрэгслийг 2015.10.25-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 хорооны нутаг дэвсгэрт .... улсын дугаартай, приус маркийн автомашинтай явж байсан хоёр залуу иргэн Д-г зодож биед нь гэмтэл учруулсан эрүүгийн хэрэгт эрэн сурвалжилж байжээ.
Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум 31 дүгээр постод үүрэг гүйцэтгэж байсан эрүүгийн ахлах төлөөлөгч, цагдаагийн хошууч Мөнхсайхан, мөрдөгч, цагдаагийн дэслэгч Хашбат, замын цагдаа зохицуулагч, цагдаагийн ахлах ахлагч Батчулуун, замын цагдаа зохицуулагч, цагдаагийн ахлах ахлагч Мөнхбат нар зохих зөвшөөрлийн бичиг баримтгүй, гол төмрийн дугаарыг баллаж дарсан, дугаар тодорхойгүй, ТОЗ-8 хийц өөрчилсөн бууг авч явсныг илрүүлсэн байна.
Налайх дүүргийн хяналтын постод үүрэг гүйцэтгэж байсан мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч А.Насанжаргал, зохицуулагч цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Б.Эхбаяр нар иргэн Б нь хууль бусаар бэлтгэсэн 16 шуудай хуш модны самар тээвэрлэж явсныг тогтоож, холбогдох албан тушаалтанд хүлээлгэн өгч ажиллажээ.
Ийнхүү орон нутгийн замд байнгын хяналтын пост ажилласнаар гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг хамгаалахад үр дүнтэй юм. Хяналтын постуудын үйл ажиллагааг ЦЕГ-ын Шуурхай удирдлагын төвд цахим сүлжээгээр хянаж, мэдээллийг шуурхай дамжуулан, мэргэжлийн удирдлагаар хангаж ажиллаж байна.