Йордан улсын Амман хотод энэ сарын 22-30-нд зохион байгуулж буй бөхийн төрлүүдийн 17, 23 хүртэлх насныхны Азийн АШТ-нд Монголын тамирчид үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Л.Энхбаяр, С.Мөнхсүх (сонгомол бөх) “Алдар” спорт хорооны дасгалжуулагч, Гавьяат тамирчин Г.Мандахнаран нарын удирдлага дор оролцож байна. Тэмцээний эхний өдөр чөлөөт бөхийн 17 хүртэлх насныхны эмэгтэйчүүдийн 43, 49, 57, 65, 73 кг-ын жингийн барилдаан өрнөж, шилдгүүд тодорлоо. Манайхаас дасгалжуулагч, Гавьяат тамирчин Б.Одончимэгийн удирдлагад 73 кг-д хүч сорьсон, Төв аймгийн Алтанбулаг сумын харьяат Ц.Уранзаяа шигшээд Тайваний бөхийг 10:0-ээр илүүрхэн, хагас шигшээд Казахстаны тамирчныг 4:1-ээр буулган авч, финалд шалгарсан. Тэрбээр алтан медалийн төлөө Энэтхэгийн тамирчин Кажал Кажалтай барилдсан ч 0:10 харьцаатай ялагдсанаар мөнгөн медаль хүртлээ.