Ховд аймгийн ЗДТГ, “Цаст Алтайн угсаатан” аялал жуулчлалын холбоо хамтран“Мөнгөлөг шагшуурга” цас, мөсний баярыг өнгөрсөн амралтын өдрүүдэд Хар-Ус нуурын хөвөөнд зохион байгууллаа. Энэ үеэр цаг агаар эрс хүйтэрсэн ч дотоод, гадаадын жуулчид, баруун таван аймгийн иргэд идэвхтэй оролцож, өв соёлоо сурталчилсныг орон нутгийнхан онцолж байна. Зохион байгуулагчдын мэдээлснээр баярын эхний өдөр 40 мянга гаруй хүн Хар-Ус нуурыг зорин иржээ. Өнөө жилийн“Мөнгөлөг шагшуурга”-ын хөтөлбөрийг урлаг, спорт, өв соёлын олон арга хэмжээгээр баяжуулсан аж.
Баярын үйл ажиллагааг “Жангар” тууль хайлах ёслол, баруун бүсийн спорт загасчлалын тэмцээнээр нээж, тэшүүр, мөсөн сур харваа, хөл бөмбөг, морин чарга, тэмээний уралдаанаар үргэлжлүүлсэн байна. Флаш моб бүжгийн тэмцээнд хамгийн олон буюу 400 гаруй хүн, тэшүүрийнхэд 137 тамирчин таван насны ангилалд өрсөлджээ. Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбооны Ховд аймаг дахь салбар, “Өөр өнцөг” клуб, МИАТ ТӨХК уг арга хэмжээний хүрээнд “Мөнгөлөг шагшуурга миний дуранд” гэрэл зургийн уралдааныг энэ сарын26 хүртэл зарлаад буй. Тэгвэл орон нутгийн уран бүтээлчид цас, мөсний баярын үеэр нуурын шагшуургад үзэсгэлэн дэлгэж, 200 гаруй бүтээлээ олон нийтэд толилуулсан нь энэ жилийн онцлох үйл ажиллагаа болсныг нутгийн иргэд хэллээ.
Бэлтгэсэн И.Мишээл