Орон нутгийн замд гарч буй иргэд, жолооч нар болон малчдыг аюулгүй байдлаа сайтар хангаж, болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг цагдаа, цаг уур, онцгой байдлын байгууллагаас анхаарууллаа. Энэ долоо хоногийн турш манай орны нийт нутгаар салхи шуурга ихтэй, цаг агаар тогтворгүй байх тул төөрөх, осолдох, осгох, гэр, барилга, байгууламжийн нурангид дарагдах, цахилгаангүй болох эрсдэл өндөр гэнэ. Иймд ус, цаг уурын гаралтай аюулт үзэгдлээс сэрэмжлүүлэв. Шаардлагагүй бол орон нутгийн замд гарахгүй, зайлшгүй тохиолдолд цаг агаарын урьдчилсан мэдээ харж байж зорчих, үүрэн холбооны сүлжээгүй газарт ганцаараа, найдваргүй тээврийн хэрэгсэлтэй явахгүй байхыг малчид, тээвэрчдэд зөвлөлөө.
Уржигдар Баянхонгор аймгийн Баянговь сумд хүчтэй шуурга болох үеэр нэгэн айлын гэр нурж, эзэн нь дарагдсан тохиолдол гарсан. Өчигдөр Баянхонгор, Говь-Алтай аймгийн нутгаар салхины хурд секундэд 28 метр хүрч, зарим үед 34 метрээс давж ширүүсэн гамшигт үзэгдлийн хэмжээнд хүрлээ. Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан багийн нутаг, Цагаан хад суурьшлын бүс орчимд хүчтэй шороон шуурга болсноос үзэгдэх орчин хязгаарлагдан тээврийн хэрэгсэл байтугай хүн зорчих аргагүйд хүрснийг орон нутгийн иргэд мэдээлэв. Мөн Завхан, Увс, Ховд, Дундговь, Өвөрхангайн нийт нутгаар цаг агаар муудаж, шороо болон цасаар шуурлаа. Өнөөдөр төвийн аймгуудын зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутагт ахиу хэмжээний цас орж, шууран, хүйтрэх гэнэ. Үүнээс үүдэн үзэгдэх орчин хязгаарлагдах, зам, даваа гүвээнд халтиргаа гулгаа үүсэх эрсдэл ч нэмэгдэх нь.
Ж.Сувд