Улсын хэмжээнд өнгөрсөн оны эцсээр 57.6 сая мал тоолсныг Үндэсний статистикийн хорооноос танилцуулж байв. Ийм тооны малыг одоо хэн маллаж байна, бас цаашид хэн маллах вэ гэдэг асуудал манай улсад хэдийн нүүрлэчихлээ. Учир нь нүүдлийн ахуйгаас суурьшмал амьдралын хэв маягт эрчимтэй “уусаж” буй өнөө цагийнханд хөдөө аж төрж, мал адгуулна гэдэг нь байж боломгүй зүйл мэт санагдах болсон гэхэд хилсдэхгүй. Үүнийг статистик үзүүлэлтүүд ч бүрэн дүүрэн илэрхийлнэ. Тухайлбал, малчдын тоо жил ирэх тусам цөөрч буйг Үндэсний статистикийн хорооноос гаргасан судалгаанууд харуулж байна. Тус байгууллагынхан мал тоолох явцдаа малчин өрхүүдийг ч бүртгэдэг аж.
Хэдийгээр статистик үзүүлэлтээс малчдын тоо жил ирэх тусам буурч буйг харж болох ч түүний цаадах шалтгааныг тодорхойлсон нарийвчилсан судалгаа манайд тун хомс байна. Хамгийн сүүлд 2010-аад оны үед л малчдын хөдөлмөр эрхлэлттэй холбоотой хэд хэдэн судалгаа хийжээ. Гэвч 15 жилийн өмнөх судалгаануудын үр дүн одоогийн нөхцөл байдлыг илтгэж чадахгүй. Тиймээс малчдын өнөөгийн нөхцөл байдлыг судалсан, эсэхийг нь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сургалт, үнэлгээ, судалгааны институт, “Нээлттэй нийгэм форум”, Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага буюу ЖАИКА зэргээс тодруулсан юм. Гэвч тэдэнд тодорхой мэдээлэл байсангүй.
“Ажил эрхэлдэг дөрвөн хүн тутмын нэг нь малчин”
ХХААХҮЯ-нд хүртэл сүүлийн жилүүдэд хийсэн судалгаа алга. Хөдөө аж ахуйн чиглэлийн мэргэжилтнүүдийг бэлтгэдэг ганц сургууль болох ХААИС-д “баримжаа” алга. Үндсэндээ манай улс бэлчээр ашиглалт, малын ашиг шимд анхаарсан атлаа малчдын нийгмийн байдлыг ер тоолгүйгээр өдий хүрчээ гэж эндээс ойлгож болох нь. Товчхондоо, мал тооллого явуулахдаа л малчин өрхүүдийг нь эрхбиш бүртгэдэг, түүнээс өөрөөр тэднийг төдийлөн анхаардаггүй болж таарав.
Мал тооллогын 2022 оны дүнгээс харвал улсын хэмжээнд 305.1 мянган малчин байж. Эл үзүүлэлтийг нийт хөдөлмөр эрхлэгчийн тоотой харьцуулбал ажил эрхэлдэг дөрвөн хүн тутмын нэг буюу 25.8 хувь нь малчин аж. 2017 онд малчдын тоо 303 590 байсан бол 2021 онд 305 430 болж, бага зэрэг өсчээ. Энэ нь төдий л өөрчлөгдсөн үзүүлэлт биш мэт харагдавч насны бүлгээр нь ангилбал залуу малчдын эзлэх хувь жил ирэх тусам цөөрсөн байгаа юм. Жишээлбэл, 2021 онд 15-34 насныхан нийт малчны 28 хувийг эзэлж байлаа. Харин нэг жилийн дараа энэ тоо 26.9 хувьд хүрч буурсан байв. Өөрөөр хэлбэл, залуу малчдын тоо жил ирэх тусам цөөрч, ахмадууд л хотоо манах болжээ.
1995 онд 35-59 насныхан нийт малчны 24.4 хувийг эзэлж байжээ. Гэтэл 2020 онд эл үзүүлэлт 59.7 хувь болж нэмэгдсэн байна. Түүнээс нэг жилийн дараа уг тоо 60.9 хувьд хүрсэн байх жишээтэй. 2021 оноос хойших судалгааны тайлангуудыг харахад хөдөө аж ахуйн салбарт ажиллах ахмад настны тоо жил ирэх тусам нэмэгдэж буй юм. Өөрөөр хэлбэл, 20-30 жилийн өмнөөс мал маллаж эхэлсэн хүмүүс л одоо хөдөө аж ахуйн салбарын гол хүч болж байна. Мөн 45-49 настай малчдын 28.1 хувь нь 40-өөс дээш жил мал малласан аж. Гэтэл тэдний залгамж халаа болох учиртай хөдөлмөрийн насныхан нь хөдөө аж ахуйн салбараас зугтаж байгаа нь статистикаас харагдана.
Ажлын ачаалал ихтэй ч өрхийн орлого тааруу байна
Малчдын ажлын ачаалал улирлын чанартайгаар өөрчлөгддөг. Хаврын улиралд төлөө хүлээж авахаар өдөр, шөнийг ялгалгүй зүтгэдэг. Ийнхүү төл малаа бүрэн хүлээж авч бойжуулсны дараа ноос, ноолуурын цаг залгана. Цаашлаад цагаан идээгээ боловсруулах, өвөлдөө бэлтгэх гэх мэтээр ажил нь үргэлжилдэг. Ийм маягаар дөрвөн улирлын эргэлтэд амрах завгүй хөдөлмөрлөнө. Харамсалтай нь, ингэлээ гээд өрхийн орлого нь төдийлөн өсдөггүй, тааруухан байдаг нь залуус энэ салбараас дайжих шалтгаан болж мэдэх юм.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам (хуучнаар), Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сургалт, үнэлгээ, судалгааны институтийнхэн хамтран “Малчдын орлого, хөдөлмөр эрхлэлтийн судалгаа”-г 2023 онд хийжээ. Уг судалгаанд дурдсанаар бол малчин өрхийн сарын дундаж орлого 1.5 сая төгрөг аж. Ингэхдээ цалин хөлсний орлого дунджаар 953.4, тэтгэвэр, тэтгэмжийнх нь 375.4 мянган төгрөг байгааг судалгааны тайланд дурдсан байна. Харин тэдний үндсэн үйл ажиллагаа болох мал аж ахуйгаас сард 949 мянган төгрөг олдог гэнэ. Мөн хүн амын нягтшил ихтэй суурин газруудын ойролцоо амьдардаг малчид бусдаасаа 300 000 гаруй төгрөгөөр илүү орлоготой хэмээн дурджээ. Малчин өрхийн сарын орлого дунджаар 1.5 сая төгрөг байгаа нь тэдний хөдөлмөртэй харьцуулахад хэтэрхий бага гэдгийг судалгаанд онцолсон байна.
“Хөдөө аж ахуйн салбар орхигдсон”
ХЭҮК-оос 2019 онд хийсэн “Малчин эмэгтэйчүүдийн хүний эрхийн хэрэгжилт: Хүчирхийллээс ангид байх эрх, бэлгийн болон нөхөн үржихүйн эрх, эрүүл мэнд” сэдэвт судалгаа бий. Эл судалгаанд малчин эмэгтэйчүүдийн аж амьдралд тулгамдсан хэд хэдэн асуудлыг онцолсон байдаг. Тухайлбал, “Малчин эмэгтэйчүүд байгалийн нөөцийг зөв зохистой ашиглан, байгальд ээлтэй мал аж ахуй эрхлэн, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг эдийн засгийн эргэлтэд оруулахад голлох үүрэг хүлээдэг. Жендерийн дүн шинжилгээний үүднээс малчин эмэгтэйчүүдийн ажлыг мал аж ахуй эрхлэхтэй холбоотой болон ахуйн хүрээний хөдөлмөр гэж ангилж болох ба өдөрт дунджаар 15-20 цаг ажилладаг байна. Улирал болон цаг агаарын нөхцөлөөс шалтгаалж ажиллах цаг уртсах өдөр олон. Судалгаанд хамрагдсан малчдын үндсэн орлогын 62.3 хувь нь ноос, ноолуур, арьс, шир, сүү, цагаан идээ, мал, малын гаралтай бүтээгдэхүүний борлуулалтаас бүрддэг бол 8.8 хувь нь ямар нэг нэмэлт орлогогүй байдаг” гэж онцолжээ. Эндээс мал аж ахуйн салбар дундаас дээш насныхан, тэр дундаа эмэгтэйчүүдийн нуруун дээр явна хэмээн дүгнэж болно.
ХХААХҮЯ-ны Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргаар өнгөрсөн жил хүртэл ажилласан Д.Батмөнх “Хөдөө аж ахуйн салбар удирдлагагүй болчихлоо. Эл салбарт анхаарч байгаа ч юм алга. Яамныхан ч малчидтайгаа уулзаж, мэдээлэл солилцдоггүй. Хэдийгээр мал аж ахуйн талаарх судалгаа олон байдаг ч энэ нь малчдын аж амьдралын нөхцөл байдлыг бүрэн илэрхийлж чаддаггүй. Олон бодлого, хөтөлбөр хэрэгжүүлээд буй ч төдий л үр гарахгүй байна. Малчдын чуулга уулзалт 2022 онд болоход тэд тулгамдсан асуудлуудаа нэлээд ярьсан. Гэвч тэдгээрийг шийдэхэд анхаарал хандуулсан хүн байхгүй” гэв. Малын ашиг шимийг нэмэгдүүлэх, хөдөө аж ахуйн салбарын үйлдвэрлэлийг сайжруулах ажил манайд үгүйлэгдэж буйг тэрбээр онцолсон юм.
Мал аж ахуй улс төрчдийн пиар болох ёсгүй
Хүний нөөцийг нэмэгдүүлэхийн тулд 2011 онд ХААИС-д малчин бэлтгэх анги нээж байв. Энэ ангид 300 оюутныг нэг жилийн хугацаатай сургаж төгсгөсөн гэнэ. Мөн олон улсын байгууллагуудаас малчин бэлтгэх хэд хэдэн сургалт зохион байгуулж байж. Гэхдээ малчдыг сургалтаар бэлтгэхээсээ илүү бодлогын түвшинд анхаарч, судалгааны дагуу боловсруулсан төлөвлөгөө хэрэгжүүлэх хэрэгтэйг онцлох хүн цөөнгүй. Гэтэл шийдвэр гаргах түвшнийхэн малчдыг пиараа хийх хэрэгсэл мэтээр хандсаар ирсэн. Жишээлбэл, улсын, аймгийн аварга малчин, “Алтан төлийн эзэн” гэх мэт шагналыг гардуулахаар орон нутаг руу “уралдах” улс төрчдийн цуваанаас үүнийг харж болох биз. Гэтэл дээр дурдсанчлан малчдын тоо жил ирэх тусам буурч, гарц гаргалгаа нэхсээр байгааг хэн ч тоодоггүй. Үүнд анхааралгүй орхивол нүүдлийн мал аж ахуй түүх болж үлдэх эрсдэлтэй.
ХХААХҮЯ-ны Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ц.Мөнхнасан “Малын гаралтай түүхий эдийн үнийг нэмэгдүүлэхэд анхаарч байгаа. Хоёрдугаарт, малын ашиг шимийг нэмэгдүүлэх замаар малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмждэг” гэлээ. Мөн малчдын хөдөлмөр эрхлэлттэй холбоотой асуудал нь ХХААХҮЯ, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны хооронд хаягдаад буйг тэрбээр онцолсон. Харин Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас малчдын хөдөлмөрийг дэмжихийн тулд нийгмийн даатгалын хөнгөлөлтөд анхаарч буй гэдгээс өөр тайлбар хэлсэнгүй.
А.Тэмүүлэн