Монголын зохиолчдын эвлэлээс утга зохиолын салбарын шилдгүүдийг шалгаруулдаг “Алтан өд” наадмыг жил бүр зохион байгуулдаг. Энэ жил “Алтан өд” хүртэх шилдгүүдийг тодруулснаа тус эвлэлээс мэдээлэв. Нийт найман төрөлд шилдэг уран бүтээлүүдийг тодруулжээ. Тухайлбал, яруу найргийн төрөлд Д.Галсансүхийн “Битник шүлгүүд” тэргүүлсэн байна. Романыхад С.Баттулга “Тэнгэрт нуусан уулс” бүтээлээрээ “Алтан өд” шагнал хүртэхээр болжээ. Өгүүллэг, туужийн төрөлд Т.Мандирын “Хярснууд” бүтээл шилдгээр шалгарав. Хүүхдийн зохиолынход А.Даваасүрэнгийн “Миний чиний бидний гэр”, баримтат уран зохиолынход Г.Баатарнумын “Сонины хуудасны содон түүхээс” тэргүүллээ.
Утга зохиолын орчуулгын төрөлд А.Мягмаржав “Анна Ахматова шүлэг найраглал”, жүжиг, киноны зохиолынход Н.Уранзаяа “Арван найм дахь хаврын хайр” бүтээлээрээ “Алтан өд”-ийн эзэн болох нь. Утга зохиолын судлал, шүүмжийн төрөлд Р.Чүлтэмсүрэнгийн “Өөрийгөө билүүдэхийн учир”-ыг шилдгээр тодруулсан байна. Уг шүүмжийг зохиолч Д.Намдагийн намтар, уран бүтээлүүдэд тулгуурлан бичжээ. “Алтан өд”-ийн эздэд шагнал гардуулах ёслолыг маргааш 14.00 цагт Үндэсний номын сангийн I байранд зохион байгуулах юм.
М.Оч