Ам.долларын ханш өссөөр 3510 төгрөгт хүрлээ. Одоогоос сар гаруйн өмнө “ногоон”-ы ханш “Найман шарга” захад 3500-гаас давж байв. Нүүрсний экспорт саатаж, уул уурхайн бүтээгдэхүүний орлого тасалдсанаас үүдэлтэйгээр тухайн үед валютын нөөц эрс буурч, арилжааны банкууд 10 мянгаас дээш хэмжээний “ногоон” зарахгүй хэмээн гэдийснээс харьцангуй тогтвортой байсан ам.долларын ханш савлаж эхэлсэн юм. Монголбанкныхан үүнийг “Улирлын чанартай түр зуурын үзэгдэл” гэж тайлбарласан. Улмаар төгрөгийн ам.доллартой харьцах ханшийн сулралын эсрэг интервенц хийж, нөхцөл байдлыг намжаасан билээ. Тэгвэл өдгөө ам.долларын ханш эргэн чангарч эхэллээ.
Валют арилжааны “Найман шарга” захад ченжүүд өчигдөр 13.00 цагийн үед ам.долларыг 3500 төгрөгөөр худалдан авч, 3508-3510 төгрөгөөр борлуулж байв. Харин Төвбанкнаас зарласан ханшаар “ногоон” өчигдөр 3478 төгрөгтэй тэнцэж байсан юм. Албан ба хар захын ханшийн зөрүү 30-32 төгрөгт хүрсэн гэсэн үг. Нүүрсний экспортоо нэмэгдүүлж, төсвийн зардлаа танахад дорвитой анхаарахгүй бол гадагшаа чиглэсэн ам.долларын урсгал саарахгүй, гал унтраах төдий арга хэмжээ аваад ч нэмэргүй гэдгийг эдийн засагчид энэ өдрүүдэд анхааруулсаар байна.
Н.Ган