Нийслэлд ямар ч үед “аминд ордог” хамгийн эрэлттэй унаа бол такси. Гэвч манай хотын таксины үйлчилгээ хувийн машинтай иргэд, хэн дуртай хүний хийдэг ажил болсон нь харамсалтай. “Халтуур”-ын таксиныханд зорчигчийн очих газар бус, харин өөрийнх нь явах зүгт нийцэх нь л чухал. Зорчигчдын аюулгүй байдал, тав тух, үйлчилгээний наад захын соёл бүр ч хамаагүй. Түгжрэлээс бултаж, замаа товчилно гээд хаашаа ч хамаагүй давхичихдаг. Эрэлтэд дөрөөлж “хаданд гарсан” тэдэнд замын хөдөлгөөний дүрмийн тухай ярих нь бүр илүүц биз. Хурд хэмжигч камер хаана байдаг, тэдгээрийн аль нь ажилладаггүйг андахгүй мэднэ. Уг нь зорчигч туулсан километрээрээ тооцож төлбөрөө өгдөг ч гуйж суусан мэт загнуулж, жолооч нарын хэлсэн замаар явах нь түгээмэл. Зарим тохиолдолд зорчигчоос илүү мөнгө авахын тулд албаар тойрч яваад амандаа орсон тоогоо хэлнэ. Автобусны буудлыг хааж, ар араасаа дугаарлаад зогсчихдог нь ч нийтлэг дүр зураг болжээ.
Ингэж хэн дуртай нь таксины үйлчилгээ эрхэлдгийн уршгаар нийслэлд гэмт хэрэг, зөрчил гарах нь түгээмэл. Тухайлбал, нийслэлийн хэмжээнд сүүлийн таван жилд тээврийн хэрэгсэлтэй холбоотой 3170 гаруй гэмт хэрэг бүртгэгдсэний 2116 нь таксины жолоочтой холбоотой байв. Цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн эл хэргүүд нь ихэвчлэн үйлчлүүлэгчийнхээ мартаж буусан эд зүйлсийг завших, эсвэл хулгайлах хэрэг, зөрчил аж. Мөн хүчирхийлэлтэй холбоотой хэрэг ч цөөнгүй бүртгэгджээ. Энэ мэт асуудлыг цэгцлэхийн тулд Зөрчлийн тухай хуульд 2023 оны арванхоёрдугаар сарын 7-нд нэмэлт, өөрчлөлт оруулж, 2024 оны аравдугаар сарын 15-наас эхлэн зөвшөөрөлгүйгээр таксины үйлчилгээ эрхэлсэн иргэнийг тав, хуулийн этгээдийг 50 мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгохоор хуульчилсан. Ингэснээр зөвхөн зөвшөөрөл авсан аж ахуйн нэгж, байгууллага л таксины үйлчилгээ эрхлэхээр болсон тухай бид “Таксины тусгай зөвшөөрлийг хэрхэн олгох нь тодорхойгүй байна”, “Халтуурчид”-ыг хувийн компаниудын “халаас”-нд оруулах уу” зэрэг нийтлэлээрээ хөндсөн билээ. Харин эл зохицуулалтыг хэрэгжүүлээд өдгөө хэдийн таван сар гаруй хугацаа өнгөрчээ. Гэтэл одоог хүртэл таксины тусгай зөвшөөрлийг хэн, яаж авах нь тодорхойгүй, иргэд төөрөгдсөн хэвээрээ байна.
Таван аж ахуйн нэгж тусгай зөвшөөрөл авчээ
Таксины тусгай зөвшөөрлийг хэрхэн олгодог, бас хэдэн аж ахуйн нэгж бүртгэлтэй талаар нийслэлийн Нийтийн тээврийн бодлогын газрынхнаас тодруулахад “Такси үйлчилгээ эрхлэх зөвшөөрлийг иргэнд бус, зөвхөн аж ахуйн нэгжид аймаг, нийслэлийн Засаг дарга нар олгоно. Нийтийн тээврийн бодлогын газарт одоогоор такси үйлчилгээ эрхлэх гэрээтэй таван аж ахуйн нэгжийн нийт 252 тээврийн хэрэгсэл бүртгэлтэй, үйлчилгээ үзүүлж байна. Тухайлбал, “ВИП такси сервис”, “ТБ сервис”, “Мөнх такси”, “Стар авто трейд”, “UB cab бригад хоршоо” зэрэг компани зөвшөөрлөө албан ёсоор авсан. Эдгээр компани нэг километрийг 1500 төгрөгөөр тооцож үйлчилдэг. Одоогоор тусгай зөвшөөрөл авахаар хүсэлтээ өгчхөөд хүлээж буй аж ахуйн нэгж байхгүй. Мөн ямар нэгэн байдлаар зөвшөөрөлгүй үйлчилгээ үзүүлсэн компани алга. Бид иргэдээс бичгээр болон цахимаар ирүүлсэн гомдол, камерын бичлэгт үндэслэн хяналт шалгалт явуулж байгаа” гэсэн юм.
“Чингис хаан” нисэх буудлын зогсоолыг “халтуурчид” дүүргэчихдэг”
Албаныхан ийм байр суурьтай байгаа бол аж ахуйн нэгжүүдэд ямар өөрчлөлт гарсан талаар “ВИП такси сервис” компанийнхнаас лавлалаа. Тус компанийн төлөөлөл “Манайх 60 жолооч, 30 гаруй тээврийн хэрэгсэлтэй. Тусгай зөвшөөрлийг анх гаргахдаа хувиараа такси үйлчилгээ эрхэлдэг хүмүүсийг зогсоож, албан ёсны бүртгэлтэй байгууллагуудыг таксинд явуулна гэж хэлсэн. Гэвч “халтуурчид” эсэргүүцээд эхэлтэл шууд л аж ахуйн нэгжүүдийг цэгцлэхээр болсон. Тэгэхээр хувиараа таксинд явдаг хүмүүс торгуулахгүй гэсэн үг. Мөн тусгай зөвшөөрөлтэй компани ямар давуу эрхтэй, юу хийх ёстой талаар ямар ч мэдээлэл өнөөдрийг хүртэл өгөөгүй. Бас ийм зөвшөөрөл авснаар бидэнд өөрчлөлт, ахиц дэвшил гарсангүй. Ямар ч үр дүнгүй шийдвэр гэж хэлж болно. Ер нь хэн нэгэн хүн гаргасан шийдвэрийг нь үгүйсгэж, цахим орчинд бичсэний зоргоор өөрчилчихдөг юм бол бидэнд хууль, дүрэм, журам, стандарт хэрэгтэй гэж үү. Энгийн жишээ дурдахад, “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудал яг л “Нарантуул” зах шиг болчихлоо. Нисэх онгоцны буудал бол тухайн улсын нүүр царай. Гэтэл манайд хувиараа таксинд явдаг хүмүүс бүх зогсоолыг нь дүүргэчихдэг. Тэд улсад татвар төлдөггүй хэрнээ хүссэн үедээ үнээ нэмдэг. Жуулчдын ачааг авч зугтах тохиолдол ч бий. Тиймээс ингэж дур зоргоороо аашилдаг хувийн таксиныхныг цэгцлэх хэрэгтэй байна. Нийслэлийнхэн л үүнд дасчихсан болохоос гадаадын иргэдэд бол энэ нь байж боломгүй үзэгдэл” гэсэн юм.
Уг нь ингэж тусгай зөвшөөрөл олгож буйн гол зорилго нь иргэдийг гэмт хэргийн хохирогч болохоос урьдчилан сэргийлэх, нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах юм. Гэтэл байгаа оноогүй дарга нарын балагтай шийдвэр хөрсөндөө бууж, зорилтот хүмүүстээ хүрч чадсангүй. Ялангуяа Улаанбаатарт автобусаа хүлээж залхсан хүмүүсийн олонх нь гараа өргөөд л аль таарсан таксиндаа суучихдаг. Тэгээд л эд хөрөнгө, эрүүл мэнд, амиараа хохирно. Үүнийг цэгцлэхээр холбогдох байгууллагынхан ашгүй нэг дүрэм, журам батлах нь гэтэл хотын дарга эргэж буцсаар эл шийдвэр зөвхөн цаасан дээр л үлдэх бололтой.
Автобусны буудлыг эзлэгсэд
Нэгэн жишээ дурдахад, Баруун дөрвөн замаас Саппоро хүртэлх чиглэлийн такси 5000 төгрөгөөр явдаг. Ингэхдээ автобусны буудал дээрээ очдоггүй, наана нь зогсчхоод “цаашаа явахгүй” гээд л буулгачихна. Бас үргэлж замын хөдөлгөөний дүрэм зөрчдөг гэх мэт асуудал мундахгүй. Ингэж автобусны буудлыг машинуудаараа дүүргэчхээд “Саппоро таван мянга” гээд хээв нэг орилцгооно. Улмаар “даам” гарсан таксины жолооч нарт зогсоолоо “дээрэмдүүлсэн” автобуснууд явган хүний зам барааддаг нь хэвийн үзэгдэл болжээ.
Мөн нэгэн иргэн таксины үйлчилгээ иргэдийг хэрхэн “мөлжиж”, үл тоомсорлодог талаар цахим хуудсандаа ийнхүү бичжээ. Тэрбээр “Такси барьчхаад 400 орчим метр явж байтал жолоочийн утас дуугарав. Удалгүй жолооч “Буугаад өөр такси барьчих” гэв. Би яарч байсан учраас буусангүй. Тэгтэл “Авсан газраа буцаагаад хүргэчихье” гээд анх такси барьсан газарт буулгасан. “UB сab”-ын жолооч учраас байгууллага руу нь залгаж хэллээ. Гэтэл “Бид аяллын хугацаанд гаргасан зөрчлийн мэдээллийг л хүлээн авна. Бусад нь хамаагүй” гэсэн юм. “UB сab”-ынхан үргэлж л шинэ үйлчилгээ, стандарт бий болгосон. Жолоочийн үг, үйлдэл соёлтой боловсон үйлчилгээнд “мөс зүсэж” байна гэж өөрсдийгөө рекламддаг. Гэхдээ эл байгууллагынхан аминчхан үзэлтэй хүмүүсээ улам өөгшүүлж болохгүй. Компанид нь харьяалагддаг жолооч нартаа энэ мэт наад захын шаардлага тавих хэрэгтэй” гэжээ.
Манай улсад таксины үйлчилгээ эрхэлж буй аж ахуйн нэгжүүдийг түрээсийн, дуудлагын болон албан ёсны такси компани гэх гурван төрөлд хуваах боломжтой. Өөрөөр хэлбэл, албан ёсны такси компани өөрсдийнхөө тээврийн хэрэгслийг жолоодуулж, цалинжуулах зарчмаар ажилладаг юм байна. Ингээд тодорхой хугацааны дараа жолооч тээврийн хэрэгслээ өмчлөх боломжтой. Мөн такси түрээсийн үйлчилгээ үзүүлдэг байгууллага бий. Энэ нь хувь хүмүүс эл байгууллагад өдөрт тодорхой хэмжээний мөнгө төлөөд автомашиныг нь түрээслэх үйлчилгээ юм. Харин такси дуудлагын төвд хувиараа таксинд явдаг иргэд бүртгүүлээд хүссэн үедээ “халтуур” хийх боломжтой аж.
Хувийн таксинуудыг л цэгцэлнэ гээгүй бил үү
Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар анх хувиараа такси үйлчилгээ эрхэлж буй хүмүүсийг эл хуулиар зохицуулна гэсэн. Гэтэл “халтуурчид” үүнийг нь эсэргүүцэн цахим орчинд бухимдлаа илэрхийлээд эхэлтэл тэр даруй л шийдвэрээ өөрчилсөн билээ. Эргэн сануулахад, өнгөрсөн аравдугаар сарын 15-нд хотын дарга Х.Нямбаатар “Хувиараа такси үйлчилгээ эрхэлж байгаа хүмүүсийг энэ журмаар зохицуулахгүй. Аж ахуйн нэгжүүд такси үйлчилгээ эрхлэхдээ тусгай зөвшөөрөл авалгүйгээр, эсвэл хугацаагаа сунгуулаагүй явсан тохиолдолд арга хэмжээ авна гэсэн үг. Түүнээс биш хувийнхаа машинаар хүн тээвэрлээд мөнгө авсан тохиолдолд энэ журам, зохицуулалт хамаарахгүй. Улаанбаатар хотод таксины тусгай зөвшөөрөлтэй 3-4 аж ахуйн нэгж байгаа. Зөвхөн эдгээр аж ахуйн нэгж л стандартаа хангаад зөвшөөрлөө сунгуулж явахад болно” гэж байв. Өөрөөр хэлбэл, хууль зөрчсөн тохиолдолд ямар арга хэмжээ авах талаар нэгд нэгэнгүй тайлбарласан атлаа үүнийг хэрхэн мөрдөхтэй холбоотой нарийн зохицуулалт харамсалтай нь алга.
Нийслэлийн Засаг даргын Төсөл хөтөлбөр хариуцсан зөвлөх Ч.Батзориг мөн л тухайн үед “Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийн хүрээнд 2024 оны аравдугаар сарын 15-наас такси үйлчилгээ эрхлэхдээ тусгай зөвшөөрөл авна. Тиймээс Зөрчлийн тухайн хуульд хууль, Авто тээврийн тухай болон Тэмдэгтийн тухай хуульд өөрчлөлт орууллаа. Өөрөөр хэлбэл, хуульд заасан найман төрлийн шаардлагыг хангасан тохиолдолд 3-10 сая төгрөгийн тэмдэгтийн хураамж төлж, такси үйлчилгээ үзүүлэх зөвшөөрөл авах юм. Тодруулбал, тээвэрлэгчид тавигдах шаардлага нь мэргэжлийн боловсон хүчин болон санхүү, эдийн засгийн чадавхтай, хууль тогтоомж, стандартад нийцсэн зориулалтын тусгай суудлын автомашинтай, тээвэрлэлтийн гэрээ байгуулах ёстой. Бас зүүн талдаа жолооны хүрдтэй, 12-оос доош жил ашигласан тээврийн хэрэгсэл байх шаардлагатай. Тухайн албан ёсны зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж нь татварын өргүй, засвар техникийн тоноглол, дулаан зогсоол, угаалга хийх газар, жолооч нь дүрэмт хувцастай, машин нь таних тэмдэгтэй байх ёстой гэж заасан. Хэрэв зөвшөөрөлгүйгээр такси үйлчилгээ эрхэлбэл хувь хүнийг тав, хуулийн этгээдийг 50 хүртэлх сая төгрөгөөр торгох зохицуулалтыг Зөрчлийн тухай хуульд оруулсан. Ингээд зөвшөөрөл авсан аж ахуйн нэгж такси үйлчилгээ явуулна гэсэн үг. Улмаар зөвшөөрөлгүй такси үйлчилгээ эрхэлдэг иргэдтэй холбоотой гэмт хэрэг буурах юм. Одоогоор Улаанбаатар хотод “UB сab” компанийнхан л дуудлагын үйлчилгээ үзүүлж байгаа. Үүнийг хуульд такси бус, дуудлагын үйлчилгээ гэж өөрөөр зааж өгсөн. Цаашид нийслэлийн удирдлагууд нийтийн тээврийн олон төрөлт үйлчилгээг нэвтрүүлэх бодлого баримталж байна. Энэ хүрээнд бид цахилгаан таксинуудыг үйлчилгээнд нэвтрүүлэхээр ажиллаж буй” хэмээн сүржин гэгч нь амлаж байв. Гэтэл бодит байдалд дуртай үнээ хэлж, дүргүйгээ хүрэхээр хаяад явдаг “халтуурчдад” эл зохицуулалт хамааралгүй аж.
Мөн тухайн үед “UB cab”-ыг таксины бус, дуудлагын үйлчилгээ учраас эл зохицуулалтад хамаарахгүй гэсэн хэрнээ тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүдийнхээ тоонд “хавчуулсан” нь эргэлзээтэй. Яагаад, яг ямар шалтгааны улмаас ингэж шийдсэн талаар нийслэлийн ЗДТГ болон Нийтийн тээврийн бодлогын газрынхнаас тодруулахад хэн ч тоймтой хариу өгөхгүй, бие бие рүүгээ чихэж, асуудлаас мултрахаар хичээж байв. Тэгэхээр иргэд, олон нийт заавал цахим орчинд хашхирч байж л нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар болон Нийтийн тээврийн бодлогын газрын дарга Д.Отгонжаргал нарын чихэнд хүрэх бололтой дог.
У.Цэцэгсүрэн