Туркийн удирдагч Режеп Эрдоантай хэлэлцээр хийхдээ Сирийн түр Ерөнхийлөгч Ахмед аш-Шараа анх удаа гэргий Латифатайгаа хамт ирсэн байна. Туркийн тэргүүн хатагтайтай уулзсаныхаа дараа Латифа ямар нэг мэдэгдэл хийсэнгүй. Латифа аш-Шараа гэгч чухам хэн бэ?
“Хайят Тахрир аш-Шам” Дамаск хотыг эзэлж авснаар Башар Асад гэр бүлээ аваад Москва руу зугтсанаас хойш гурван сар болж байна. Өнгөрсөн хугацаанд босогчдын удирдагч Мохаммед аль-Жулани руу, өнгөрсөн үйл явдалтай холбоотойгоор нууц нэрнээсээ татгалзаж, Ахмед аш-Шараа гэх жинхэнэ нэрээ хэрэглэх болсонд, улсынхаа Ерөнхийлөгчөөр томилогдсонд, дэлхий дахины хэвлэл мэдээллийн олон хэрэгслийн сурвалжлагчтай ярилцсанд, Сирийн гишүүнчлэлийг 10 жил зогсоогоод байсан Арабын лигийн орнуудын удирдагчидтай харилцаагаа “дулааруулсан”-д гол анхаарал чиглэж ирэв.
Сирийн удирдагчийн хувиар гадаад оронд анхны айлчлалаа хийхээр хоёрдугаар сарын эхээр аш-Шараа Саудын Арабт очиж угсаа залгамжилсан хунтайж Мухаммед бин Салмантай нь уулзав. Хүмүүнлэгийн болон эдийн засгийн хамтын ажиллагаа, эрчим хүч, технологи, боловсрол, эрүүлийг хамгаалах салбарын цаашдын төлөвлөгөөний өргөн хүрээтэй асуудлыг хунтайжтай ярилцсан талаар аш-Шараа бичгээр үйлдсэн мэдэгдэлдээ өгүүлжээ.
Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд хийгээд нийгмийн сүлжээ Эр-Риядтай харилцаа холбоогоо бэхжүүлэхээр Сирийн шинэ удирдлагын гаргаж буй чармайлтад төдийгүй аш-Шарааг дагаж ирсэн эмэгтэйд анхаарлаа хандуулсан байна. Сирийн түр Ерөнхийлөгч дараа нь Туркийн Ерөнхийлөгч Режеп Эрдоантай хэлэлцээр хийв. Албан ёсны арга хэмжээнүүдэд Сирийн тэргүүн хатагтай оролцжээ. Латифа ад-Даруби (түүний нэрийг Друби гэж бичих нь элбэг)-гийн албан ёсны намтар гэж хэвлэлээр түгсэн тодорхой юм байхгүй ч түүнийг олны өмнө анх гарч ирснээс хойш Арабын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд гэр бүл, амьдралын нь талаар зарим зүйлийг мэдээлсэн байна. Саудын Okaz сонин Латифа Самар ад Даруби нь Хомс мужаас гаралтай, аш-Шараагийн гурван хүүг төрүүлсэн гэж бичсэн байх юм. Албан бус эх сурвалжаас эш татаж тус сонин энэ эмэгтэй араб хэл, уран зохиолын магистр зэрэгтэй гэж бас мэдээлжээ. Америкийн томоохон хэвлэлүүдийн нэг Ойрхи Дорнодод болсон үйл явдлын талаар голчлон бичдэг “Al Monitor” мэдээлснээр ад-Дарубигийн гэр бүл язгуур угсаа Османы эзэнт улстай холбоотой, өвөг дээдсийнх нь нэг Алаа ад Даруби Османы эзэнт улсын элчин сайд байгаад 1920 онд Сирийн хоёр дахь Ерөнхий сайд болсон ч уг албанд ердөө 26 өдөр болоод алагдсан аж.
1970 оны цэргийн эргэлтийн дараа алавитууд Сирийг олон зуунаар удирдсан суннит язгууртнуудын гэр бүлийг улс төрийн тавцангаас зайлуулжээ. Одоо эдгээр гэр бүл дахин тоглолтод орж ирлээ гэж Италийн La Repubblica сонинд бичсэн байна. Түүнд мэдээлснээр бол Латифа бүсгүй Дамаскад их сургуульд сурч байхдаа аш-Шараатай танилцжээ. 2013 онд энэ хоёр суухдаа аш-Шараа нь “Жебхат ан-Нусра”-гийн удирдагч нэгэнт болчихсон байв. Иргэний дайны үед тэд нууц байдалд аж төрж байжээ. Судлаач Седрик Лабрусс “Асад ч бас Хомсын язгууртан гаралтай бүсгүйтэй суусан байдаг. Энэ хот суннитийн исламын өлгий юм” гэж тэмдэглэсэн байх юм. Ийм гэргий “улс төр, шашин, нийгмийн их идэвхтэй байдаг”, “тэрбээр хүлээн зөвшөөрөгдсөн, нөлөө бүхий гэр бүлийн намбыг хадгалж байдаг” гэж Лабрус твиттер хуудсандаа бичсэн байна. Аш-Шараа ч мөн Сирид хүндлэл хүлээсэн удам судартай нэгэн байв. “Ийнхүү Сирийн Ерөнхийлөгчийнхийг сайн гэр бүлийн хоёр өв залгамжлагч бүрдүүлж байна” гэж судлаач тайлбарласан байна.
Нэгдүгээр сарын эцсээр Дамаск хотноо Сири-Америкийн эмэгтэйчүүдийн төлөөлөлтэй нөхөр нь уулзах үеэр Латифа аш-Шараагийн намтрын нэг чухал зүйл ил болжээ. Сирийн шинэ засаг захиргаа хилийн чанадад байгаа сири хүмүүстэй хэлхээ холбоогоо бэхжүүлж, илүү нээлттэй засаглал бий болгохыг хичээж буй юм байна. Сүүлийн хоёр сард аш-Шараа дэлхийн хэвлэл мэдээллийн олон хэрэгсэлд, түүний дотор ВВС-гийн сурвалжлагчийн асуултад хариулахдаа жихадын (дайн байлдаантай байх) үеийн явдлаасаа татгалзаж, улс орондоо эмэгтэйчүүдийн эрхийг хязгаарлахаас аль болох сэрэмжлэхийг хичээж буйгаа хэлж, алавитуудыг хавчин хяхахгүй хэмээн амлажээ. Алавитууд гэдэг нь шашин-үндэстний бүлэг бөгөөд Сирийн удирдагч асан Башар Асадын гэр бүл үүнд хамаардаг байжээ. Сирийн түр Ерөнхийлөгч Сири-Америкийн эмэгтэйчүүдийн төлөөлөлтэй уулзах үеэрээ чухам эл шалтгаанаар гэргийгээ зочиддоо танилцуулахаар шийдсэн байхыг ч үгүйсгэмгүй. “Бурхан өршөөг, энэ маань миний ганц, надад өөр хүн байхгүй. Нийгмийн сүлжээнээс та бүхний авч буй мэдээлэл бол ердөө л цуурхал” хэмээн аш-Шараа илт наргиан болгож хэлсэн байна. Уг уулзалтад байлцсан Энхтайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Сири-Америкийн холбооны гишүүн, доктор Абдулхафиз Шараф бичихдээ Латифа аш-Шарааг төлөв төвшин залуу эмэгтэйн хувьд хижаб (толгойн өмсгөл) өмсөж, харин никаб (нүүрний хаалт) хэрэглэдэггүй, сири уламжлалаар хувцасладаг гэсэн байдаг. Аш-Шараа “сири эмэгтэйчүүд нийгэмдээ ямагт идэвхтэй, сайн үүрэг гүйцэтгэсээр ирсэн” гэж уулзсан хүмүүстээ итгүүлэхийг хичээдэг байна. Өөрийг нь төлөөлөгчдөд танилцуулсны дараа Латифа яриа хөөрөөнд оролцсон, эсэхийг мэдэхэд төвөгтэй. Ямар ч байсан Сирийн түр Ерөнхийлөгч төлөөлөгчидтэй авхуулсан зураг дотор тэр алга байв.
Энэ уулзалтын дараахан “Economic” сэтгүүлийн сурвалжлагчид “гэргий нь улсынхаа тэргүүн хатагтай болох уу” хэмээн сонирхоход аш-Шараа “Ерөнхийлөгчийн гэргий ийм албатай болдог нь уламжлал юм. Хэрэв “тэргүүн хатагтай” гэх нэртэй алба байдаг бол түүнийг гудамжнаас авчирсан тохиолдлын эмэгтэй хашихгүй” гэж хариулсан байна. Тэргүүн хатагтай нь нийгмийн албанд зүтгэгч болохоос бусдаас түвшин дээр эмэгтэй биш гэж нэмж хэлжээ.
Сирийг олон жил захирч байгаад түлхэн унагаагдсан Башар Асадын гэргий Асма Асад Лондонд төрж өссөн, түүнийг “Арабын Диана гүнж” гэдэг байж. Британийн нийслэлд их сургууль төгсөөд тэрбээр Америкийн “JP Morgan” гэдэг томоохон банканд хөрөнгө оруулалтын асуудал эрхэлж байв. Сирийн эрхийг санамсаргүй атгасан Башар Асад (Сирийн удирдагч байхдаа авто ослоор амиа алдсан Хафез Асадын том хүү)-тай 2000 онд сууснаар Дамаскад амьдрах болжээ.
Асма Асадыг Сирийн дэглэмийн зөөлөн хүч гэж нэрлэдэг, Сирид ойрын үед хийх өөрчлөлт шинэчлэлийг түүний нэртэй холбон найддаг байсан гэдэг. Ойрхи Дорнодын энэ улс түүний ачаар Өрнөдтэй харилцаагаа сайжруулах магадлалтай гэж үздэг байж. Одоо бол 2011 онд сөрөг хүчний эсэргүүцлээс эхэлж, олон мянган хүнийг үхэлд хүргэсэн харгис хатуу иргэний дайны туршид Асадын дэглэмийг дэмжихэд Асмаг гол үүрэг гүйцэтгэсэн гэж үзэх болоод байна. Түүнээс гадна Сирийн тэргүүн хатагтай асан Асма Асадын нэр 20 гаруй жил нөхрийнхөөсөө илүү тус улсын улс төр, санхүүгийн эрх мэдэлтэй холбогдож байжээ. Асмагийн гар эдийн засгийн хамгийн олон салбарт дүрээстэй байж, зуучлагчдаараа дамжуулан тэрбээр теле харилцаа холбоо, үл хөдлөх хөрөнгө, худалдаа гээд бүхэл бүтэн секторуудыг хянаж байсан гэж 2023 онд “Financial times” сонинд бичиж байжээ. Асма Лондон, Парист ямар элбэг хангалуун арилжаа наймаа хийж, эрдэнийн чулуун шигтгээтэй “Christian Louboutin” гутал худалдан авч байхад “жирийн сири хүмүүс тамлуулж, өлбөрч байсан”-ыг “Times” сонин нүдэнд харагдахуйц бичиж байжээ. Энэ эмэгтэй 2012 онд Британи, Европын Холбооны хоригт орж, хөрөнгөө царцаалгаж, эдгээр улсад очихыг нь хориглосон байна. Сирийн тэргүүн хатагтай асан хөхний хорт хавдартай болсныг нь 2018 онд оношилсон ч тэр өвчнийг давж гарчээ. Гэлээ ч цусны болон чөмөгний хорт хавдартайг нь таван жилийн дараа илрүүлсэн байна.
Сирид Асадын дэглэм унасны дараа өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Асма гэр бүлийн хамт Москвад ирэв. Британийн “Telegraph”-д нэрээ нууцалсан эх сурвалжаас эш татан мэдээлэхдээ тэрбээр халдварт өвчин авахаас сэрэмжлэн хүмүүсээс тусгаарлагдсан орчинд зүрхний эмч эцгээ Лондонгоос авчран асруулж байдаг тухай бичсэн байв. Эмчлүүлэхээр Англи руу явахын тулд Орост байхдаа нөхрөөсөө салж болзошгүй гэж зарим хэвлэлд бичиж байгаа ч албан ёсны баталгаа нотолгоо үгүй юм. Гэхдээ Асмагийн Английн иргэний үнэмлэхийн хугацаа аль 2020 онд дууссан гэж Британийн “Times” сонин өнгөрсөн оны эцсээр мэдээлсэн байдаг. Ердөө эрүүл мэндийн байдал дээр нь үндэслэн түүнийг улсдаа нэвтрэхийг зөвшөөрөхгүй гэж Британийн Дотоод хэргийн сайд, хатагтай Иветт Купер мэдэгдсэн тухай бичжээ.
Хоёрдугаар сарын дундуур Асма Асад нийгмийн сүлжээнд “Хэсэг хугацаанд дуугүй байв. Ам нээх цаг ирлээ. Ухаан санаанд арилшгүй мөрөө үлдээдэг амьдралын тийм үе байдаг юм байна. Түүнийг бусадтайгаа хуваалцах цаг ирлээ гэж үү” гэж бичсэн байв.
Энэ хоёр эмэгтэй гадаад төрхөөрөө эрс ялгаатай ч адил төстэй юм тэдэнд бас бий аж. Хоёулангийнх нь ар гэр Хомс хотоос гаралтай, хоёул гурван хүүхэд төрүүлсэн. Латифа гурван хүүтэй, Асма хоёр хүү, нэг охинтой. “Асма Асад хэсэг хугацаанд нөхрийнхөө сүүдэрт байснаа удалгүй энэ айл болон түүнд ойр хүмүүс эдийн засгийн нөөцийн үлэмж хэсгийг гартаа төвлөрүүлж, улс орныхоо байдалд дорвитой нөлөө үзүүлэх болсон” гэж Дорно дахиныг судлаач Марианна Беленьков ВВС-гийн сэтгүүлчид ярьсан байна. Энэ судлаач Латифа аш-Шараагийн гэр бүлийн холбоо сүлбээ ил гарч эхэлсэнд анхаарлаа бас хандуулжээ. “Түүний эгчийн нөхөр нь Дамаскийн амбан захирагчаар томилогдсон гэлцэнэ” гэж Беленьков ярьсан байна.
Сирийн шинэ тэргүүн хатагтай урьдын адилаар нууцлагдмал л хэвээр. Тэрбээр гурван удаа олон түмэнд харагдаад л сураг тасарч. “Сирийн тэргүүн хатагтай олон түмэнд ямраар харагдахыг хэлэхэд төвөгтэй. Гэхдээ нээлттэй удирдагч гэж харагдахыг Ахмед аш-Шараа хүсэж байгаа болохоор гэргийгээ олон түмэнд харуулж л таарна”. Беленькая ийм байр суурьтай байна. Одоогийн нөхцөл байдал шаардаж байхад аш-Шараа гэргийгээ нууцлаад байхгүй. “Одоо бол Сирид тавьсан хоригийг цуцлуулж, “Хайят Тахрир аш-Шам”-ыг алан хядагч гэх жагсаалтаас хасуулах нь л нэн чухал байгаа болохоор байнга ийм байхгүй. Сирийн шинэ эрх баригчид олон улсын хамтын нийгэмлэгээр хүлээн зөвшөөрөгдвөл гэргийгээ олон түмний өмнө гаргаад байх шаардлага аш-Шараад байх нь юу л бол” гэж Дорно дахины судлаач Руслан Сулейманов сэтгүүлчидтэй ярилцахдаа хэлжээ.
“Хайят Тахрир аш-Шам” Идлиб мужийг хяналтдаа байлгаж байхад аш-Шараа эхнэрээ хүмүүст харуулдаггүй байж. Шинжээчийн хэлснээр тус бүлэглэл болон ислам шашинтнууд гэргий төдийгүй гэр бүлээ бусдад харуулахыг цээрлэдэг аж. Арабын ертөнцийн орнуудын нөлөө бүхий эмэгтэй, тэргүүн хатагтайн ганц жишиг дүр нь Асма Асад биш болохыг хоёр шинжээч зөвшөөрч байна. Катарын эмир асны гэргий, одоогийн эмирийн эх “Өрнөдөд боловсрол олсон, Катарыг хөгжүүлэх, орчин цагийн өнгө төрхтэй болгоход” их юм хийсэн хатагтай Моза болон Саудын Арабын анхны хааны эгч Нура Аль Сауд нарыг Марианна Беленькая дурслаа. Арабын орнуудын тэргүүн хатагтай нарын нөлөөллийн түвшин юунаас хамаардгийг тайлбарлахдаа Египетийн Ерөнхийлөгч болон Иорданий хааны хатан нараар Сулейманов жишээ болгожээ. Эдгээр эмэгтэй олны нүдэнд харагдаж, нийгмийн идэвхтэй үйл ажиллагаа явуулж, сэтгүүлчдийн асуултад хариулдаг байжээ. Жишээ нь, Иорданы хааны хатан Рания ал-Абдуллаг палестинчуудыг өмгөөлж хамгаалсны төлөө Арабын ертөнц онцгой хүндэлж байсан аж.
Р.Жаргалант