МУИС-ийн улс төр судлалын III дамжааны оюутан, “Чикара кэндо” клубийн тамирчин М.Билгүүндарь сүүлийн үед цахиур хагалж, дотоод, гадаадын тэмцээнээс медаль хүртэх болсон. Холбоодын нэгдсэн УАШТ-ий эмэгтэйчүүдийн багийн төрөлд алтан медаль хүртсэн тэрбээр Монголын кэндогийн холбооны нэрэмжит сорил тэмцээнд түрүүлж, Хонконгийг зорих эрх гардсан юм. Тэнд энэ сарын эхээр зохион байгуулсан кэндогийн 21 дахь удаагийн олон улсын тэмцээнд тэрбээр багийнхантайгаа оролцож, тулааны эхний өдөр I, II дангийн ганцаарчилсан төрөлд хүрэл медаль хүртсэн билээ.
-Хонконгод зохион байгуулсан кэндогийн олон улсын тэмцээнээс хүрэл медаль хүртсэнд уншигчдынхаа өмнөөс баяр хүргэе. Тэнд хөл тавьсан анхны өдөр ямар сэтгэгдэл төрүүлснээс ярилцлагаа эхэлье.
-Баярлалаа. Онгоцноос буугаад л би нээрэн энд ирчихлээ. Олон улсын тэмцээнд оролцох нь гэх бодит байдлыг мэдэрсэн. Хэт их догдолж, сандран өөрийгөө хүнд бодлоор ачаалах нь сэтгэл зүйг тогтворгүй болгодог. Тиймээс хөл тавьсан өдрөө тэмцээнээ эхлүүлсэн гэж хэлж болно.
-Олон улс кэндог хөгжүүлэхийн хэрээр тэмцээн улам өрсөлдөөнтэй болж байна. Та энэ удаагийн тэмцээнээс юуг хамгийн түрүүнд олж харав?
-Гадаадын тамирчид сэтгэл зүй, тулааны эрч хүч, мэдрэмж, зөн совин, туршлага гээд бүх зүйлдээ анхаарал хандуулж, бэлтгэлээ сайтар базаасан харагдсан. Манайхан хамгаалалт их хийдэг ч угсарч тасралтгүй дайрах нь бага ажиглагдлаа. Бид одоо бэлтгэл хийхдээ аль болох тоглолтын эрч хүчээ удаан хадгалдаг, угсраа дайралт хийх тал дээр түлхүү ажиллана. Дэлхийн олон орны иргэд кэндог сонирхон, шаргуу хичээллэж байна. Тэднээс илүү тулалдахын тулд юугаараа ялгарч, өөрийн бодолд байдаг төгс кэндог хөгжүүлэх вэ гэдэгт чухалчлан суралцана.
-Дотоодын томоохон тэмцээнүүдэд оролцож, ур чадвараа ахиулсан тань хилийн дээс алхахад нөлөөлсөн болов уу?
-Жил бүр зохион байгуулдаг холбоодын УАШТ их нөлөөлсөн. Миний хувьд тус тэмцээнд оролцохдоо алдаа дутагдлаа мэдсэн. Тулааны үед сэтгэл зүйгээ тайван байлгах хэрэгтэйг ухаарсан юм. Хэт их улайрах, найдлага тавьж, дарамт мэдрэх нь тэмцээний үед хамгийн сайн чаддаг зүйлийг минь чадахгүйд хүргэдэг юм билээ.
-Таныг тулааны урлагаар хичээллэтэл хүчтэй нөлөөлсөн зүйл юу бол?
-Багаасаа тулааны урлагаар хичээллэхийг хүсдэг байв. Гэхдээ боломж олдохгүй явсаар их сургуулийн I дамжаагаа төгсөөд 2023 онд “Зун гурван сарыг үр дүнтэй өнгөрүүлж, спортын ямар нэг төрлөөр хичээллээд үзье” гэж шийдээд кэндотой нөхөрлөсөн. Хүмүүс хурд, хүч, сэтгэл догдлол, зорилго мөрөөдөлтэй байхын сайхныг мэдрэх дуртай шүү дээ. Би ч гэсэн ийм мэдрэмжийг мэдрэх хүсэлтэй байсан. Гэхдээ одоо бол миний хувьд кэндо үүгээр хязгаарлагдахгүй.
-Спортын ертөнц төсөөлшгүй зүйлсээр баялаг. Бэлтгэл хийх, тэмцээнд оролцох, хичээлдээ явах гээд цаг хугацаатай уралдаж гүйх заримдаа амаргүй санагддаг биз?
-Амаргүй санагдах үе олон. Гэхдээ хийж буй зүйлээсээ сэтгэл ханамж авах урам зориг өгдөг. Хүний амьдралд эргээд харахад дурсамж, мэдрэмж л үлддэг. Сайнтай, муутай бүх туршлага, мэдрэмжээ нандигнан хадгалах хэрэгтэйг кэндо надад ойлгуулсан. Хамгийн том ялагдал минь хүртэл мартах учиргүй мэдрэмжийг төрүүлдэг. Өдий хүртэлх туршлага, үзэж туулсан зүйлс одоогийн намайг бүтээж байгаа болохоор саад бэрхшээлтэй тулгарч, ядрах нь өчүүхэн мэт санагддаг.
-Бэлтгэл хийсэн анхны өдрөө тамирчид хэзээ ч мартдаггүй. Танд содон сонин мэдрэмж төрүүлсэн байх.
-Бэлтгэл хийсэн эхний өдөр их сонирхолтой санагдсан. Кэндод бүх зүйл дэс дараатай. Хувцас, хамгаалалтын хэрэгслээ өмсөх гээд тодорхой цаг хугацаанд бэлтгэл хийдэг. Тэр өдөр шинай буюу хулсан сэлэм барин клубийнхээ (дай-сэнпай) У.Амарбаатар багшаар үндсэн дасгалаа эхлүүлсэн. Дараа нь “Чикара кэндо” клубийн дасгалжуулагч Д.Чинбилэгт багшаар кэндогийн тулааны суурь, арга барил, техникийг заалгаж байлаа. Одоо ч багшийнхаа удирдлагад хичээллэж, ур чадвараа ахиулсаар байна.
-Тулааны урлагийн төрлөөс кэндо олон зүйлээр өвөрмөц санагддаг. Уламжлалт дэг жаяг, соёлоос нь түрүүлж сурсан зүйл тань юу вэ?
-Кэндогийн утга учрыг нь анх төдийлөн ойлгодоггүй байв. Сэлмээ хэрхэн барих, савах буюу хөлөө хэрхэн ажиллуулах зэргээр гаднах өнгөц зүйлийг нь л сурлаа. Одоо кэндо хэмээх философи руу өнгийж эхэлж байна. Сэтгэлийн амар амгалан, сонор сэрэмж, хувийн сахилга баттай байхыг ойлгон, өдөр тутмын амьдралдаа хэрэгжүүлж байгаа.
-Хичээллэх шийдвэр гаргахад ойр дотнын тань хүмүүс хэрхэн хүлээж авав?
-Манайхан эхэндээ “Чиний хийх зүйл мөн үү, аюулгүй байх болов уу, бэртэж гэмтвэл яана” гэдэг байлаа. Тэд кэндог миний ирээдүйд хэрэг болох, эсэхэд эргэлзэж байв. Тухайн үед дөнгөж оюутан болж байсан учир хичээлээ цалгардуулах вий гэж их бодсон. Бэлтгэлтэй өдрүүдэд хөл, гар цэврүүтэж, хөх эрээн болоход санаа нь зовнидог байсан шүү. Тэр үеийг бодвол одоо миний хамгийн үнэнч хөгжөөн дэмжигч болжээ.
-Тамирчид аливаа зүйлд амархан бууж өгөхийг хүсдэггүй. Илд барьсан тэр өдрөөс кэндо таныг ч гэсэн ийм чанарт сургасан болов уу гэж бодлоо.
-Кэндо бууж өгөхгүй зантай гэхээс илүү юуны төлөө хичээх ёстой вэ гэдгийг алхам алхмаар мэдрүүлдэг. Аливаа зүйлийг харах өнцөг минь их өөрчлөгдсөн. Ямар нэг зүйл болоход хамгийн түрүүнд өөрөөсөө алдааг хайж, тайвнаар хандах хэрэгтэй. Тулааны үед өрсөлдөгчөө дайсан гэж харахгүйгээр миний ялан дийлэх ёстой хүн бол би өөрөө юм гэдгийг ойлгосон.
-Тулааны урлагт хөл тавьснаа амьдралдаа хийсэн хамгийн зөв алхам гэж боддог уу. Таныг өмнөхөөс тань хэр өөрчлөв?
-Амьдралдаа хийсэн зөв алхмуудын нэг мөн. Давуу талыг минь нээсэн гэж боддог. Ачаалал даах чадвар, сэтгэл хөдлөлөө хэрхэн удирдах, богино хугацаанд оновчтой шийдвэр гаргах, өөрийн болон бусдын сэтгэл хөдлөлийг мэдрэх, өдөр тутамд тунгаан бясалгах чадварыг суулгасан. Кэндо өөрийгөө болон бусдыг хүндэтгэхийн утга учрыг тухайн тамирчинд маш сайн заадаг. Их хотын стресс бухимдалтай өнөөгийн нийгэмд хүмүүс энгийн зүйлийн утга учрыг ч анзаарах сөхөөгүй амьдарч байна. Нэгэнтэйгээ инээмсэглэн харилцах наад захын зүйл үл ажиглагддаг. Кэндо надад эдгээр зүйлийг буцаан авч ирсэн.
-Амжилтаа ахиулахад тамирчдад тэмцээнээс хүртсэн медалиуд нь их нөлөөлдөг юм билээ. Анхны шагнал урам өгч, өөдрөг дурсамж үлдээсэн биз?
-Хонконгод зохион байгуулсан тэмцээн маш сайн туршлага боллоо. Их зүйлийг ч бодогдуулсан. Олон улсын тэмцээнээс хүртсэн хүрэл медаль маань хойшид улам их хичээх ёстойг мэдрүүллээ, бас харууллаа. Дараагийн тэмцээнд өмнөхөөс илүү ур чадвар, чансаа шаардсан, хүчирхэг өрсөлдөгчидтэй таарах байх.
-Хүчтэй өрсөлдөгчтэй байна гэдэг өөрийгөө хөгжүүлэх хөшүүрэг болдог. Тэмцээнд ялахын тулд ямар тактик боловсруулдаг вэ?
-Өмнө нь өрсөлдөгчдөө судалж байгаагүй. Цаашид чадвараа сайжруулсныхаа дараа судалж эхэлнэ. Тулаанд тактик ашигладаггүй. Тухайн цаг мөчид хаашаа хэрхэн эргэхийг хэн ч мэдэхгүй. Хамгийн гол нь сэтгэл зүйгээ тайван байлгахад бодол цэвэр, зөв сэтгэж чаддаг. Тэр үед л тулааны хэмнэлийг гартаа авч, хүссэн арга барилаа ашиглах боломжтой.
-Бэлтгэл хийхгүй хэд хоновол нөхдөө үгүйлдэг үү. Клубийн тань хамт олон зорилго, тэмүүллээрээ хэр нэгдэж чаддаг вэ?
-Бэлтгэл хийхгүй хэд хоновол бага зэрэг төсөөрсөн байдаг. Үүгээр хичээллэхэд хамт олны уур амьсгал чухал. Клубийнхэн минь зорилго, тэмүүллээрээ нэгдэж чаддаг. Нэгийгээ дэмжиж, хурцална. Бид бусад клубийн тамирчидтай ойр дотно нөхөрлөж, сар бүр тэмцээн зохион байгуулан туршлагаасаа хуваалцдаг. Кэндод хүсэл сонирхлоороо нэгдсэн хүн олон бий.
-Бэрхшээлтэй тулгардаггүй тамирчин хаана ч байхгүй. Шантраад эргэж буцахад тань хэн хурцалж, урагшлуулав?
-Хайртай гэр бүл минь. Ойр дотнын хүмүүс, клубийн хамт олон хэцүү үед түшиг тулгуур болдог. УАШТ-д өрсөлдөгчдөө ялагдчхаад гэртээ ороод л ээждээ тэврүүлж хэдэн минут тасралтгүй уйлснаа санаж байна. Хойшид байнга уйлж очоод байвал гэрийнхний минь сэтгэл өвдөх байх. Тиймээс ялагдал бол миний хичээх ёстой шалтгаануудын маань нэг.
-Кэндогоор хичээллэдэг залуус хувцас, илдэндээ хүндэтгэлтэй ханддаг. Тэр хэрээр ёс зүй, амьдралын ухаанаас суралцдаг юм шиг ээ.
-Тийм ээ. Кэндогийн ёс зүй, дэг жаяг өөртөө болон өрөөлд хэрхэн хандах, эдэлж хэрэглэж буй зүйлсээ арчлан хамгаалах, цаашлаад оюун санааны сахилга бат, хүндлэл, шударга байдлыг эрхэмлэхийг тухайн хүний сэтгэхүйд суулгадаг. Эдгээр зүйлээс суралцаж, амьдралдаа бага багаар хэрэгжүүлж байгаа. Хүн болгонд этгээд өвөрмөц зан байдаг. Миний хувьд тэмцээний өмнө сэлэмтэйгээ (шинай) ярилцдаг. Өөрийгөө даатгаж, хамтрахыг хүсдэг гэх үү дээ.
-2025 онд хаана болох тэмцээнүүдэд багийнхантайгаа оролцохоор төлөвлөж байна вэ?
-2025 онд тэмцээний салхи хаашаа чиглүүлэх вэ, тэр зүг рүү Монголын тамирчид зорих байх даа.