Энэтхэг-Монголын найрамдлын ЕБС-ийн барилгын ажил эхлэв
Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд буцалтгүй тусламжийн хөрөнгөөр "Энэтхэг-Монголын найрамдалт дунд сургууль байгуулах" төслийг Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт Энэтхэг Улсын 100 хувийн буцалтгүй тусламжийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэхээр гүйцэтгэгч байгууллага шалгарч, барилга угсралтын ажил Монгол Улсын норм дүрмийн дагуу эхэлж байна.
2024-06-16
11 зусланд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд хүлээн авна
Улсын хэмжээнд хүүхдийн 55 зуслан бүртгэлтэй байдаг аж. Тэдгээрээс 23 нь энэ жил үйл ажиллагаа явуулж, хүүхдүүд хүлээн авч эхэлжээ. Тэгвэл тэдгээрээс тал орчим хувь буюу 11 нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг амраах боломжтойгоо мэдэгдсэнийг Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газраас өчигдөр мэдээлэв. Эдгээр зуслангийн долоо нь Улаанбаатар хот орчимд, гурав нь Төв, нэг нь Сэлэнгэ аймагт байрладаг юм байна. Тухайлбал, нийслэл орчимд “Маргаашийн хөгжил”, “Баянгол”, “Нарс”, “Жавхлант”, “Анар”, “Сансар” зуслан болон олон улсын “Найрамдал” төвд хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд амрах боломжтой. Төв аймагт “Цагаан нуга”, “Мөрөөдөл”, “Цоглог” зуслангийнхан ийм боломж бүрдүүлжээ. Сэлэнгэд “Жаргалант сувилал” зуслангийнхан хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг хүлээн авах юм байна.
2024-06-14
МУИС-д Солонгос судлалын уншлагын танхим нээв
МУИС-ийн номын санд өчигдөр Солонгос судлалын уншлагын танхим нээлээ. Тус танхимыг солонгос хэлээрх ном сурах бичгээр бүрэн хангасан гэнэ. Мөн сүүлийн үеийн тоног төхөөрөмжүүд суурилуулж, оюутнуудын суралцах боломжийг бүрдүүлжээ. Цаашид номуудыг нь цахимаар судлах боломжийг ч нээхээр ажиллаж буй гэнэ. Бусад сургуулийн оюутнууд МУИС-ийн номын сангийн журмын дагуу үйлчлүүлэх боломжтой. Тэрхүү журмын дагуу хувийн сургуулийн суралцагчид төлбөр төлж үйлчлүүлдэг. Харин төрийн өмчийн сургуулийн оюутнууд үнэ төлбөргүй үйлчлүүлдэг аж.
2024-06-13
Өв соёлоо таниулсан хөтөлбөртэй зуслангуудыг дэмжинэ
Хүүхдийг амьдрах ухаанд сургах, монгол өв соёл, уламжлалаас суралцахад чиглэсэн хөтөлбөртэй зуслангуудын үйл ажиллагааг Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар (ХГБХХЕГ)-аас дэмжих нь. Ийм хөтөлбөртэй зуслангуудын хүсэлтийг хүлээн авч, шаардлага хангасанд нь 10 сая төгрөгийн дэмжлэг олгох гэнэ. Үүний тулд хүүхдийн зуслангуудын хөгжлийн хөтөлбөрүүдтэй танилцаж, шалгах юм байна. Тэдгээрээс өв соёл, уламжлалаа таниулахад чиглэсэн шилдэг хөтөлбөрүүдийг шалгаруулах гэнэ. Оролцогчдын материалыг маргааш хүртэл хүлээн авна.
2024-06-12
Улаан загалмайн Хүүхэд, залуучуудын хөдөлгөөнийхөн цугларна
Монголын Улаан загалмай нийгэмлэгийн 85 жилийн ойг угтан Хүүхэд, залуучуудын хөдөлгөөний “Үндэсний зуслан цугларалт-2024”-ийг“Найрамдал” зусланд энэ сарын23-30-нд зохион байгуулна. Улаан загалмай нийгэмлэгээс Хүүхэд, залуучуудын хөдөлгөөний гишүүд хоорондын хамтын ажиллагааг энэхүү арга хэмжээгээр дамжуулан дэмжихийг зорьдог аж.
2024-06-12
Элсэлтийн шалгалтад оролцох хүүхдүүдэд сэтгэл зүйн зөвлөгөө өгч байна
Элсэлтийн шалгалт өгөх хүүхдүүдэд зориулан мэргэжлийн сэтгэл зүйчид зөвлөх нь. Тэд өнгөрсөн гуравдугаар сарын1-нээс ийнхүү зөвлөгөө өгч эхэлжээ. Энэ хугацаанд нийт 550 гаруй хүүхэд чатбокс, утсаар бүлгийн болон ганцаарчилсан зөвлөгөө авсан байна. Сэтгэл зүйчид ирэх сарын 10 хүртэл зөвлөх бөгөөд Боловсролын үнэлгээний төвийн чатбокс, 8808 1549, 8955 1549 дугаарын утсанд ажлын өдрийн 08.30-17.30 цагийн хооронд холбогдож болох аж. Саяхан болж өнгөрсөн улсын шалгалтад тааруу дүн авсантай холбоотойгоор элсэлтийн шалгалтад санаа зовниж буй талаараа цөөнгүй хүүхэд хуваалцаж, сэтгэл зүйчээс зөвлөгөө авчээ. Мөн шалгалтдаа шаргуу бэлдсэний улмаас хүүхдүүдэд нойр, хоолны асуудал үүссэн гэнэ.
2024-06-12
Үндэсний номын сангаар үйлчлүүлэх уншигчдын тоо нэмэгдсээр байна
Монгол Улсын Үндэсний Номын сангийн шинэ байр Салбар номын санд ирж үйлчлүүлж буй уншигчдын тоо өдөр ирэх тусам нэмэгдэж байна. Шинэ байрны үйл ажиллагаа эхэлснээс хойших 10 хоногийн хугацаанд 1000 гаруй хүн шинээр уншигчийн үнэмлэх нээлгэжээ. Үүний дийлэнхийг ЕБС-ийн сурагчид эзэлж байгаа билээ. Улмаар төв байрандаа 16-аас дээш насны иргэдэд үйлчилдэг байсан бол шинэ байрны үйл ажиллагаа насны хязгааргүй болсон юм.
2024-06-11
Шинжлэх ухаан, технологийн салбарт Тайваньтай хамтарна
Шинжлэх ухаан, технологийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд Тайваний худалдаа, эдийн засгийн Улаанбаатар дахь төлөөлөгчийн газар болон Тайваний Үндэсний шинжлэх ухаан, технологийн зөвлөл дэмжлэг үзүүлэн ажиллахаа илэрхийллээ.
2024-06-11
Зудад өртсөн хүүхдүүдэд дасгал ажлын дэвтэр хүргэнэ
НҮБ-ын Хүүхдийн сангийн дэмжлэгтэйгээр “Миний анхны сурах бичиг” дасгал ажлын дэвтэр хэвлүүлээд буйгаа Боловсролын ерөнхий газраас мэдээлэв. Эхний ээлжид 1000 дэвтэр хэвлэсэн бөгөөд тэдгээрийг Архангай, Дорнод, Дорноговь, Дундговь, Говьсүмбэр, Хэнтий, Сүхбаатар, Төв, Завхан зэрэг аймгийн өвөлжилт хүндэрсэн, зудад өртсөн сумууд дахь 4-5 настай хүүхдүүдэд хүргэх гэнэ. Бага насны хүүхдийн хөгжил, боловсролын талаарх судалгаа дүн шинжилгээ, дэвшилтэт арга зүйд тулгуурлан энэхүү дэвтрийг гаргаснаараа онцлогтой аж. Сургуулийн өмнөх боловсролын сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэх, эцэг, эх, асран хамгаалагчид хүүхдээ сургуульд амжилттай бэлтгэхэд туслах мэргэжлийн баг үүнийг боловсруулжээ. Мөн бусад хүүхэд ч уг дэвтрийг ашиглах боломж бүрдүүлэхийн тулд цахим орчинд байршуулаад буй юм байна.
2024-06-11
“Монголын нууц товчоо”-ыг брайл үсгээр хэвлэжээ
Харааны бэрхшээлтэй иргэдэд зориулан брайл, кирилл бичгээр “Монголын нууц товчоо”-ыг бүтээжээ. Мөн харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан ярьдаг хувилбарыг ч гаргасан байна. Энэхүү бүтээлийг Үндэсний номын сангийн шинэ салбарт өчигдөр нээлээ. Соёлын яамны санхүүжилтээр Чингис хааны өв, соёлын хүрээлэнгээс уг номыг эрхлэн гаргажээ. Үүгээр харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан номын хүрэлцээг нэмэгдүүлэхийг зорьсон аж. Мөн монголчуудын бахархалт үеийн түүх, эзэн богд Чингис хааны үлдээсэн өв соёлыг түгээн дэлгэрүүлэх зорилготой гэнэ.
2024-06-11
Олон улсын шалгалтын үнэлгээг элсэлтийн шалгалтынхтай дүйцүүлж болох нь
Тодруулбал, тус цахим хуудасны “Элсэлтийн шалгалт” гэсэн цэсэд нэвтэрч “Дүйцүүлэх” гэдгийг дарах гэнэ. Ингээд элсэлтийн шалгалтад бүртгүүлсэн бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан системд нэвтэрч, холбогдох мэдээлэл болон материалаа зааврын дагуу оруулан бүртгүүлэх юм байна. Ингэхдээ үнэлгээ дүйцүүлэх тухай хүсэлт, төрсний гэрчилгээ, эсвэл иргэний үнэмлэхийн болон үнэлгээнд дүйцүүлэх хөтөлбөрийн сертификат буюу дүнгийн хуудасны хуулбар зэрэг материалыг бүрдүүлэх аж. Хүсэлтийг энэ сарын 15-ныг дуустал хүлээн авах бөгөөд Боловсролын үнэлгээний төвийнхөн ажлын 10 хоногт багтаан шийдвэрлэх гэнэ. Тус төвд жилд 2000 гаруй оюутан дүйцүүлэх хүсэлтээ илгээдэг аж. Ингэснээр олон улсын болон элсэлтийн шалгалтын аль өндөр оноогоороо их, дээд сургуульд элсэх боломжтой.
2024-06-11
Азийн физикийн олимпиадаас хос хүрэл медаль хүртжээ
Малайз улсад зохион байгуулж буй Азийн физикийн 24 дүгээр олимпиадаас манай улсын сурагчид хос хүрэл медаль хүртжээ. Мөн хоёр сурагч шагналт байрт шалгарсан байна. Тодруулбал, нийслэлийн нэгдүгээр сургуулийн сурагч М.Мөнх-Оргил, “Сант” сургуулийн Г.Азжаргал нар хүрэл медалийн эзэн болжээ. Тэгвэл “Сант” сургуулийн сурагч С.Атархүү, Дархан-Уул аймгийн “Од” сургуулийн сурагч Г.Амармэнд нар шагналт байр эзэлсэн аж.
2024-06-10
Төрийн залуу албан хаагчдыг Японд мэргэшүүлнэ
Монгол Улс уг хөтөлбөрт 2001 оноос хамрагдаж өнөөгийн байдлаар нийт 416 албан хаагчид Япон Улсын их дээд сургуулиудад суралцан, санхүү, эдийн засаг, хууль, эрх зүй, уур уурхай, боловсрол, эрүүл мэндийн чиглэлээр мэргэжил, боловсрол, ур чадвараа дээшлүүлэв.
2024-06-09
ШУА-ийн их сургуульд магистр, докторын түвшнийхнийг элсүүлэхээр болжээ
Шинжлэх ухааны академи (ШУА)-ийн их сургуулийг өчигдөр нээлээ. Тус сургуульд палеонтологи, археологи зэрэг тэргүүлэх 5-6 чиглэлийн мэргэжилтнүүдийг бэлтгэх нь. Ингэхдээ магистр, докторын түвшний суралцагчдыг эгнээндээ нэгтгэх бөгөөд судалгаанд суурилсан хичээлийн төлөвлөгөөтэй. Өөрөөр хэлбэл, суралцагчид ШУА-ийн нарийн мэргэжлийн эрдэмтэдтэй хамтран судалгаа хийж, мэдлэг хуримтлуулна. Ингэснээр суралцагчид судалгаагаа эдийн засгийн эргэлтэд оруулах, бодлого боловсруулах түвшинд ч ашиглах боломж бүрдэх нь.
2024-06-07
Соёлын өвийг таниулах өдөрлөг зохион байгуулав
“Тэгш хүртээмжтэй музей, хүүхэд бүхэн хөөрхөн” өдөрлөг Чойжин ламын сүм музейд өчигдөр боллоо. Уг арга хэмжээг Чойжин ламын сүм музей, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар хамтран зохион байгуулсан юм. Дөрөв дэх жилдээ болсон уг өдөрлөг нь тусгай хэрэгцээт хүүхэд багачуудад соёлын өвийг танин мэдэх, хайрлан хамгаалах, бахархах сэтгэлгээг бий болгох, төлөвшүүлэх зорилготой.
2024-06-06
Монгол Улсын залуу төрийн албан хаагчид Япон Улсын их, дээд сургуулиудад сурна
Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар хэрэгжих “Хүний нөөцийг хөгжүүлэх тэтгэлэгт хөтөлбөр”-ийн ноот бичигт гарын үсэг зурав. Тодруулбал, зургадугаар сарын 5-ны өдөр, 290 сая иен хүртэлх үнийн дүн бүхий “Хүний нөөцийг хөгжүүлэх JDS тэтгэлэгт хөтөлбөр”-ийн солилцох ноот бичигт Элчин сайд М.Игавахара болон Сангийн сайд Б.Жавхлан нар гарын үсэг зурав.
2024-06-06
МУИС, АШУҮИС-ийн элсэлтийн бүртгэл эхэллээ
Их, дээд сургуулиуд ирэх хичээлийн жилд оюутан элсүүлэх бүртгэлээ эхлүүллээ. Одоогоор МУИС, АШУҮИС, СУИС-иас элсэлтийн бүртгэлээ эхлүүлээд буй юм. МУБИС-ийн элсэлтийн бүртгэл үргэлжилж буй. Харин бусад сургуулийн хувьд тов нь хараахан гараагүй байна. МУИС-ийн бүртгэл ирэх сарын 8 хүртэл үргэлжилнэ. Тус сургуулийн burtgel.num.edu.mn сайтаар бүртгүүлэх боломжтой. АШУҮИС-ийнх ирэх сарын 9 хүртэл үргэлжилнэ. МУБИС ирэх сарын 1 хүртэл элсэгчдээ бүртгэх нь. Энэ жилийн элсэлтийн ерөнхий шалгалт долоодугаар сарын 4-ний өдрөөс эхлэх бөгөөд ЭЕШ-д 35 939 шалгуулагч оролцох аж. Их, дээд сургуульд элсүүлэх босго оноо 400-480 байна.
2024-06-06
Ерөнхий боловсролын бүх сургууль сэтгэл зүйчтэй болно
Боловсролын салбарынхан 2023-2024 оны хичээлийн жилийн зорилго, зорилтдоо хүрсэн, эсэх, хэрхэн биелүүлснээ дүгнэж, өчигдөр цахимаар хуралдав. Боловсролын тухай багц хуулийг шинэчлэн баталж, эрх зүйн шинэ орчинд ажилласныг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан хурлын эхэнд онцолсон юм. Багц хуулийн хүрээнд зургаан чиглэлийн шинэчлэлийг эхлүүлжээ. Таван жилд нэг удаа тохиодог багш нарын VIII их хурлыг амжилттай зохион байгуулсныг ч дурдсан юм. Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсрол, насан туршийн, их, дээд сургууль гэсэн ангиллаар салбар хуралдааныг зохион байгуулав. Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын хичээлийн жилийн зорилтын 85.7, мэргэжлийн, техникийн сургуулийнхыг 76 хувьтай биелүүлсэн гэж салбарын яамныхан нь тодорхойлов.
2024-06-06