Улсын хэмжээнд хүүхдийн 55 зуслан бүртгэлтэй байдаг аж. Тэдгээрээс 23 нь энэ жил үйл ажиллагаа явуулж, хүүхдүүд хүлээн авч эхэлжээ. Тэгвэл тэдгээрээс тал орчим хувь буюу 11 нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг амраах боломжтойгоо мэдэгдсэнийг Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газраас өчигдөр мэдээлэв. Эдгээр зуслангийн долоо нь Улаанбаатар хот орчимд, гурав нь Төв, нэг нь Сэлэнгэ аймагт байрладаг юм байна. Тухайлбал, нийслэл орчимд “Маргаашийн хөгжил”, “Баянгол”, “Нарс”, “Жавхлант”, “Анар”, “Сансар” зуслан болон олон улсын “Найрамдал” төвд хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд амрах боломжтой. Төв аймагт “Цагаан нуга”, “Мөрөөдөл”, “Цоглог” зуслангийнхан ийм боломж бүрдүүлжээ. Сэлэнгэд “Жаргалант сувилал” зуслангийнхан хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг хүлээн авах юм байна.
Манай улсад зусланд амрах насны 680 мянга гаруй хүүхэд бий аж. Тэдгээрээс ердөө 7.6 хувь буюу 73 мянга гаруй нь өнгөрсөн онд зуслангуудад амарчээ. Эл үзүүлэлтийг цаашид өсгөхийн тулд зуслангуудын тоог нэмэгдүүлэх, тогтвортой үйл ажиллагаа явуулахад нь дэмжлэг үзүүлэх, хөрөнгө оруулалтыг нь сайжруулахад анхаарч буйгаа Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрынхан мэдээлсэн. Түүнчлэн энэ жил зорилтот бүлгийн 10 мянга гаруй хүүхдийг зусланд үнэ төлбөргүй амраахаар төлөвлөсөн гэнэ.
Ташрамд дурдахад, зусланд амрах дундаж үнэ Улаанбаатар хотод хоногийн 50-70 мянган төгрөг байгаа аж. Орон нутгийн зуслангуудын хувьд нэг хоногийн төлбөр нь дунджаар 35 мянган төгрөг юм байна.
Бэлтгэсэн М.Оч