“Бурхны хүү Баярбаатар” нэрээрээ цахим орчинд танигдсан иргэн Б.Баярбаатар үзэл бодлоо илэрхийлснийхээ төлөө 30 хоног баривчлах шийтгэл хүлээгээд буй билээ. Үүнтэй холбоотойгоор цахим орчинд үзэл бодлоо илэрхийлснийх нь төлөө иргэнийг баривчлан хорих ёсгүй гэж олон нийт шүүмжилсээр байгаа юм. Б.Баярбаатар ч АН-ын дэргэдэх Хүний эрхийн хорооноос дэмжлэг хүссэн захидлыг ШШГЕГ-ын харьяа Баривчлах төвөөс бичжээ. Тэрбээр захидалдаа “Миний бие 2025 оны нэгдүгээр 10-нд Зөрчлийн тухай хуулийн 5.2-т заасны дагуу 30 хоног баривчлах шийтгэл хүлээсэн. Уг шийтгэлийг би хүлээн зөвшөөрөхгүй байна. Зөрчлийн тухай хуулийн 5.2 буюу танхайрах гэмт хэрэг гэдэг нь олон нийтийн дунд үйлдэгдэх гэмт хэргийг томьёолсон зүйл заалт. Гэтэл үүнийг сошиалаар танхайрах гэмт хэрэг болгож гуйвуулж шийтгэсэнд гомдолтой байна. Би үзэл бодлоо ихэвчлэн элэглэл, комеди хэлбэрээр илэрхийлдэг. Миний шийтгүүлсэн рийл бичлэг ч ийм байсан. Элэглэл нийтэлснийхээ төлөө ял авсан дэлхийн анхны хүн болчих шиг боллоо. Элэглэлийг доромжлол, танхайрал гэж үздэг шүүх, шүүгчтэйд үнэхээр хэлэх үг алга. Ийм хоцрогдсон, коммунист цагдаа, прокурор, шүүхтэйд үнэхээр харамсаж байна. Лайв, рийл, сошиал коммент, хип хоп дуу, комеди хийдэг, сошиал пост, коммент бичсэн хүмүүсийг ч энэ заалтаар хорих эрсдэлтэй боллоо. Өөрөөр хэлбэл, нийгэмдээ санаа зовдог бүх хүнийг айлган сүрдүүлж, заналхийлж, үгэнд ор, үгүй бол шоронд ор гэж заналхийлж буйд маш их харамсаж байна, анхаараарай” гэж дурджээ.
Түүний эхнэр хөл хүнд, удахгүй амаржих гэж байгаа аж. Мөн өөрөө мэс засалд ороод удаагүй учраас батлан даалтад гарахын тулд Хүний эрхийн хорооноос эрх зүйн дэмжлэг хүссэн аж. Тус хорооныхон иргэн Б.Баярбаатартай уулзан, шүүхэд давж заалдах, батлан даалтад гаргахад нь туслалцаа үзүүлэхээр ажиллаж буйгаа мэдээлсэн юм.
Дээрх нөхцөл байдалтай холбоотойгоор УИХ-ын гишүүн Ж.Баярмаа “Бухимдлаа илэрхийлсэн хэмээн иргэн Б.Баярбаатарыг барьж хорьсон, тайван жагсаалын үеэр санаачлагчдын биед халдсан, уриа үгийг урсан, булаасан зэрэг үйлдэл гарлаа. Эдгээр асуудалтай холбоотойгоор хүний эрхийн зөрчилд дүгнэлт гаргах, дээрх үйлдлүүдийг хийсний цаад зорилго, эзэн холбогдогчийг тогтоож, зохих хариуцлагыг хүлээлгэх, холбогдох алба хаагчид жагсагчдын аюулгүй байдлыг хамгаалаагүйн шалтгаан, цаашид авах арга хэмжээний талаарх саналаа ирүүлэхийг шаардсан асуулгыг ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл, ХЭҮК-ын дарга Д.Сүнжид, ТЕГ-ын дарга П.Одобаатар нарт албан бичгээр тавьсан болно. Бухимдал дүүрэн нийгэм цогцлоочхоод, иргэд жагсаж цуглах нь бүү хэл, үзэл бодлоо илэрхийлэхэд ч хүртэл амаргүй байдал үүсгэлээ” гэж цахим орчинд бичжээ.
М.Оч