Манай улсад өнгөрсөн онд 57.3 мянган эх амаржиж, 57.8 мянган хүүхэд мэндэлжээ. Амаржсан эх болон төрсөн хүүхдийн тоо өмнөх 2023 оныхоос тус бүр 10 хувиар буурсан байна. Үндэсний статистикийн хорооны мэдээллээс үзвэл 2024 оны тавдугаар сард хамгийн олон буюу 5000, нэгдүгээр сард нь хамгийн цөөн буюу 4700 хүүхэд төрсөн аж. Гэхдээ төрөлт зөвхөн өнгөрсөн онд ч биш, сүүлийн жилүүдэд тогтмол буурах болсон билээ. Жишээ нь, өнгөрсөн онд мэндэлсэн хүүхдийн тоо сүүлийн 17 жилийнхээ доод түвшинд хүрч, 2007 оны үзүүлэлттэй ойртсон нь анхаарал татаж байна.
Төрөлтийн үзүүлэлтүүд ийнхүү жил дараалан буурах болсон шалтгааныг судлаачид голчлон иргэдийн амьдралын нөхцөл байдалтай холбон тайлбарладаг. Тодруулбал, иргэдийн амьдрах орчин, амьжиргааны түвшин төдийлөн сайжрахгүй, харин ч улам уруудан доройтсон нь төрөлт буурах нэг шалтгаан болж буй юм. Түүнчлэн хүүхэд өсгөх зардал нэмэгдсэн, нөхөн үржихүйн насны залуус олноор гадаадын орнуудыг зорих болсон нь ч нөлөөлж байгаа. Нөгөөтээгүүр, орчны бохирдол, ялангуяа утаа ихэссэн нь төрөлт буурах нэг шалтгаан болсон гэх таамаг байдаг ч үүнийг нарийвчлан тогтоосон судалгааны дүн одоогоор алга.
М.Оч