Олон улсын уулчдын холбооноос БНСУ-ын Чонсон хотод энэ сарын 10-13-нд зохион байгуулсан мөсөнд авиралтын Азийн АШТ, “Дэлхийн цом”-ын цувралын эхний тэмцээнд Монголын баг оролцож, 25 орны 150 гаруй тамирчинтай өрсөлдсөн. Эрэгтэйчүүдээс “Сутайн бор” клубийн тамирчин, ОУХМ Н.Хэрлэн хурдны төрөлд тус бүр дэд байрт шалгарснаар дээрх тэмцээний иж бүрэн медальтан боллоо. Тэгвэл эмэгтэйчүүдээс түүний дүү Н.Сэлэнгэ “Дэлхийн цом”-оос мөнгөн медаль хүртсэнээс гадна Азийн аваргаар тодров. Тэд тус хотыг зорихоосоо өмнө дасгалжуулагч Х.Нямдоогийн удирдлагад “Найрамдал” мөсөнд авиралтын хананд бэлтгэлээ базаасан бол Монголын хүндийг өргөлтийн үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Ц.Хосбаярын удирдлагад хүчний сургуулилалт хийжээ. Монгол Улс мөсөнд авиралтын тив, дэлхийн тэмцээний таван цувралд эрэгтэй, эмэгтэйчүүдийн баг анх удаа бүрдүүлж илгээсэн нь ийн амжилт гаргав. Манайхан эл тэмцээний дараа Швейцарын Саас-Фид хөл тавьж, энэ сарын 23-25 хүртэл үргэлжлэх цуврал хоёр дахь тэмцээнд оролцох юм.