Элсэлтийн шалгалт өгөх хүүхдүүдэд зориулан мэргэжлийн сэтгэл зүйчид зөвлөх нь. Тэд өнгөрсөн гуравдугаар сарын 1-нээс ийнхүү зөвлөгөө өгч эхэлжээ. Энэ хугацаанд нийт 550 гаруй хүүхэд чатбокс, утсаар бүлгийн болон ганцаарчилсан зөвлөгөө авсан байна. Сэтгэл зүйчид ирэх сарын 10 хүртэл зөвлөх бөгөөд Боловсролын үнэлгээний төвийн чатбокс, 8808 1549, 8955 1549 дугаарын утсанд ажлын өдрийн 08.30-17.30 цагийн хооронд холбогдож болох аж. Саяхан болж өнгөрсөн улсын шалгалтад тааруу дүн авсантай холбоотойгоор элсэлтийн шалгалтад санаа зовниж буй талаараа цөөнгүй хүүхэд хуваалцаж, сэтгэл зүйчээс зөвлөгөө авчээ. Мөн шалгалтдаа шаргуу бэлдсэний улмаас хүүхдүүдэд нойр, хоолны асуудал үүссэн гэнэ. Тиймээс элсэлтийн шалгалт өгөхөөр бэлдэж буй суралцагчдыг хоногт найман цаг унтаж, чихэрлэг зүйл, кофе, халуун ногоотой хоол хэтрүүлж хэрэглэхгүй байхыг сэтгэл зүйч зөвлөв. Түүнчлэн амьсгалын дасгалыг зөв хийж, өөртөө ачаалал өгөхгүйгээр дасгал хөдөлгөөн хийх нь сэтгэл санааг тайвшруулдаг байна. Сэтгэл зүйчид хандсан хүүхдүүдийн олонх нь дүүгээ асрах, хоол хийх, гэр цэвэрлэх зэрэг ажлаас болж бухимдах, ядрах, ганцаардах, шалгалт дөхөх тусам эрч хүч нь суларсан мэт мэдрэмж төрж буйгаа хуваалцжээ. Тиймээс эцэг, эхчүүд хүүхдээ анхаарах шаардлагатайг зөвлөв. Мөн найз нөхөдтэйгөө уулзаж ярилцах, сэтгэл зовоосон асуудлаа бичиж, дараа нь урж хаях нь сэтгэл тайвшруулах нэг арга гэнэ.
Ташрамд дуулгахад, элсэлтийн ерөнхий шалгалтыг ирэх сарын4-7-нд оронд аяар зохион байгуулах юм. Шалгалт болохоос нэг цагийн өмнө тухайн сургуульдаа очиж, хөгжим сонсох, амьсгалын дасгал хийх зэргээр анхаарлаа төвлөрүүлэхэд тустай аргаар өөрийгөө тайвшруулахыг сэтгэл зүйч зөвлөв.