Нийслэлийн үерийн хамгаалалтын барилга, байгууламжийн нийт 14 байршилд халиа, тошин үүсжээ. Геодез, усны барилга байгууламжийн газар (ГУББГ)-ынхан тэдгээр байршилд тогтмол ажиллаж байгаа аж. Тэд хөрсний усны урсгалыг сааруулах, айл өрхийг нүүлгэх, суваг татах, гарсан мөсөөр далан босгох, илүүдэл мөсийг тээвэрлэх зэрэг ажлыг хийж буй. Гарц, хоолой гаргах, нүхэн болон гүүрэн гарцыг нээх зэрэг ажлыг техникийн тусламжтайгаар хийх боломжгүй. Тиймээс тэдгээр ажлыг гар аргаар хийж байгаа гэнэ. Мөн тус байгууллагаас авто замын гүүрэн байгууламжуудын усны түвшнийг тогтмол хэмжиж буй юм билээ. Үүний дүнд Сэлбэ голын усны түвшин 30 см-ээр нэмэгдсэнийг өчигдрийн байдлаар тогтоожээ.
Халиа, тошин үүсээд буй байршлуудаас дурдвал, Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны Толгойтын суваг, 35 дугаар хороо буюу Нарангийн гол орчим багтаж байна. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийнхэн халиа, тошинд өртөх эрсдэлтэй 35 дугаар хорооны 25 айлд тухайн бүсээс нүүж, аюулгүй байдлаа хангахыг сануулсан мэдэгдэх хуудас хүргүүлжээ. Түүнчлэн Чингэлтэй дүүргийн 11, 12 дугаар хороон дахь Дэнжийн мянгын гуравдугаар суваг, 14 дүгээр хороонд байрладаг Хайлаастын далан, 18 дугаар хороон дахь үерийн хамгаалалтын байгууламжид халиа, тошин үүсжээ. Бас Сүхбаатар дүүргийн есдүгээр хороо орчимд ус халиад буй тул холбогдох байгууллагынхан ажиллаж байгаа аж.
Халиа, тошин үүсэж буй шалтгааны талаар ГУББГ-ын ашиглалтын инженер Д.Ариунбаатар “Зуны улиралд борооны давтамж нэмэгдсэнтэй холбоотойгоор тухайн байршилд хөрсний ус гарах, усны түвшин нэмэгдэх, байнгын урсацтай гол, горхи, булаг, шанд сэргэх хандлагатай байгаа. Үүнээс үүдэн халиа тошин үүсдэггүй байсан газруудад ч халиа үүсэх нөхцөл бүрддэг. Мөн хүний буруутай үйл ажиллагаанаас буюу амины орон сууц барихдаа газар ухаж, булаг, шанд хөндсөн тохиолдолд халиа, тошин үүсэж болно. Түүнчлэн хөрсний ус байнгын дулаан газар луу татагдаж байдаг. Тиймээс галлагааны улиралд шалны халаалт, ханын пийшинтэй айл өрх халианд өртөх тохиолдол элбэг байдаг. Иймд иргэдийг халиа, тошин үүсдэг, булаг, шанд ихтэй байршилд газар авахгүй байхыг зөвлөе” гэв.
А.Үүл