Боловсролын сайд П.Наранбаяр “Хүүхдүүдийг I ангиас нь эхлээд үзгэн балаар бичүүлдэг. Буруу бичихэд нь алдсан үгэн доогуур нь зураад, дахин хуулуулдаг. Энэ бол хүүхдийг шийтгэж буй нэг хэлбэр. Алдаа хийх эрхийг нь хүүхдэд олгох ёстой. Хүүхэд алдаанаасаа айдаг биш, засдаг, асуудлыг өөрийнхөөрөө шийдвэрлэх боломжийг нь бүрдүүлэхийн төлөө бид ажиллана” хэмээн өнгөрсөн намар мэдэгдэж, холбогдох албаныханд бага ангийн сурагчдыг харандаагаар бичүүлэх зөвлөмж боловсруулах үүрэг өгч байв. Тэгвэл энэхүү зөвлөмжийн хэрэгжилтийг үнэлсэн дүнг салбарын яамнаас танилцууллаа. Боловсролын судалгааны үндэсний хүрээлэнгээс гаргасан Бага ангид бичих хэрэгслийг сонгон хэрэглэх зөвлөмжийн хэрэгжилтийг үнэлэхэд I ангийн бэлтгэл бүлгийн 60 цагийн сургалтын үед хүүхдүүдийг балын харандаагаар бичүүлсэн нь үр дүнтэй байсныг багш нар онцолжээ. Судалгаанд хамрагдсан багш нарын 52.3 хувь нь I ангид, 47.7 хувь нь II-V ангид хичээл заадаг аж. Тэдний 65 хувь нь “Балын харандаагаар бичүүлэх нь суралцагчдад алдаагаа засах боломж олгосон” гэж дүгнэсэн байна.
Нөгөөтээгүүр, сургуульд элсэн орж буй сурагчид харандааны үзүүрийг хугалах, олон дахин үзүүрлэх гэж хугацаа алдах, бичсэнээ арилгачихдаг нь сургалтын чанар, үр дүнг эцэг, эх болон багш үнэлэх боломжгүйд хүрч буй зэрэг сөрөг үр дагавар ч гарсан байна. Ташрамд дурдахад, бичих хэрэгслийг насны онцлогт тохируулан зөв сонгох, хүүдүүдийг өөрийн эд зүйлсээ хаяж гээхгүй байх, харандаа, шугамаа ариг гамтай, тогтмол хэрэглэх соёлыг хэвшүүлэх зорилго бүхий сайн туршлагуудыг Боловсролын ерөнхий газрын цахим хуудсаар дамжуулан олон нийтэд хүргэжээ.
О.Ундрах