УИХ-ын Хууль зүйн байнгын хорооноос Европын сэргээн босголт, хөгжлийн банктай хамтран “Иргэний шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн эрх зүйн орчныг боловсронгуй болгох нь” сэдэвт олон улсын онол, практикийн хурлыг өчигдөр зохион байгууллаа. Байнгын хорооны дарга Д.Цогтбаатар хурлыг нээж “Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны эрх зүйн орчныг боловсронгуй, шуурхай, үр дүнтэй болгох арга замыг эрэлхийлж, шийдвэрлэх зорилгоор энэхүү хурлыг зохион байгуулж байна. Шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэх асуудал нь шүүхээс тусдаа ойлголт биш. Гүйцэтгэх ажиллагаа явуулж буй хүмүүсийн санаа бодлыг тусгах нь чухал” гэдгийг онцлов. Харин Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, хаврын чуулганаар хэлэлцүүлэхээр төлөвлөсөн. Гүйцэтгэх ажиллагааны төлөв байдал, хувь хэмжээ буурсан энэ үед тус хэлэлцүүлэг хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна” гэсэн юм.
Европын Холбооноос Монголд суугаа Элчин сайд Ина Марчюлёните “Эдийн засгийг төрөлжүүлж, гадаадын хөрөнгө оруулалтыг татах нь Монгол, Европын Холбооны хоорондын түншлэлийн хэлэлцээрт тусгагдсан, Засгийн газрын тэргүүлэх зорилтуудын нэг юм. Тус семинар нь харилцан туршлага солилцох, оновчтой саналуудыг хэлэлцэн, иргэний болон арилжааны шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд шинэчлэлт хийх замаар тэргүүлэх зорилтуудыг биелүүлэх боломжтой” гэв. Тэгвэл Олон улсын шүүхийн шийдвэр гүйцэтгэгчдийн холбооны тэргүүн дэд ерөнхийлөгч Йос Уйтдэхааг шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны олон улсын шилдэг туршлагыг, салбарын сайд О.Алтангэрэл Монгол Улсын шүүхийн шийдвэр гүйцэтгэх тогтолцооны эрх зүйн шинэчлэлийн үзэл баримтлалын талаар танилцуулсан бол Европын сэргээн босголт, хөгжлийн банкны хуулийн зөвлөх З.Шагдарсүрэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай санал, зөвлөмжийг тоймлон хүргэлээ.
Хуралд оролцогчид шийдвэр гүйцэтгэгчдийн орон тоог нэмэгдүүлж, алба хаагчдын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэхэд анхаарах шаардлагатайг, цаашлаад шийдвэр гүйцэтгэх ажиллагааны шатанд алдаа гаргаснаас үүдэлтэйгээр төлбөр төлөгчдөд давуу байдал олгох зэрэг асуудал гарч буйг дурдсан. Мөн шүүхийн шийдвэр гүйцэтгэх тогтолцоог бэхжүүлэхийн ач холбогдол, эрх зүйн шинэчлэлийн үр нөлөө, олон улсын хамтын ажиллагааны боломжийн талаар санал солилцов.
М.Гэгээ