Улсын хэмжээнд 2023 онд нярайн өвчлөлийн 30 913 тохиолдол бүртгэгдсэн нь мэндэлсэн нийт хүүхдийн 50 орчим хувийг эзэлсэн юм. Дөнгөж төрсөн хоёр хүүхэд тутмын нэг нь амьсгалын замын халдвар, тэр дундаа уушгины үрэвсэлт өвчинд шууд өртөж байгааг Эрүүл мэндийн хөгжлийн төвийнхний судалгаанд дурджээ. Тэгвэл ЭМЯ-наас Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хангах ажлын хүрээнд 2028 он гэхэд нярайн эндэгдлийг 1000 амьд төрөлтөд 5.5 болгон бууруулах боломжтой гэсэн дүгнэлт гаргасан. Уг ажлын эхлэл болгож төрөх эмнэлгүүд, эх, хүүхдийн үндэсний төвүүдэд нярайн уушгины хам шинжийн эмчилгээний шинэ технологи нэвтрүүлснээ мэдээлэв.
Манай улсад тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 52 хувийг нярайнх эзэлдэг. Сүүлийн 10 жилд нялхсын эндэгдэлд жирэмсний үед үүссэн эмгэг, төрөлхийн гажиг, амьсгалын тогтолцооны өвчин, осол гэмтэл голлох шалтгаан болжээ. Үүний дотор уушгины даралт тогтвортой үргэлжлэх хам шинж нь нярайн өвчлөл, эндэгдлийн тэргүүлэх шалтгааны нэг болоод байгаа учраас эмнэлгүүдэд ийнхүү сүүлийн үеийн эмчилгээний шинэ технологи нэвтрүүлсэн юм байна. Одоогоор ЭХЭМҮТ, Эх, нярай, эмэгтэйчүүдийн үндэсний төв, нийслэлийн “Өргөө”, “Амгалан”, “Хүрээ” амаржих газрын Нярайн эрчимт эмчилгээний тасгуудад азотын ислийг эмчилгээ, үйлчилгээнд нэвтрүүлжээ. Энэ сарын 1-нээс хойш уг эмчилгээг есөн нярайд амжилттай хийснийг албаныхан хэлсэн. Цаашид хүүхэд, нярайн уушгины артерийн даралт ихсэх өвчний эрчимт болон амбулаторийн эмчилгээг цогцоор нь нэвтрүүлэх гэнэ.
О.Ундрах