Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Турк Улсын Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоаны урилгаар тус улсад төрийн айлчлал хийж байна. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, гэргий Л.Болорцэцэг болон дагалдан яваа төлөөлөгчдийг Анкара хотын “Эсэнбоа” олон улсын нисэх буудалд БНТУ-ын Дотоод хэргийн сайд Али Ерликаяа, Монгол Улсаас тус улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Г.Мөнхбаяр нар угтан авсан юм. Энэ удаагийн айлчлал нь хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойн хүрээнд болж буй бөгөөд Монгол Улсын Төрийн тэргүүний түвшинд Туркт 21 жилийн дараа айлчилж байна.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, гэргий Л.Болорцэцэг болон албаныхан өчигдөр орон нутгийн цагаар 09.10-т Туркийн хувьсгалын эцэг, БНТУ-ыг үндэслэгч Мустафа Кемал Ататуркийн бунхан цогцолборт цэцэг өргөн, хүндэтгэл үзүүллээ. Монгол Улсын Төрийн тэргүүн хүндэт зочны дэвтэрт уйгаржин бичгээр дурсгалын үг бичиж, гарын үсгээ зурж үлдээсэн юм. Тэрбээр “Улс эх орноо сэргээн цогцлоож, орчин үеийн хөгжил дэвшлийн бат бэх суурийг тавьж, ард иргэдийнхээ итгэл найдвар, хайр хүндэтгэлийг хүлээсэн Бүгд Найрамдах Турк Улсын Ерөнхийлөгч, тусгаар тогтнол, энх тайван, шударга ёсны төлөө тууштай тэмцэгч, анхны Төрийн тэргүүн Мустафа Кемал Ататуркийн хичээл зүтгэл, алдар гавьяа, үлдээсэн үнэт өв, үзэл санааг хүндэтгэн бахархаж байна. Монгол, Туркийн хооронд дипломат харилцаа тогтоосны түүхт 55 жилийн ойн хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Бүгд Найрамдах Турк Улсад төрийн айлчлал хийж, манай хоёр улсын стратегийн түншлэлийг тунхаглан зарлаж байгаад баяртай байна. Монголчууд бидний өвөг дээдэс, их эзэн Чингис хаан болон түүний залгамжлагчид Монголын их амар амгаланг дэлхий дахинд тогтоож байсанчлан дэлхийн улс орнууд амар амгалан зэрэгцэн оршиж, манай хоёр орны ах дүүсийн түүхэн уламжлалт харилцаа өнө мөнх мандан бадрах болтугай” хэмээн бичжээ.
Эл цогцолборт тусгаар тогтнолын төлөөх дайны удирдагч, анхны Ерөнхийлөгч Ататуркийн бунхнаас гадна Ататурк болон чөлөөлөх дайны музей, түүний нэрэмжит номын сан, эдэлж хэрэглэж байсан зүйлс, чөлөөлөх дайны сэдэвтэй сийлбэр бүтээл, фото болон уран зургуудыг дэлгэсэн байдгаараа онцлогтой юм. Уг цогцолборын барилгын гадна, дотор ханыг Туркийн газар нутагт байсан Хитит, Эртний Грек, Сельчук, Османы үеийн мозайк, сийлбэр, уран зураг зэрэг урлагийн бүтээлээр чимэглэжээ. Ёслолын энэ талбайд Туркийн иргэд үндэсний баяр ёслолын өдрүүдээ тэмдэглэдэг юм байна. МөнТуркийн төр засгийн зүгээс албан ёсны айлчлал хийж буй гадаадын дээд, өндөр түвшний зочид төлөөлөгчид болон шинээр томилогдож ирсэн Элчин сайд нараар тус цогцолборт цэцэг өргүүлж, хүндэтгэл үзүүлэх ёслолыг зохион байгуулдаг уламжлалтай аж.
Ататуркийн бунхан цогцолборт хүндэтгэл үзүүлсний дараа Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Турк Улсын Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоан албан ёсоор угтаж авсан юм. Төрийн айлчлалын үеэр талууд боловсрол, эрүүл мэнд, хөдөө аж ахуй, уул уурхай, зам, тээвэр, дэд бүтэц, онцгой байдлын зэрэг 10 гаруй салбарт хамтран ажиллах тухай баримт бичигт гарын үсэг зурахаар төлөвлөсөн байна.
Ташрамд дурдахад, Монгол Улс, БНТУ иж бүрэн түншлэлийн харилцаатай бөгөөд 1998, 2004 онд Ерөнхийлөгч Н.Багабанди БНТУ-д, Туркийн талаас 1995 онд Ерөнхийлөгч С.Демирел, 2002 онд Ерөнхийлөгч А.Н.Сезер нар Монгол Улсад айлчилж байжээ. Харин одоогийн Ерөнхийлөгч Р.Т.Эрдоан Ерөнхий сайд байхдаа 2005, 2013 онд манай улсад айлчилсан билээ.