Албан нэрээр бол Чингэлтэй дүүргийн гуравдугаар хороон дахь Нийслэлийн өмчийн III байр, олны нэрлэж заншсанаар Урт цагааны барилгыг өнгөрсөн оны нэгдүгээр сард “нүд ирмэхийн” зуурт л буулгачихсан юм. “Энэ барилгыг 1958 онд барьсан, хотын түүхийн нэг хэсэг учраас буулгаж болохгүй. Учир нь XX зууны Улаанбаатарын бүтээн байгуулалтын үеийн түүхийг өгүүлэх ууган барилгуудын нэг” гэж олон хүн эсэргүүцсэн ч албаныхан нь тоосонгүй, идэр есийн хүйтэн ч гэж халшралгүйгээр долоохон хоногийн дотор газрын хөрснөөс арчиж орхисон билээ. Ингээд 66 жилийн түүхтэй барилга үгүй болсон юм.
Дарга нарын худал амлалтаас хамгийн “гайхамшигтай” нь хотын мээр Х.Нямбаатарын “Урт цагааныг хотын хамгийн том цэцэрлэгт хүрээлэн болгоно” гэсэн нь юм. Тодруулбал, тэрбээр өнгөрсөн оны хоёрдугаар сарын 3-нд “Урт цагааны нэг га орчим талбайд Улаанбаатар хотын хамгийн том цэцэрлэгт хүрээлэнг байгуулахаар төлөвлөсөн. Доороо 196 машины зогсоолтой, дээрээ ногоон байгууламжтай байхаар тооцоолоод байна. Нийслэлд ирсэн орон нутгийнхан, гадаадын жуулчид ч энэ гудамжийг үзэх учраас Монгол Улсын түүхийн судалбар зургуудыг байрлуулахаар төлөвлөсөн” гэж ярьж байв.
Бас нийслэлийн Засаг даргын нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдол хариуцсан орлогч Л.Хосбаяр барилгын ажлыг “Энэ жил бид уг бүтээн байгуулалтыг бүрэн дуусгана гэж зорьж, төсөвт тусгасан боловч худалдан авах ажиллагааны үйл явцаас шалтгаалан барилгын ажлыг одоо л эхлүүлж байна” хэмээж байлаа. Хотын даргын орлогч байсан тэрбээр ийнхүү ярьсныхаа дараахан нь орон нутгийн сонгуульд өрсөлдөж, нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсон. Харин яриад байсан Урт цагааны барилга, газар, цаашлаад цэцэрлэгт хүрээлэн болгоно гэсэн дарга нарын үг нь иргэдийн саналыг авах зорилготой байсныг цаг хугацаа илчлэв.
Х.Нямбаатарын найз “Бодь”
Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар “Бодь” групптэй харилцаагаа зузаатгаж, Бөөрөлжүүтийн цахилгаан станцыг бариулахыг зөвшөөрсөн. Үүнд нийслэлийн бондын 300 тэрбум төгрөгийг зориулаад буй билээ. Түүгээр ч зогсохгүй тус группийн төлөөний хүнийг баруун гараа болгосон нь нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай. Тэдний харилцаа үүнээс ч зузаарч, Урт цагааны тохижилтын төслийг хүртэл “Бодь”-д өгчихсөн байгаа юм. Тодруулбал, тус группийн харьяа “Бодь пропертийз” компанийнхан өдгөө барилгын ажлыг нь гүйцэтгэж байна.
Өнгөрсөн зун дулааны, бас аялал жуулчлалын улирал шувтрах үед Урт цагаанд цэцэрлэгт хүрээлэн барих ажил ер сураггүй байв. Ер нь ямар ч ажил хийхгүй байсаар хүйтэрч, бүтээн байгуулалтын улирал ч дуусан, газар хөлдөх нь үү гэтэл орон нутгийн сонгуулийн өмнөхөн буюу өнгөрсөн наймдугаар сарын 25-нд ажил гүйцэтгэгч “Бодь пропертийз” компанийнхан яаран сандран газрыг нь ухсан юм. Мэдээж хотын удирдлага “Урт цагаанд цэцэрлэгт хүрээлэн барих ажлыг эхлүүллээ” гэж сонгуулийн пиараа хангалттай хийж амжсан.
38.9 тэрбум төгрөг зориулна
Урт цагааныг буулгах, шинэ барилга барихтай холбоотой үйл явц өмнө дурдсанаар 2024 оны нэгдүгээр сард эхэлснийг бид мэднэ. Тэгвэл үүнээс дөрвөн сарын дараа буюу өнгөрсөн оны тавдугаар сарын 27-нд нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрынхан Урт цагааны гудамжийг тохижуулах нэртэй ажлыг 44 тэрбум төгрөгөөр гүйцэтгүүлэх тендер зарласан байна. “Бодь пропертийз” компаниас гадна “Билгүүнмонгол констракшн”, “Морин сувд”, “Тавинлан”, “Investment holding group”, НБИК гэсэн таван аж ахуйн нэгж өрсөлджээ. Тэдгээрээс “Бодь пропертийз” компани хамгийн бага үнийн дүн буюу 38.9 тэрбум төгрөгөөр уг ажлыг гүйцэтгэх санал өгснөөрөө шалгарсан аж. Ингээд тэд өнгөрсөн наймдугаар сарын сүүлчээр ажлаа эхлүүлсэн байдаг.
Хотын удирдлагууд “Цэцэрлэгт хүрээлэн барина” гэж иргэдийн тархийг угааж, эрх баригчид УИХ-ын болон орон нутгийн сонгуулийн пиараа хийх үйл явцын ард ч Урт цагааны газарт барилга барих тохиролцоо үргэлжилсээр байжээ. Өөрөөр хэлбэл, хотын мээр болон нийслэлийн холбогдох байгууллагын дарга нар наанаа “Урт цагаанд барилга барихгүй, харин иргэд амарч, зугаалах боломжтой цэцэрлэгт хүрээлэн байгуулна” гэж тоть шиг давтсан ч цаанаа өөр санаа, зорилготой байсан хэрэг. Тэр битгий хэл, Урт цагааныг ийм болгоно гэсэн гоё зураг, макет ч үзүүлэн олон нийтийг хуурч байжээ. Бас иргэдээс санал асуулга авч, хариуг нь хүртэл зарлаж байсныг уншигчид санаж буй биз.
Иргэдийг хуурч, ИТХ-д сонгогджээ
2023 оны арваннэгдүгээр сарын 10-нд нийслэлийн ЗДТГ-аас Урт цагааны газрыг цаашид хэрхэх талаар иргэдээс авсан санал асуулгынхаа дүнг зарлав. Тус байгууллагаас “Чингэлтэй дүүргийн гуравдугаар хороонд байрлах Нийслэлийн өмчийн гуравдугаар байр буюу Урт цагааны барилгыг нурааж, цэцэрлэгт хүрээлэн байгуулах, эсвэл дахин төлөвлөж барилга барихаар арваннэгдүгээр сарын 3-10-нд иргэдээс санал авлаа. Санал асуулгад 3564 хүн оролцсоноос 3419 буюу 96 хувь нь цэцэрлэгт хүрээлэн байгуулахыг дэмжсэн. Үлдсэн 145 хүн буюу дөрвөн хувь нь дахин төлөвлөж барилга барих санал өгчээ. Мэргэжлийн байгууллагуудын зүгээс Урт цагааны барилгыг болзошгүй аюулт үзэгдэл, осол гарсан үед иргэдийн амь, эрүүл мэнд, эд хөрөнгөд ихээхэн хэмжээний хохирол учруулах эрсдэлтэй гэж үзэн, 2011-2019 онд найман удаагийн дүгнэлт гаргасан байдаг” гэж мэдээлсэн нь одоо ч цахим орчинд бий.
Гэвч бодит байдалд албаныхан иргэдийн өгсөн саналыг ер ойшоосонгүй. Мөн тухайн үед нийслэлийн ЗДТГ-аас “Цаашид Улаанбаатар хотын төлөвлөлтийн алдааг засах, түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах, хотын дүрэм, стандартын талаар нийслэлийн иргэдээс тогтмол санал авдаг болно” гэж мэдэгдэж байсан нь ч одоо утгаа алджээ. Хотын удирдлагууд шийдвэр гаргахдаа иргэдээс асуух нь битгий хэл, нууцалж, далдлахдаа улам гаршаад буйг олон нийт өнгөрсөн хугацаанд хангалттай харлаа. Үүний нэг жишээ нь Урт цагаан болж байна.
Цэцэрлэгт хүрээлэнг үйлчилгээний цогцолбор болгоно
Ер нь Урт цагааны газарт яг юу барьж байгаа вэ. Цэцэрлэгт хүрээлэн үү, эсвэл барилга уу. Сонгуулийн өмнө байнга попроод байсан дарга нар одоо энэ талаар дуугарах нь битгий хэл, таг чиг болчхов. Эрх баригч МАН-ынхан дахиад сонгогдсон, ирэх дөрвөн жилд хотыг үргэлжлүүлэн удирдах учраас иргэдийн санаа бодол огт хамаагүй мэт. Одоогийн нөхцөл байдлыг нь харвал газар доорх авто зогсоолоо л барьж буй бололтой. Ухсан газраа тойруулан хашаа татаад, хамгаалах тороор бүтээчхээд байгаа. Тэгвэл үүний дээд талд нийслэлийн ЗДТГ-ын эзэмшлийн, авто зогсоол, үйлчилгээний цогцолбор барих гэнэ. Зогсоол нь газрын доор нэг давхар, үйлчилгээний цогцолбор нь дээш гурван давхар. Өөрөөр хэлбэл, нийт дөрвөн давхар барилга барих юм билээ.
Үүнд зарцуулах мөнгөний 19.4 тэрбумыг нь хотын өнгөрсөн оны төсөвт тусгаж, улмаар барилгын ажлыг нь эхлүүлжээ. Үлдсэн 19.4 тэрбум гаруй төгрөгийг нийслэлийн энэ жилийн төсөвт тусган батлаад буйд бид анхаарал хандуулах хэрэгтэй. Учир нь энэ бол Х.Нямбаатарын, хотын удирдлагуудын мөнгө биш. Харин татвар төлөгчид бидний халааснаас гарч байгаа мөнгө. Татвар төлөгчид уг нь мөнгө өгснийхөө хариуд эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхээ эдэлж, цэцэрлэгт хүрээлэнтэй болох ёстой. Бас бетонон ширэнгэ болсон нийслэлийн хэсэгхэн газрыг ч чөлөөтэй үлдээх шаардлагатай байв. Даанч хотын удирдлага бидэнд “санасны гарз” л гэж хэлээд байна. Иргэдээ энэ зэргээр хуурч байгаа тэд дөрвөн давхар барилгаа гэнэт илүү өндөр болгоод хувиргачхаж ч мэднэ.
М.Оч