ХӨСҮТ-өөс томуу, томуу төст өвчний өнгөрсөн долоо хоногийн нөхцөл байдлын мэдээллийг танилцууллаа. Нийслэлийн хэмжээнд дүүргүүдийн Нэгдсэн эмнэлэг болон Эрүүл мэндийн төвүүдэд 1517 хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаа аж. Энэ нь өмнөх долоо хоногийн мөн үеийнхээс 14 хувиар буурсан үзүүлэлт гэнэ. Түргэн тусламжийн төвд 15 000 дуудлага ирсний 21 хувийг томуу, томуу төст өвчнийх эзэлсэн байна. Мөн эрүүл мэндийн нийт 21 байгууллагын амбулаториор ханиад, томууны улмаас үйлчлүүлэх хүүхдийн тоо 18 хувиар буурсныг нийслэлийн Эрүүл мэндийн газрынхан хэлсэн юм. Ерөнхий боловсролын сургуулиуд амарсантай холбоотойгоор Өрхийн эрүүл мэндийн төвүүдийн ачаалал ч хоёр дахин багасаж. Иймд өнөөдрөөс өрхийн эмнэлгүүд бүсчилсэн хэлбэрээр буюу ажлын өдрүүдэд 08.00-20.00, бямба, ням гарагт 10.00-18.00 цаг хүртэл ажиллахаар болжээ.
ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн эмнэлгийн Нярайн эмгэг судлалын тасгийн эрхлэгч Г.Батцэнгэл “Нярай, бага насны хүүхэдтэй эцэг, эх, асран хамгаалагч нар нийгмийн сүлжээнд нэгэндээ зөвлөгөө өгч, эм санал болгож буй нь эрсдэл дагуулж байна. Таны хүүхдэд тохирсон эм, эмчилгээ бусдынхад таарна гэсэн ойлголт байхгүй. Эм, эмийн бэлдмэл дур мэдэн хэрэглэж, хүүхэд хүндрээд ирсэн тохиолдол ч цөөнгүй гарлаа. Иймд хүүхдэд ханиад, томууны ямар нэгэн шинж тэмдэг илэрсэн л бол эмчид заавал үзүүлж, тохирох эмчилгээг хийлгээрэй. Мөн эцэг, эхчүүд гарын ариун цэврийг маш сайн сахиж, гэртээ агаар тогтмол сэлгэж, 70 хувиас дээш чийгшүүлэхгүй байхаар тохируулаарай” гэж зөвлөсөн юм.
О.Ундрах