Анх удаа орон сууц худалдан авсан болон оюутны сургалтын төлбөрийн буцаан олголт авах хүсэлтэй иргэд Хувь хүний орлогын албан татварын тайлангаа ирэх сарын 15-наас өмнө цахимаар илгээх нь. Ингэхдээ etax.mta.mn цахим тайлангийн системд нэвтрэн, шаардлагатай бичиг баримтын хамт илгээх юм.
Тодруулбал, сургалтын төлбөрийн буцаан олголт авах иргэд өөрийн болон хүүхдийн иргэний үнэмлэх, нийгмийн даатгалын лавлагаа, төлбөр төлсөн баримт, буцаан олголт авах хүсэлтээ хавсаргах шаардлагатай аж. Оюутны сургалтын төлбөрийн буцаан олголтыг зөвхөн эцэг, эх, эсвэл албан ёсоор үрчилж авсан асран хамгаалагч авах боломжтой. Хэрэв тухайн оюутан татвар төлдөг бол сургалтын төлбөрийн буцаалтыг өөрөө авч болох нь. Харин анх удаа орон сууц худалдан авсан иргэд иргэний үнэмлэх, нийгмийн даатгал, үл хөдлөх эд хөрөнгийн лавлагаа болон цахим төлбөрийн баримтаа тайланд хавсаргана. Бас худалдах, худалдан авах гэрээ болон орлого нотлох баримтаа файлаар хавсарган илгээх юм байна.
Анх удаа орон сууц худалдан авсан иргэн Хувь хүний орлогын албан татварын хуульд зааснаар зургаа хүртэлх сая төгрөгийг буцаан авч болно. Мөн татвар төлдөг бүх эцэг, эх оюутны сургалтын төлбөрийн хөнгөлөлтөд хамрагдах боломжтой. Ингэхдээ сургалтын төлбөрийн 10 хүртэлх хувийг буцаан авах юм.
У.Сүрэн