Боловсролын салбарынхан 2023-2024 оны хичээлийн жилийн зорилго, зорилтдоо хүрсэн, эсэх, хэрхэн биелүүлснээ дүгнэж, өчигдөр цахимаар хуралдав. Боловсролын тухай багц хуулийг шинэчлэн баталж, эрх зүйн шинэ орчинд ажилласныг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан хурлын эхэнд онцолсон юм. Багц хуулийн хүрээнд зургаан чиглэлийн шинэчлэлийг эхлүүлжээ. Таван жилд нэг удаа тохиодог багш нарын VIII их хурлыг амжилттай зохион байгуулсныг ч дурдсан юм. Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсрол, насан туршийн, их, дээд сургууль гэсэн ангиллаар салбар хуралдааныг зохион байгуулав. Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын хичээлийн жилийн зорилтын 85.7, мэргэжлийн, техникийн сургуулийнхыг 76 хувьтай биелүүлсэн гэж салбарын яамныхан нь тодорхойлов.
Хот, хөдөөгийн цэцэрлэг, сургуулийн сургалтын чанар эрс ялгаатай байсныг ойртуулах үүднээс цахим платформуудыг нэвтрүүлсэн нь оновчтой шийдэл гэдгийг дурдсан. Их, дээд сургуульд багш мэргэжилтэн бэлдэхээс эхлээд тэдний цалин хөлсийг нэмэх, нийгмийн баталгаа, ажлын байрандаа хөгжих боломжоор хангаж буй аж. Тухайлбал, багш мэргэжлээр сурч буй хүүхдүүдийг сургалтын төлбөрөөс чөлөөлж, МУБИС-д суурилсан Багш хөгжлийн төв байгуулжээ. Хамгийн чадварлаг багш өндөр цалин авдаг жишиг тогтооход анхаарсан гэнэ.
Мөн ирэх есдүгээр сарын 1-нээс эхлэн сургууль, цэцэрлэгийн удирдлагыг нээлттэй сонгон шалгаруулалтаар томилох гэнэ. Боловсролын салбар дахь цахим шилжилт нь хот, хөдөөгийн сургуулийн ялгааг арилгах гол боломж гэж харж буйгаа салбарын сайд нь уламжилсан. Түүнчлэн 1-5 дугаар ангийн сурах бичгийг хиймэл оюун ухаанд суурилан, цахим хэлбэрт шилжүүлжээ. Цаашид ерөнхий боловсролын бүх сургуулийг сэтгэл зүйчтэй болгох гэнэ. Одоогоор гурван сургуулийн хоёрт нь сэтгэл зүйч ажиллаж буй. Мөн бүх сургуулийг нүхэн жорлонгүй, түрээсийн гал тогоогүй болгохоор төлөвлөжээ.