Засгийн газрын 254 дүгээр тогтоолоор ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын үдийн хоолны түүхий эдийн зардлыг 2500, дотуур байрныхыг 6300 төгрөг болгон, нэмэгдүүлсэнтэй холбоотойгоор тогооч нарыг өчигдрөөс сургалтад хамруулж эхэллээ. Цэцэрлэгийн хүүхдийн хоолны түүхий эдийн зардлыг өнгөрсөн онд мөн 1000 төгрөгөөр нэмж, төлбөрийг эцэг, эх, асран хамгаалагч нараас нь гаргуулсан билээ. Үүний хүрээнд сургууль, цэцэрлэг, дотуур байрны хүүхдийн хоолны нэр, төрлийг нэмэгдүүлэх, шим тэжээллэг байдлыг сайжруулах зорилгоор салбарын яамнаас Хүүхдийн хоол үйлдвэрлэл, шим тэжээлийн сургалт арга зүйн үндэсний төвтэй хамтран дээрх сургалтыг явуулж байна. Хүүхдийн хоолны тогоочийг мэргэшүүлэх эхний ээлжийн сургалтад Дундговь, Дорноговь, Говьсүмбэр, Архангай, Хэнтий, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв аймаг, нийслэлийн сургууль, цэцэрлэг, дотуур байрны нийт 110 тогооч хамрагдаж байгаа аж.
Тогооч нар Монгол, БНСУ-ын мэргэжлийн багш нарын хамтран боловсруулсан 120 цагийн онол, дадлага хосолсон хөтөлбөрөөр 14 хоног суралцах юм. Тодруулбал, хоол үйлдвэрлэл, үйлчилгээний үйл ажиллагааны төлөвлөлт, менежмент, бага насны хүүхдийн өсөлт хөгжлийн онцлог болон хооллолтын байдал, шим тэжээл, эрүүл мэндийн асуудлууд, хоолны хордлогоос урьдчилсан сэргийлэх арга хэмжээ, эрүүл ахуйн хяналт, тоног төхөөрөмжийн төлөвлөлт, технологийн боловсруулалт, шим тэжээлийн үндсэн ойлголтуудын тухай судлах гэнэ. Оролцогчдын ирц, шалгалтын онооны нэгдсэн дүнг үндэслэн гэрчилгээ олгоно гэж зохион байгуулагчид хэллээ.
О.Оргилох