НҮБ-ын Монгол Улсад хэрэгжүүлж байгаа бодлого, хөтөлбөрийн талаарх мэдлэг, ойлголтыг өсвөр үеийнхэн, залуучуудад хүргэх, тэднийг төлөөлөх хүсэлтэй хүмүүсийг шалгаруулах үүргийг НҮБ-ын Залуучуудын зөвлөх хороо хариуцдаг юм байна. Тэд залуучуудад чиглэсэн хөтөлбөрийн төлөвлөлт, хэрэгжилт, оролцоог дэмжих зорилготой үйл ажиллагаа явуулдаг гэнэ. Эл хороо өдгөө 13 гишүүнтэй аж. НҮБ-ын Залуучуудын зөвлөх хорооны хөтөлбөрт хамрагдагчдын нэг, “Оюутолгой” компанийн олон нийттэй харилцах ажилтан Д.Номунбилэг “Энэ хороонд нэгдсэнээр НҮБ-ын суурин төлөөлөгчийн газруудад залуусыг төлөөлөн ажилласан. Түүнчлэн НҮБ-ын нийгэм, эдийн засагт чиглэсэн хөтөлбөрийн талаар мэдээлэл авч байлаа. Тиймээс олон нийтийн дуу хоолой болох, нийгэмд өөрчлөлт авчрах хүсэлтэй залуусыг тус хороонд нэгдээрэй гэж зөвлөе” хэмээжээ.
Залуучуудын зөвлөх хорооны гишүүн болох хүсэлтэй хүмүүст тогтвортой хөгжлийн зорилгууд, залуучуудын хөгжилд хувь нэмрээ оруулах чин эрмэлзэлтэй, 16-24 настай, Монгол Улсын иргэн байх, эх орондоо хоёр жилийн турш тогтвортой оршин суух шаардлагыг тавих аж. Өргөдөл хүлээн авах хугацаа энэ сарын 16-нд дуусах бөгөөд тус хорооны цахим хуудсаар бүртгүүлээрэй.
А.Үүл