Сурагчдын зуны амралт эхлээд буй. Амралтаа хэрхэн үр дүнтэй өнгөрүүлэх вэ гэж тэд төдийгүй эцэг, эхчүүд толгой гашилгаж буй биз ээ. Хүүхдүүдийг зусланд амраах нь түгээмэл. Үнэхээр ч шинэ найз нөхөдтэй болох, байгалийн сайханд амрах, цахим хэрэглээнээс түр ч атугай холдох нь зусланд явахын ач тусын нэгээхэн хэсэг. Эцэг, эхчүүд зусланг сонгохдоо ихэвчлэн хөтөлбөр, байршил зэргийг нь харгалзан үздэг байна. Гэсэн ч хүүхдээ явуулчхаад юу хийж байгааг мэдэх боломж тэр бүр байдаггүй шүү дээ. Тиймээс Улаанбаатар хотоос холгүйхэн, сонирхолтой хөтөлбөр багтаасан “Маргаашийн хөгжил”, “Галакси” зуслангийн үйл ажиллагааг сурвалжиллаа.
БАЙГАЛИЙН САЙХАНД АМРАХ БОЛОМЖ “МАРГААШИЙН ХӨГЖИЛ” ЗУСЛАНД БИЙ
Хүүхдийн төлөвшил, оюуны хөгжилд зориулсан хөтөлбөртэй зуслангуудын нэг нь “Маргаашийн хөгжил” юм. Тус зуслан нь Сүхбаатар дүүргийн 20 дугаар хорооны нутагт, хотын төвөөс 30 орчим км-ийн зайд байрладаг. Зуслангийн байрны баруун хэсгээр ой мод бүрхэнэ. Шувуудын жиргээ, горхины хоржигнох чимээ тэнд тодхон. Байгальтай ойроос гадна цөөн тооны амрагч авдаг нь тус зусланг сонгох гол шалтгаан болдог аж. “Маргаашийн хөгжил” зуслан тус бүрдээ хоёр давхар таван байртай. Тэдгээрийн дөрөв нь амрагчдын байрлах байр. Нэгийг нь хоолны болон сургалтын танхимаар ашигладаг. Нэг байранд 15 хүүхэд хүлээн авдаг. Эрэгтэй, эмэгтэйгээрээ хуваагдан байрлана.
Амралтын байрны хоёрдугаар давхарт орыг нь эгнүүлэн байршуулжээ. Хэрвээ тухайн ээлжийн амрагч олон байвал нэгдүгээр давхарт нь ор нэмдэг гэнэ. Нэг бүлэг нь 30 хүүхэдтэй. Тэднийг ахлах болон туслах багш нар хариуцна. Хөтөлбөрөөс онцолбол, “Монгол хүүхэд, ёс заншил, танин мэдэхүйн өдөрлөг”, “Санхүүгийн боловсрол олгох хөтөлбөр”, “Хувь хүний хөгжлийн лекц” болон “Мovie night”, “Оpen mic” гээд чөлөөт үйл ажиллагаа бий. Эдгээр нь цагийн хуваарийн дагуу үргэлжлэх бөгөөд багаар ажиллах чадварыг хөгжүүлэхэд чиглэжээ.
Бүлэг бүлгээрээ ээлжлэн англи хэлний сургалтдаа өглөө суудаг аж. Сургалтын цаг нь болоогүй хүүхдүүдийн зарим нь гадаа тоглож байв. Савлуур дээр тоглож, цэцэгсийг ажиглаж харагдана. Өрөөндөө үлдсэн хүүхдүүдийн олонх нь ном уншиж байлаа. Гар утсыг нь хураан авдаг тул интернет ашиглахгүй. Хүүхдүүдээс зуслангийнх нь тухай асуухад “Хоол нь их амттай учраас их таалагдаж байна” гэж хариулах нь их байв. “Дураараа тоглож, тухтай унтаж амарч байгаа нь таалагддаг” гэх нэгэн ч байлаа. Унших номоо бэлдээд ирсэн хүүхдүүд ч байв. Тэд номоо сольж уншин юуны тухай өгүүлдэг талаар ярилцах нь сонирхолтой байгаа гэлээ.
Энэ ээлжид нэгэн сургуулийн дөрөвдүгээр ангийн сурагчид багштайгаа иржээ. Багш нь “Энэ зуслан нь хүүхдүүдэд гэртээ байгаа юм шиг мэдрэмж төрүүлж байна. Мөн нэг үеийн хүүхдүүдийг авдаг. Тиймээс үе тэнгийнхнээ дээрэлхэх явдал алга. Ангиараа амрах нь сурагчдыг хамт олноо гэх сэтгэлтэй болгодог ач тустай. Хүүхдүүдийн төлөвшилд чиглэсэн хөтөлбөртэй нь ч таалагдаж байна. Уг зусланг эцэг, эхчүүд ярилцаж сонгосон” гэсэн юм. Зуслангийн бүхий л үйл ажиллагаа байгальд ээлтэй иргэн төлөвшүүлэхэд чиглэдэг гэнэ. “Эко аялал”-аар байрнаасаа нэг км-ийн зайд ойд алхдаг аж. Ингэснээр хүрээлэн буй орчинтойгоо танилцаж, ургамал, амьтдыг нэрлэж сурдаг гэнэ. Үүнд ахлах, дунд ангийн сурагчдыг хамруулдаг юм байна.
Өдрийн зургаан хоолтой. Ингэхдээ сүү, цагаан идээ, хүнсний ногоо зэргийг голлон ашигладаг аж. Зарим хүүхэд хүнсний ногоо идэх дургүй байдаг. Харин тэнд нэмэлт амтлагч ашиглахгүйгээр жимс, хүнсний ногоог амтлаг болгон хүргэдэг гэнэ. Унтахын өмнө халуун сүү, тараг өгдөг. Ойролцоох айлаас цагаан идээгээ шинээр нь авдаг гэнэ. Хүйтэн өдрүүдэд чацаргана, аньсны шүүс гээд халуун уух зүйл санал болгодог аж.
Хүүхдүүд эхний хоёр өдөр өнгөрөхөд зусландаа дасаж, бие дааж эхэлдэг гэнэ. Багш нартай ярилцах зуур хүүхдүүд хошуугаа унжуулаад эрхлэх нь ч харагдав. Тэр бүрд багш нар нь “Миний хүү” гэж ирээд л хариулна. Ингэж хэлэх нь хүүхдэд өөриймсөг мэдрэмж төрүүлдэг аж. Багш Б.Уянга “Хүүхдүүд маш цагаахан. Заримдаа шантармаар үе тохиолддог ч хүүхдүүдтэй ажиллахад сайхан зүйл их. Хүүхдүүд хоёр хоноход л анх ирснээсээ өөр болдог” гэсэн юм.
"Галакси зусланд аюулгүй байдлыг чухалчилдаг"
Дараагийнх нь Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутагт байрлах “Галакси” зуслан юм. Хүний хөлөөс зайдуухан, уулын энгэрт байрлалтай. Холоос харахад солонго татсан мэт өнгөлөг. Тус зуслан бүрэн хүчин чадлаараа нэг ээлжид 250 хүүхэд авах боломжтой. Амралтын таван байртай бөгөөд 12 сургагч багштайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.
Үдийн цайны цаг болоход хүүхдүүд эгнэж зогсоод цэгцтэй гэгч нь гал тогооны танхим руу орцгооно. Хоолоо идэхийн өмнө “Тогооч эгч бол Жангум, зөөгч эгч нар мисс” гэж нэгэн дуугаар талархлаа илэрхийлэв. Эл танхим хүүхдүүдийн инээд хөөрөөр дүүрэх аж. Өнөөдөр юу хийсэн талаараа тэд инээлдэн ярьцгаана. Хоол идэх дургүй зарим хүүхдэд хажууд нь суугаа найзууд нь анхаарал, халамж тавина. “Чи амсаад үз дээ, энэ их гоё амттай юм байна. Хоёулаа уралдаж идэх үү” гээд л хоолыг нь идүүлэхээр хичээнэ. Багш нар нь “Хоолоо идэж байна уу, идээрэй” гээд нэг бүрчлэн анхаарна. Хооллож дууссан хүүхдүүд аяга тавгаа хураагаад, талархсанаа дахин илэрхийлээд гарцгаана.
Хүүхдүүд хоолоо идэж дуусахаас өмнө зарим багш нь гараад хүлээж байна. Тэнд хүүхэд бүрийг анхаарна. Угаалгын өрөө рүү ч хүүхэд ганцаараа явахгүй. Бүлгийн багштайгаа цуг явна. Багш нар нь хамгийн сүүлд хооллосон ч хамгийн эхэнд нь дуусаж, эргээд ажилдаа орцгоов. Тэд хоолоо идэхдээ ч хүүхдүүддээ анхаарал тавина. Бүлгийнхээ байранд багш нар нь байрлах аж. Бүлгүүдийг нийлүүлээд бүлгэм гэж нэрлэнэ. Бүлгэмийн ахлах удирдагч С.Бэхболат “Шөнө хүүхдийн бие өвдлөө гэхэд харгалзах хүн заавал байх ёстой. Шөнө бүр багш болон эмч нар ээлжлэн жижүүрлэж ажилладаг. Хүүхдийн бие шөнө өвдөж багш нарыгаа хайж магадгүй тул байнга харгалзаж байдаг. Хяналтын камерыг хангалттай хэмжээгээр байршуулсан. Хүүхдийн аюулгүй байдал хамгийн чухал” гэв. Бүлгэм удирдсан багш А.Буянтогтох “Стандарт барьж ажилладаг цөөн зуслангийн нэг нь “Галакси”. Ажиллах таатай орчин, хүүхдүүдийн аюулгүй байдлыг сайн хангасан нь таалагдсан учраас ажиллаж байна. Миний хувьд 2-3 жил хүүхдийн зусланд амарч байсан. Амарч байхад хүүхдүүдийн харах өнцөг өөр шүү дээ. Хүүхдүүдээ унтуулах, маргаашийн ажлаа төлөвлөж хуралдах, үйл ажиллагаандаа бэлдэнэ гээд багш нар их завгүй. Өчигдөр л гэхэд үүр цайж байхад л унтсан. Хүүхдүүдтэйгээ зэрэгцээд л босно. Шантрах зүйл гарна л даа. Гэхдээ хүүхдүүдтэй ажиллах сайхан” гэв.
Хүүхдүүдийн аюулгүй байдалд анхаардгаас гадна онцлох зүйл нь хөтөлбөр боловсруулахдаа хүүхэд бүрийн онцлогт нь тулгуурладаг гэнэ. Ирсэн эхний өдөр нь хүүхдүүдээс судалгаа авч зан төлөв, гэр бүлийнх нь байдал, сонирхлыг нь тодорхойлдог. Ингэснээр тухайн хүүхдэд юу хэрэгтэй байгааг өгөхийн тулд ямар хөтөлбөр боловсруулах нь тохиромжтой вэ гэдгийг тодорхойлдог гэнэ. Тэдний хөтөлбөрөөс хамгийн сонирхолтой нь чөлөөт сонголтын өртөөчилсөн үйл ажиллагаа. Теннис, сагсан бөмбөг, воллейбол, гар урлал, “Оpen mic” гээд л чөлөөт үйл ажиллагааг тогтмол зохион байгуулдаг юм байна. Хамгийн эрэлттэй нь теннис, воллейбол болон гар урлал. Тэдгээр үйл ажиллагааг багш нар удирдан явуулна. Гар урлалын бүлгийнхэн хийсэн зүйлсээрээ урлагийн наадам болох танхимын ханыг чимэглэдэг. Өөрсдийн бүтээсэн зүйлсээрээ тохижуулах нь тэдэнд хамгийн их таалагддагийг хүүхдүүд хэлэв. Багш нар богино долгионы гар станцаар байнгын холбоотой ажилладаг. Хэрвээ гадаа хүйтэн болвол хөтөлбөр өөрчлөгдөж, дараагийн үйл ажиллагаагаа ярилцана. Хүүхдүүдийг уйдаахгүй, хөгжилтэй байлгахын тулд багш нар А, Б, В төлөвлөгөө гаргадаг гэнэ.
Зусланг чимдэг зүйл нь багш нар билээ. Бүлгийн багш Н.Золоо “Долоон хоногийн хугацаанд хүүхдүүдийн ээж, аав бас найз нь болдог. Эхний өдрөөс л хүүхдүүдтэйгээ сайн ойлголцох хэрэгтэй. “Багш нь чиний итгэлтэй хүн шүү” гэсэн сэтгэгдэл төрүүлэх хэрэгтэй. “Миний охин дулаан хувцсаа өмсөөрэй, шүдээ угаагаарай гэж хэлээд гэр бүлийнхэнтэйгээ цуг байгаа мэт мэдрэмж төрүүлэхийг хичээдэг. Долоо хоногийн хугацаанд хүүхдүүд их зүйл сурдаг. Чаддаг зүйлийг нь дэмжиж, үеийнхэнтэйгээ хамтран түүнийгээ илүү хөгжүүлэхэд туслахыг оролддог” гэсэн юм.
ӨВ СОЁЛОО ТАНИУЛАХ ХӨТӨЛБӨР ҮГҮЙЛЭГДЭЖ БАЙНА
Өв соёлоо таниулахтай холбоотой үйл ажиллагаа зуслангуудын хөтөлбөрт багтсан байдаг. Гэсэн ч бодитой хэрэгждэг нь ховор юм. Зарим зусланд үүнтэй холбоотой хөтөлбөр ч алга. Уг нь нэгэн хэвийн хөтөлбөртэй бусад зуслангаас ялгарах онцлог нь энэ байж болох юм. Ялангуяа нийслэлийн ойр орчимд байрлалтай зусланд энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлэх нь зөв алхам болох биз ээ. Нүүдэлчин соёлоо таниулах хөтөлбөр орон нутагт байрладаг 1-2 зусланд байх юм билээ. Бас зуслангуудад нийтлэг ажиглагдаж байгаа зүйл багш нарын ачаалал. Тэдний ачааллыг тохируулахад анхаарах хэрэгтэй.
Бэлтгэсэн: А.Тэмүүлэн