Шинжлэх ухааны академийн Хэл зохиолын хүрээлэнгийнхэн монгол хэлнийхээ үгийг буруу тайлбарласнаас Үндсэн хуульд заасан, үзэл бодлоо илэрхийлэх эрх хязгаарлагдаж, нэгэн иргэн 30 хоног баривчлах шийтгэл хүлээсэн харамсалтай үйл явдлын гэрч нь бид боллоо. “Бурхны хүү Баярбаатар” нэрээрээ цахим орчинд танигдсан иргэн Б.Баярбаатар нийгмийн сүлжээнд үзэл бодлоо илэрхийлтэл түүнийг олон нийтийн газар танхайрсан гэж Хэл зохиолын хүрээлэнгийнхэн дүгнэв. Өөрөөр хэлбэл, тэд нийгмийн сүлжээг олон нийтийн газар гэж тодорхойлсон нь дээрх шийдвэрийг гаргахад түлхэц болсон хэрэг.
Монголчууд хүн төрөлхтний соёл иргэншилд байхгүй зүйлийг бодож олоод хүний эрхэд халдаж, иргэнээ ялласан нь байж боломгүй зүйл гэдгийг УИХ-ын гишүүн, Хүний эрхийн дэд хорооны дарга С.Эрдэнэболд онцлоод байна. Тэрбээр “Хэл зохиолын хүрээлэнгийнхэн цахим орчин нь олон хүн байршсан орчин гэж байгаа юм. Цахим орчин бол хил хязгааргүй ойлголт. Америк юм уу, эсвэл өөр нэг улсад хараал хэлсэн бичлэгийг миний хүүхэд үзлээ гэхэд тэр болгонд нь хариуцлага тооцох уу. Хэл зохиолын хүрээлэн ийм алдаа гаргаж болохгүй. Цаашлаад тэдний тайлбарласан үг болгоныг үндэслээд хүнийг барьж хорих юм уу гэдэг асуудал үүсэж байна. Үзэл бодлоо илэрхийлсэн хүнийг хорино гэдэг нь Үндсэн хуулийн эсрэг үйлдэл” гэсэн байр суурь илэрхийлсэн.
“Хэл бичгийн ухааныг хөгжүүлж, бүх нийтийн эх хэлний боловсролын чанарыг сайжруулах бодлого баримтлах, шинжлэх ухаан, нийтийн эрх ашиг, нийгэмд нөлөөлөх үүргээ тэргүүн зэрэгт тавих” гэсэн тэргүүлэх зорилтыг Хэл зохиолын хүрээлэнгийнхэн уг нь тавьсан юм байна. Гэвч тэд эл зорилтдоо хүрэх нь битгий хэл, нийтийн эрх ашиг, хүний үндсэн эрхийг үл тоов. Үнэндээ нийтийн төлөө бус, эрх баригчдын гар, хөл болж, эх хэлнийхээ үгийг хүртэл дарга нарын ашиг сонирхлыг хамгаалах үйлсдээ нийцүүлэн тайлбарладаг болчихсон нь энэ үйл явдлаар илэрлээ.
Хуульчид үүнийг нь дэлхийн шившиг хэмээн дүгнэж, Хэл зохиолын хүрээлэнгийнхэн хэзээнээс хууль тайлбарладаг болчхов гэж гайхахын зэрэгцээ Эрүүгийн болон Зөрчлийн тухай хуулийн заалтыг төсөөтэй утгаар хэрэглэж болохгүйг хэлсээр байна. Хэл зохиолын хүрээлэнгийнхэн “гараг андуурч”, хуулийн үгэнд төөрч будилан, хийх ажилгүй хийцгүйрээд байгаа юм биш үү.
М.Оч