Умард Солонгос Украин дахь дайнд оролцож буй тухайд Киев, Сөүл хоёр түгших болсоор хэдэн сар өнгөрч, дэлхий дахин харин анхаарахаа болио юу гэлтэй байтал Азиас очсон цэргүүд тэнд амиа алдсан, гэмтэж шархдаж, олзлогдож буй талаар саяхнаас мэдээлэх боллоо. Пхеньян Кремльд туслахаар 10 мянга гаруй цэргээ өнгөрсөн онд Орос руу илгээснийг бид мэднэ.
Тэгвэл тэр цагаас хойш Умардын цэргүүдээс 300 нь амиа алдаж, 2.7 мянга нь шархадсан хэмээн Өмнөд Солонгос нотолж байна. Тэдний мэдээлж буйгаар байлдааны ажиллагаанд Умард Солонгосын цэргүүд оролцож байгааг нуухын тулд Оросын цэргийн хувцас өмсгөж, бичиг баримт ч олгосон аж.
Москва, Пхеньян хоёрын холбоо сүлбээ гүнзгийрч буйд бүх талын, шийдвэртэй хариу өгөхийг Өрнөдийн холбоотнууддаа Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский өнгөрсөн онд уриалж байсан билээ. Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Юн Сок Елтой тэрбээр утсаар ярихдаа “Энэ дайн хоёр орны хилээс хальж олон улсынх болж байна” гэж тэмдэглэсэн юм. Хоорондоо зөрчилдөж буй аливаа улсад зэвсэг нийлүүлэхээс татгалзах бодлого баримталж байсан Өмнөд Солонгос Умард Солонгосын энэ үйлдлээс шалтгаалж бодлого нь өөрчлөгдөж болохыг ч үгүйсгэхгүй.
Украины эсрэг дайнд Умард Солонгосын цэрэг оролцож буйг Москва ч, Пхеньян ч өнөө болтол нийтэд албан ёсоор нотлоогүй. Гэхдээ коммунист эвсэлд багтаж байсан орнууд “хэн нэгэн түрэмгийлсэн тохиолдолд харилцан туслах” үүрэг хүлээсэн батлан хамгаалахын чухал баримт бичигт өнгөрсөн оны арваннэгдүгээр сард гарын үсэг зурсан юм. Тооны хувьд үлэмж том армитай ч Орос улс бие бүрэлдэхүүний хувьд хүч дутагдаж, Курск мужийн газар нутгаа эргүүлж авахыг ихэд чармайж, улмаар Украины нутгийн гүн рүү урагшлахыг хичээж буй. Цэргийн хүчний тусламж үзүүлж буйн хариуд Пхеньяны цөмийн хөтөлбөрийн хөгжлийг түргэсгэхэд нь нөлөөлөх технологийн дэмжлэг Орос улс үзүүлэх вий гэж Өрнөд сэрэмжилж буй нь нууц биш. Украины цэргүүд Курск мужид Умард Солонгосын цэргийг олзолсон тухай Киевийн мэдэгдэлд тайлбар өгөхөөс Кремль даваа гарагт дахин татгалзлаа.
Украины цэрэг, улс төрийн хамгийн чухал холбоотон болох Жо Байден Умард Солонгосын цэрэг энэ дайнд оролцож буйг “маш аюултай” гэж хэлсэн байна. Түүнчлэн Өрнөдийн холын тусгалтай зэвсгийг Оросын газар нутагт хэрэглэхэд тавьсан хязгаарлалтаа Байден цуцалсныг дэлхий дахин мэднэ. Орос, Умард Солонгос хоёртой нягт хэлхээ холбоотой байгаа Хятад улс зөрчил тэмцлээ энхийн аргаар шийдвэрлэхийг уриалахын зэрэгцээ дайны эхнээс л Орост эдийн засгийн дэмжлэг үзүүлсээр буй юм.
Олзолж авсан Умард Солонгосын хоёр цэргийг Орост олзлогдсон украин цэргүүдээр сольж авахад бэлэн гэж Украины Ерөнхийлөгч Зеленский мэдэгдлээ. Тэд солонгосоос өөр хэл мэдэхгүй тул Өмнөд Солонгосын тагнуулын байгууллагын ажилтнуудын тусламжтайгаар байцааж буй юм байна. Тэдний нэгд нь Оросын цэргийн үнэмлэхийг Тувагийн Антони Аранчын гэх нэрээр өгсөн байж. Тэрбээр 2005 онд төрсөн, 2011 оноос улсынхаа армид алба хааж байгаа гэж ярьжээ. Түүний хэлснээс үзвэл Орост байлдахаар биш, сургалтад суухаар явж буй гэж боджээ. Тэр цэрэг Украинд үлдэх хүсэлтэй байгаа аж. Нөгөө цэрэгт нь ямар нэг баримт бичиг байсангүй. Тэрбээр 1995 онд төрж, 2016 оноос тагнуулын албанд мэргэн буучийн алба хашиж буй. Тэр Умард Солонгос руугаа буцах хүсэлтэй. Орост “гадаадын тагнуулын байгууллага” гэж үздэг “Агентлаг” хэмээх хэвлэлд мэдээлснээр Антонин Аранчын гэх нэртэй тува хүн үнэхээр байдаг, төрсөн огноо бүх юм нь тохирч буй ч ганц төрсөн газар нь зөрчихсөн. Тэгэхдээ тус хэвлэлийнхэн Аранчын болон түүний төрөл төрөгсөдтэй холбогдож чадаагүй аж. 2024 оны наймдугаар сард Украины зэвсэгт хүчин Курск муж руу нэвтэрснээс хойш украин цэргүүд тус мужийн хэдэн арван сууринг эзлээд байгаагийн дотор районы төв Сужа оржээ.
Олзогдсон гэх хоёр солонгос цэргийн зургийг Украины тал олон нийтэд харуулж. Тэдний нэгнийх нь толгой, эрүү, нөгөөгийнх нь хоёр гар боолттой байв. Энэ зургийг харуулаад Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский “Оросын арми Умард Солонгосын цэргийн тусламжаас хамааралтай болсонд эргэлзэх юм үгүй” гэж хэлжээ. Украины эсрэг дайнд Оросын талд оролцсон Умард Солонгосын цэргүүд үлэмжхэн хохирол хүлээж буйг олзлогдсон солонгос цэрэг хүлээн зөвшөөрсөн гэх мэдээлэл бий. Түүнчлэн олзлогдохоосоо өмнө 4-5 өдөр “юм ч идээгүй, ус ч уугаагүй” гэж солонгос цэргүүд хэлсэн гэж Өмнөд Солонгосын Үндэсний тагнуулын алба (NIS) мэдээлсэн байх юм. Энэ алба Украины аюулаас хамгаалах албатай хамтран ажиллаж, мэдээлэл солилцдог юм байна.
Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийн ярьж буйгаар бол Украины эсрэг дайнд өөр ямар нэгэн улс оролцож буйг гэрчлэх баримтыг бусдын гарт оруулахгүйн тулд оросууд хийгээд Умард Солонгосын цэргүүд шархдагсдаа олзлуулахгүйг ихэд хичээж буй аж. “Юу болж буйг дэлхий мэдэх ёстой” гэсэн байр сууринаас Зеленский хандаж, олзлогдсон солонгос цэргүүдтэй сэтгүүлчдийг уулзуулахыг Аюулгүйн албандаа үүрэг болгожээ. Дээр нэрийг нь дурдсан Өмнөд Солонгосын тагнуулын алба мэдээлснээс үзвэл, Оросын талд байлдаж буй Умард Солонгосын цэргүүдээс анх өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 27-нд украин цэргүүд олзолж авсан байна. Солонгосын олзлогдсон цэргийн тоо хоёроос хавьгүй илүү ч тэд шархаа даалгүй нас барсан гэж Зеленский хэлсэн байна. Тэрбээр “Умард Солонгосоос 12 мянган цэрэг ирсэн. Өнөөдрийн байдлаар 3800 нь алагдаж, шархадсан. Тэд бас 30-40 мянгыг ч ирүүлж мэднэ. Яагаад гэвэл тэнд ганцаар захирах дэглэмтэй” гэж энэ сарын 5-нд сэтгүүлчийн асуултад хариулахдаа хэлжээ.
Умард Солонгосын цэргүүд тэргүүн шугамд, явган цэргийн эгнээнд тулалдаж байгаа гэж Цагаан ордон, Пентагон баталгаажуулан мэдээлсэн. Курскийн районд фронтын зарим хэсэгт бие даагсад, зарим газар Оросын анги бүрэлдэхүүнд байлдаж байгаа аж.