Япон Улсын баруун өмнөд хэсэгт газар 6.6 магнитудын хүчтэй хөдөллөө. Тодруулбал, Японы гурав дахь том арал Кюүшюүгийн өмнөд хэсэгт орших Миязаки мужийн ойролцоо уржигдар 21.19 цагт эл газар хөдлөлт болсон байна. Газар хөдлөлтийн төв нь далайн эргээс 18 км-ийн зайд 36 км-ийн гүнд болсон аж. Чичирхийлэл мэдрэгдсэн ч хүн бэртэж гэмтсэн тохиолдол бүртгэгдээгүй гэнэ. Газар хөдөлсний дараа Кюүшюү болон Шикокү арлын зүүн эрэгт цунами үүссэн байна. Зарим хэсэгтээ 20 см орчим өндөр цунами ажиглагдсан бөгөөд хохирол учирсан талаар одоогоор мэдээлээгүй байна. Иймд тус улсын Цаг уурын агентлагийнхан газар хөдөлснөөс үүдэн цунами үүсэх эрсдэлтэйг анхааруулан, далайн эрэг рүү ойртохгүй байхыг зөвлөжээ. Түүнчлэн Кюүшюү мужийн нутагт дэвсгэрт өнгөрсөн оны наймдугаар сард газар 7.1 магнитудын хүчтэй хөдөлж байв. Япон Улсын баруун өмнөд хэсэгт газар хөдөлсөнтэй холбогдуулан Токио дахь Монгол Улсын Элчин сайдын яамныхан дээрх бүс нутагт оршин сууж буй монголчууддаа сонор сэрэмжтэй байхыг анхаарууллаа.
У.Сүрэн