Монголын хоккейн өсвөр үеийн шигшээ баг, “Хангарьд” клубийн довтлогч, Орхон аймгийн IV сургуулийн 12в ангийн сурагч А.Билгүүн олон тэмцээнд оролцож, үеийнхнээсээ ур чадвараараа үзэгчдэд танигдсан. Тэрбээр 10 настайдаа мөсөн талбайд анх гарсан бол өдгөө лигийн тоглолт, Азийн АШТ-д оролцдог шилдэг тамирчдын нэг болжээ. Ахынхаа хоккей тоглохыг харж, энэ спортод хөл тавьсан түүнийг амжилт гаргахад багшийнх нь бэлтгэл сургуулилалтаас гадна өөрийнх нь хичээл зүтгэл их нөлөөлсөн гэдэг.
Түүнд мөсөн талбайд гардсан олон шагнал бий. Тухайлбал, Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумд өнгөрсөн жил болсон шайбтай хоккейн 16 хүртэлх насныхны УАШТ-д багийнхантайгаа түрүүлж, шилдэг довтлогчоор шалгарсан нь урам өгч, ирээдүйтэй тоглогчдын эгнээнд жагсах замыг нь зассан юм.
Тэр жил Улаанбаатарт зохион байгуулсан шайбтай хоккейн Ази, Номхон далайн орнуудын 18 хүртэлх насныхны “Challenge cup” тэмцээний сүүлийн тоглолтод Тайландын шигшээтэй өрсөлдөхөд тэрбээр гоол оруулж, багтаа хожил авчирсан билээ. Тэгвэл Узбекистанд 2024 онд болсон Азийн АШТ-д мөн оролцож, хошой хүрэл медалийн эзнээр тодров. Хоккейн тэмцээнээс хойш шилдэг довтлогчийн шагналыг нэг бус удаа гардсан түүнийг зочноор урьж ярилцлаа.
-Тамирчид хүсэл сонирхолдоо хөтлөгдөж спортын замналаа эхлүүлдэг. Хоккейд хөл тавихад ахаас тань гадна хэн нөлөөлсөн бэ?
-Ахыгаа мөсөн талбайд бэлтгэл хэрхэн хийхийг нь харахаар өвөө, эмээгээ дагуулаад л явдаг байлаа. Намайг хичээллэхээр тэмүүлж байгааг “Хангарьд” багийн дасгалжуулагч Б.Зориг багш анзаарч, нэг өдөр “Чи хоккей тоглох уу” гэж асууснаар эргэж буцахааргүй хөл тавьсан. Хэдийгээр ах минь тоглохоо больсон ч намайг тууштай дэмжиж, “Эсрэг багийнхаа тамирчдын хэрхэн тоглохыг сайн мэдэр. Бэртэж гэмтэв. Болгоомжтой тоглоорой” гэж зөвлөдөг юм. Намайг 2021 онд лигт тоглох “Хангарьд” багийн бүрэлдэхүүнд багтахад багш “Чи ирээдүйд лигийн тэмцээнд оролцоно. Одоо тоглохгүй ч тэмцээн үзэж, ямар болдгийг хар” гэв. “Steppe arena”-д лигийн АШТ-ийг анх удаа зохион байгуулахад манайхан аваргын төлөө “Шарын гол” багийнхантай өрсөлдөж түрүүлсэн юм. Дараа жилийнх нь тэмцээнд би сэлгээнд суухдаа легионеруудын ур чадварыг харж, олон зүйл мэдэж авсан. Энэ жилээс багтаа довтлогчийн байрлалд тоглож, лигийн тэмцээнд оролцож байна.
-“Хангарьд”-ынхан хүчтэй өрсөлдөгч. Олон тэмцээнд түрүүлсэн тус багийнханд 18 хүртэлх насныхны цомын АШТ энэ удаа олон зүйлийг ойлгуулсан байх.
-Багаараа энэ тэмцээнд түрүүлнэ гэж ярилцсан ч хараахан чадсангүй. Ялагдал маань 2025 онд өмнөхөөсөө илүү хичээж, өөрсдийгөө дайчлах ёстойг ухаарууллаа. Тиймээс бэлтгэлээ улам чамбайруулж, дараагийн тэмцээнд сайн оролцох зорилго тавьсан. Хоккейн дотоодын тэмцээнээс лигийн тоглолт хамгийн сонирхолтой. Лигийн IV тойргийн тоглолт Орхон аймагт ирэх сард болно. Бид багийн ахлагч Б.Эрдэнэсүх ахынхаа шүүмжлэлийг хааяа сонсож, алдаа дутагдалдаа дүгнэлт хийдэг. “Хангарьд” багт өсвөр үеийн гурван тамирчин бий. Тэдний нэг нь би. Билгүүн нэртэй тоглогч хоккейн багт цөөнгүй байдаг. Манай багт хоёр нь бий. Монголд 2023 онд зохион байгуулсан өсвөр үеийнхний Азийн АШТ-д нэр нэгтэй гурван тоглогч шигшээ багт тоглосон юм. Тэмцээний үед нэрээр нь дуудахад зэрэг эргэж харах тул багийнхан намайг “жижиг”, нөгөө хоёрыг “дунд, том Билгүүн” гэж дууддаг байлаа. “Шарын гол” багт тоглодог том Билгүүн биднээс өндөр, биерхүү. Намайг манай сургуулийн хүүхдүүд Жери гэж дууддаг. Энэ нэрэндээ хэдийн дасжээ.
-Та ирэх хавар сургуулиа төгсөнө. Ямар мэргэжлээр суралцах бодолтой байна вэ?
-ХII анги төгсөөд их, дээд сургуульд элсвэл хуульч, эрх зүйч мэргэжлээр суралцахыг хүсдэг. Багадаа мөрдөгч, прокурор нарын гэмт хэрэг мөрдөж, илрүүлдэг кино үзэх дуртай байлаа. Тэр үеэс сонирхолтой санагдах болсон. Энэ мэргэжлийг сонгоход нийгмийн ухааны хичээл суурь болдог тул сонгон суралцаж байгаа.
-Шайб, цохиуртай нөхөрлөж, мөсөн талбайд өнждөг болоход гэрийнхэн тань хэрхэн хүлээж авсан бол?
-Манайхан намайг хоккейгоор хичээллэхэд эхэндээ дуртай хүлээж аваагүй. Би өмнө нь хичээлдээ идэвхтэй сурагч байлаа. Орхон аймагт болдог М.Баасай багшийн нэрэмжит математикийн олимпиадад хүртэл оролцоно шүү дээ. Математикийн багш бодлого бодуулахад хамгийн түрүүнд үзүүлчхээд ангиасаа гараад явна. Сүүлийн гурван жил бэлтгэл хийж, тэмцээнд оролцдог болсноор хичээлээсээ жаахан хөндийрсөн. Жил бүрийн аравдугаар сарын сүүлчээр өсвөр үеийнхний УАШТ, лигийн тоглолт эхэлдэг тул хавар болтол хичээлдээ бараг суудаггүй. Ангийн нөхөд намайг ойлгож, хичээлийг минь нөхөж бичдэг. Орхон аймагт 2023 онд Монголын хүүхдийн спортын өвлийн VII наадмыг зохион байгуулахад багаараа түрүүлж, тэр жилээ УАШТ-ээс алтан медаль хүртээд их баярласан.
-2023 он танд амжилт хайрласан жил байжээ. Азийн АШТ-д оролцох өсвөр үеийнхний шигшээ багийн бүрэлдэхүүнд багтаж, “Мөсөн өргөө”-нд гадаадын багуудтай анх удаа тоглосон нь мартахааргүй дурсамж үлдээсэн болов уу?
-Тийм ээ. Тивийн тэмцээний тэр тоглолтууд одоо ч нүдэнд минь харагддаг. Миний хувьд Азийн АШТ олон улсын анхны тэмцээн байсан тул амжилттай оролцох гэж их хичээсэн. Тэмцээн эхлэхийн өмнөх өдөр хоккейн өндөр хөгжсөн орнуудын хүчтэй багтай тоглохдоо яах бол гэж догдолж, бас сандарч байв. Бид тэмцээний эхэн үед биеэ барьж, санасандаа хүртэл тоглолт гаргаагүй. I үеийн тоглолт өндөрлөхөд дасгалжуулагчид “Та нар тайвшир. Одоо өөрсдийнхөөрөө тоглоорой” гэж зөвлөсөн. II үеийн тоглолт эхлэхэд сэтгэл санаа ч тогтворжсон. Ираны багтай тоглолтын салхи хагалахдаа өөрсдийгөө ур чадвараа илүү байгааг мэдэрсэн юм. Тэднийг 5:1-ээр хожиж, дараа нь АНЭУ-ын тамирчидтай таарсан. Тус улсын багийг өдөр нь өөр багтай тоглож хожихыг нь харсан болохоор бидэнд “барах болов уу” гэсэн бодол төрж байлаа. Талбайд гарахад дасгалжуулагч “Хожно шүү” гэж хэлсэн. Эх орондоо болсон тэмцээнд хөгжөөн дэмжигчдийнхээ өмнө ялагдаж, гонсойлгохгүй юм шүү гэсэн зорилго биднийг хожилд хөтөлсөн гэж боддог. Тэмцээн эхлээд удаагүй байхад багийн ахлагч айлын хаалганд гоол оруулж, ялалтыг өөрийн талд эргүүлэхэд бид ч урам орж, өөртөө итгэлтэй, сэтгэл зүй өндөр тоглосон. Тэр үед дасгалжуулагчийн “Хожно шүү” гэдэг үг зоригжуулан хурцалж, ялалт байгуулахад их нөлөөлсөн дөө.
-Тэмцээн үзэхээр ирсэн үзэгчдийн дуу хоолойг сонсоод манай тамирчид огшиж байгаа нь ч тоглолтын үед анзаарагдсан л даа.
-Урам өгч байгаа олны дуу хоолойг сонсоод өөрийн эрхгүй огшсон. Тэдний баярлахыг харсан бидэнд ялагдах эрх байгаагүй. Таарсан багуудтай тоглох бүрдээ өөрт байгаа бүх боломж, нөөцөө шавхан гаргасан. АНЭУ-ын багийг буулган авч, III тоглолтоо Узбекистаны тамирчидтай өрнүүллээ. Тус тэмцээнд түрүүлсэн баг шүү дээ. Тэд олон тэмцээнд оролцож, туршлага чамгүй хуримтлуулсан нь анзаарагдсан. Тамирчид нь авьяастай, ур чадвартай. Нэгнээ мэдэрч тоглох нь үнэхээр гаргууд. Бидэнд туршлага дутсан тал бий. Тус багийн 88 дугаартай тамирчин ур чадвараа харуулж, шилдэг довтлогчоор шалгарсан. Гэхдээ бид амархан хожигдоогүй. Хоёр багийн оноо тэнцэж, аль нь ялах эхэндээ тодорхойгүй байлаа. Шийдвэрлэх мөчид онооны харьцаа 7:5 болж Монголын баг III байрт шалгарсан. Бид хүрэл медаль хүртэхдээ учиргүй догдолж баярлаагүй, бас ялагдчихлаа гэж гонсойгоогүй. Харин “Нутгийнхаа талбайд аварга болсон бол” гэсэн бодол төрж байлаа.
-Азийн АШТ-ий дараа насанд хүрэгчдийн IV дивизионы ДАШТ болоход өсвөр үеийнхний шигшээ багаас зургаан тамирчин үндэсний шигшээ багийнхны бүрэлдэхүүнд орсон санагдах юм.
-Тийм ээ. Нэр нэгтэй гурван Билгүүнээс хоёр нь тоглосон. Тухайн ДАШТ-д оролцсон багуудаас Филиппиний тамирчид хамгийн хүчтэй өрсөлдөгч байлаа. Ах нар минь аваргын төлөө тэдэнтэй ана мана тоглож, мөнгөн медаль хүртсэн. Хоёр багийн оноо тэнцэхэд нэмэлт цагт манайхан 7:6-гаар ялагдсан юм. Тэр үед өөрсдийгөө дайчилж, тоглосон ах нарыгаа харах хэцүү байсан ч хүчирхэг багтай эн тэнцүү өрсөлдсөн ур чадвар, туршлагаар нь маш их бахархсан. Энэ онд зорьж буй миний гол зүйл бол ДАШТ-д оролцох шигшээ багийн бүрэлдэхүүнд багтах.
-“Хангарьд” багийнхнаас та хэнтэй ойр дотно нөхөрлөдөг вэ?
-Батбаатарын Билгүүн ахтай ойр дотно нөхөрлөдөг. Бид хоккейд хөл тавьсан цагаасаа олон жил тоглолоо. Миний хувьд өсвөр үеийнхний ангилалд тоглох сүүлийн жил болохоор УАШТ, хүүхдийн өвлийн спортын их наадамд амжилттай оролцохыг хичээж байна.
-Тамирчин болоод хэнээс хамгийн үнэн шүүмжлэлийг сонсож байв?
-Азийн АШТ-ий үед дасгалжуулагчаас гадна үзэгчид “Чи ингэж, тэгж тоглооч” гээд хэлж байлаа. Зөвлөгөөг нь тоглолтдоо хэрэгжүүлэхэд тэмцээн хүртэл сонирхолтой, өрсөлдөөнтэй болсон. Би одоо 88 дугаартай тоглодог. Энэ дугаар надад аз, амжилт авчирдаг. Өмнө нь тэмцээнд найм дугаартай оролцдог байв. ОХУ-ын хоккейн шигшээ багийн ахлагч Александр Овечкиний тоглохыг хараад түүн шиг тамирчин болно гэж боддог сон. Тэрбээр мэргэжлийн хоккейн түүхэнд хамгийн нэр хүндтэй тоглогчдын нэг. Түүний тоглож буй техник, цохилт, ур чадварыг сонирхож их хардаг. А.Овечкин багаасаа хоккей тоглож, богино хугацаанд ур чадвараа сайжруулан өсвөр үеийнхний лигт оролцож шат ахисан. Гоол оруулах гайхалтай чадвар, хүчтэй цохилтоороо алдартай тэрбээр 2004 оны NHL-ийн драфтын үеэр “Вашингтон капиталс” багаас анх удаа сонгогдсоноор үндэсний хоккейн лигт домогт карьераа эхлүүлсэн байдаг.
-Хоккейн хувцас, хэрэгслээс юуг нь хамгийн их сольдог вэ?
-Цохиур. Дөрвөн тэшүүр сольж, олон цохиурын ард гарчээ. Хоккейн тоглолтын хэрэгслээс цохиур хамгийн хэврэг. Өнгөрсөн жилийн аравдугаар сараас хойш бэлтгэл хийж, лигийн тоглолтод оролцохдоо долоон цохиур хугалсан. Одоо найм дахийг нь аваад удаагүй байна. “Хангарьд” клубээс нэг цохиурыг 650 мянган төгрөгөөр худалдаж авдаг. Миний шүүмжлүүлдэг ганц зүйл бол энэ. Багийн ах нараас гадна гэрийнхэн, найз нөхөд хүртэл “Чи цохиураа ямар их хугалдаг юм бэ” гэдэг.
-ДАШТ-д өрсөлддөг багуудаас алийг нь дэмжиж үздэгээ сонирхуулаач.
-Хойд хөршийнхний тоглолтыг сонирхож үздэг. Монголын лигийн АШТ-д оролцдог багууд ОХУ-аас тус бүр хоёр легионер урьж, хүч сэлбэдэг. Тиймээс тэдний бүх зүйлийг харж, өөрийн тоглолтод дүгнэлт хийх дуртай. Хоккейн тэмцээний тавин хувь нь хаалгачаас хамаардаг. Тэгэхээр багууд сайн хаалгачтай байхыг зорьдог юм. Б.Зориг багш “Хангарьд” багийнхныг олон жил дасгалжуулсан. Намайг хоккей анх тоглож эхлэх үед бэлтгэл хийлгэсэн. Одоо ч хэвээрээ. Бидэнтэй цөөнгүй жил хамтран ажилласан тэрбээр эх орондоо зохион байгуулсан ДАШТ-д шигшээ багийн туслах дасгалжуулагчаар ажилласан. Өнгөрсөн жилээс Азийн АШТ-д өрсөлдөх шигшээ багийнхныг удирдаж, бэлтгэл хийлгэх эрхтэй болсон доо.
-“Хангарьд” багт тоглодог байсан Гавьяат тамирчин Н.Мишигсүрэнгээс суралцсан зүйл их бий юү?
-Байлгүй яах вэ. Түүнийг хоккейн бээлий бэлэглэхэд нь их бэлгэшээсэн. Бид нэг байранд амьдардаг хөршүүд. Нэг өдөр Н.Мишигсүрэн ах надтай тааралдахдаа “Чи хоккей тоглодог юм уу. Үүнийг ав” гээд өгч билээ. Түүнээс хойш ур чадвар минь өдрөөс өдөрт сайжирч, тэмцээнүүдэд амжилт гаргах болсон. “Хангарьд” багийнхан “Шарын гол”-ынхонтой алтан медалийн төлөө өрсөлдсөн удаа цөөнгүй. Би нэмэлт цагийн тоглолтод өөрийгөө талбайд гарна гэж бодоогүй. Тэгтэл Н.Мишигсүрэн ах “Жижиг Билгүүн талбайд гар” гээд тоглуулсан. Аваргын төлөөх шийдвэрлэх тоглолтод надад итгэл хүлээлгэсэнд одоо ч баярладаг. “Хангарьд” багийнхныг лигт зургаан удаа түрүүлэхэд түүний хичээл зүтгэл багагүй нөлөөлсөн гэж боддог.
-Легионеруудаас хамгийн түрүүнд олж хардаг зүйл тань юу вэ?
-Бидэнд легионеруудаас суралцах зүйл их байдаг. Тэдний сэтгэл зүй, амьдралын хэв маяг биднийхээс өөр ч гэлээ их нөхөрсөг, найрсаг, өөртөө итгэлтэй зантай. Тэмцээнгүй үед багийнхантайгаа чөлөөт цагаа хамт өнгөрүүлж, хөгжилтэй зүйлс ярьж, инээлдэнэ. Хоккейн тэмцээн зодоонгүй болох нь ховор. Тэр дундаа лигийн тоглолт өрсөлдөөнтэй, ширүүн өрнөдөг. Гэрийнхэн минь энэ бүхнийг мэддэг тул тэмцээний үед бэртэхгүй байхыг байнга зөвлөдөг юм.
-IV сургуулийн сурагчид хэр спортлог вэ. Тив, дэлхийн медальтнууд тус сургуульд сурдаг уу?
-Манай сургуулийн багш, сурагчид спортлог. Сайн тамирчид ч суралцдаг. Тухайлбал, хүндийг өргөлтийн өсвөр үеийнхний ДАШТ-ээс 12 дугаар ангийн нэг сурагч алтан медальтай ирсэн. Мөн жүдо бөхийн төрөлд эмэгтэй тамирчид Азийн АШТ-ээс хүрэл медаль хүртсэн гээд яривал тив, дэлхийн медальтан бий. Миний хувьд 2018 онд болсон хоккейн УАШТ-д шилдэг хамгаалагч, 2023 онд 16 хүртэлх насныхны УАШТ-ий шилдгийн шилдэг довтлогч, тэр жилээ Азийн АШТ-ий шилдэг тоглогч болсон байлаа. Энэ жил 18 хүртэлх насныхны УАШТ-ий шилдэг довтлогчоор шалгарсан. Намайг тивийн тэмцээнд шилдэг тамирчнаар шалгарахад Б.Зориг багш баяр хүргээд “Чи хүртэх ёстой шагналаа авлаа” гээд урам хайрласан шүү.