Манай улс одоо болтол зүрхний хүнд өвтэй хүүхдүүдээ гадаадынхныг царайчилж эмчлүүлсээр буй. Ялунгуяа зүрхний төрөлхийн хүнд хэлбэрийн, хавсарсан гажигтай хүүхдүүдийг нэг бол гадаадад, эсвэл олон улсын эмч нарыг гуйж дотооддоо мэс засал хийлгэж байна. Жил бүр л цөөнгүй орны эмч Улсын гуравдугаар төв эмнэлэг (УГТЭ) болон ЭХЭМҮТ-д ирж, дээрх оноштой нялхаст хагалгаа, эмчилгээ хийгээд буцдаг. Тэр бүрд олон нийт “Монголчууд одоо болтол зүрхний өвчтэй хүүхдүүдээ эмчилж чаддаггүй юм уу, эсвэл төрөлхийн гажиг тэгтлээ нэмэгдээд байгаа хэрэг үү” гэж гайхаж хоцордог. Тэгвэл сүүлийн 10 жилд манайд зүрхний төрөлхийн гажгийн мэс засал 8.5, хүнд хэлбэрийн гажиг зургаа, хөнгөн хэлбэрийнх нь 3.7 дахин нэмэгдсэнийг УГТЭ-ийнхэн хэлсэн. Тус эмнэлгийнхэн улсын хэмжээнд энэ төрлийн өвчний оношилгоо, эмчилгээг дангаараа хийдэг бөгөөд одоогоор хүүхдийн төрөлхийн зүрхний эмгэгийн 60 орчим хувийг эх орондоо эмчилж байгаа аж.
2012 онд хийсэн “Зонхилон тохиолдож буй зүрхний төрөлхийн гажгийн хөдлөл зүй, чиг хандлага ба зарим эрсдэлт хүчин зүйл” судалгаанд төрөлхийн хөгжлийн гажиг, түүний шалтгаант нас баралтыг сүүлийн 10 жилийн үзүүлэлтээр харьцуулсан байв. Тухайн үед буюу 1998 онд зүрхний төрөлхийн гажгийн шалтгаант нас баралт 30 бүртгэгддэг байсан бол 2003 онд 78-д хүрч, 2008 онд 125 гэхчлэн өсжээ. Зүрхний эмгэг, гажгийн улмаас хэвтэн эмчлүүлэгсдийн эмчилгээний үр дүн 10 хүрэхгүй хувьтай байж. Тэгвэл 2018 онд Улаанбаатарт болсон зүрх, судасны үндэсний их хурлын үеэр хүн амын зүрх, судасны өвчлөлөөс шалтгаалсан нас баралтыг “Тогтвортой хөгжлийн зорилт 2030”-д 10 мянган хүн тутамд 14 болтол бууруулах зорилт тавьсныг дурджээ. Мөн 2030 он гэхэд зүрх, судасны мэс заслын тоо 2018 оныхоос 72.4 хувиар нэмэгдэнэ гэсэн тооцооллыг УГТЭ-ийн Зүрх, судасны үндэсний төвөөс гаргасныг танилцуулсан байна. Өөрөөр хэлбэл, сүүлийн 30 жилд зүрх, судасны өвчин тасралтгүй өсөж, нөхцөл байдал огтхон ч өөрчлөгдөөгүй аж.
Хүүхдийн зүрхний өвчлөл сүүлийн жилүүдэд нэмэгдэх болсонд өнөөх л агаарын бохирдол, цаашлаад эцэг, эхийн удамшлын эмгэг, амьдралын хэв маяг голлон нөлөөлж буйг эмч нар хэлнэ лээ. Гэхдээ эдгээр нь нөлөөлөх хүчин зүйл боловч зүрхний гажгийн шалтгаан олон улсад өнөө хэр тодорхойгүй хэвээр. Саяхан буюу өнгөрсөн сард БНСУ-ын Сөүлийн үндэсний их сургуулийн Хүүхдийн эмнэлгийн зүрхний мэс засалч Ким Вүүн Хан профессороор ахлуулсан баг Монголд ээлжит удаагаа ирж, УГТЭ-ийн эмч нарыг ажлын байранд нь сургалтад хамруулж, зүрхний төрөлхийн хавсарсан, хүнд гажигтай хүүхдүүдэд мэс заслын тусламж, үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлсэн. Энэ үеэр Ким Вүүн Хан профессор “Монгол Улсад зүрх, судасны өвчлөл хурдацтай нэмэгдэн, хүн амынх нь нас баралтын тэргүүн шалтгаан болж буй гэсэн судалгаа цөөнгүй хийсэн байдаг. Эмч, мэргэжилтнүүдийг хэчнээн сургаж, хөгжүүлсэн ч энэ салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхгүйгээр, тоног төхөөрөмжийн хангамжийг сайжруулахгүйгээр мэс заслын тусламж, үйлчилгээнд ахиц дэвшил гарахгүй. Тиймээс зүрхний төрөлхийн гажгийг дотооддоо бүрэн эмчлэхэд төрийн оролцоо их чухал. Тэр дундаа Монголын хувьд зүрх, судасны мэргэшсэн эмнэлэгтэй болох, улмаар эрт илрүүлгийн тогтолцоог сайжруулах нэн шаардлагатай” гэж ярьсан юм.
УГТЭ нь хүүхдийн зүрхний төрөлхийн гажгийн мэс заслыг эх орондоо бүрэн нутагтшуулах, тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдээ сургаж чадавхжуулах чиглэлээр БНСУ-ын Сөүлийн үндэсний их сургуулийн эмнэлэг, JW LEE даяаршлын анагаах ухааны төвтэй 2013 онд хамтран ажиллах гэрээ байгуулжээ. Тэд Сөүлийн үндэсний их сургуулийн эмнэлгийнхэнтэй 12 дахь жилдээ хамтран ажиллаж буй гэсэн үг. Мөн АНУ, Люксембургийн Их Гүнт Улсын эмнэлгүүдтэй ч зүрх, судасны эмчилгээ, оношилгооны чиглэлээр сүүлийн 20 гаруй жилийн турш хамтран ажиллаж, цөөнгүй төсөл, хөтөл бөр хэрэгжүүлж ирсэн. Үндсэндээ УГТЭ-ийнхэн 15 улсын 36 их сургууль, тэдгээрийн түшиц эмнэлэгтэй байнга хамтран ажилладаг юм байна. Харамсалтай нь, төсөв мөнгөний гачигдал, тоног төхөөрөмжийн дутагдлаас болоод зүрх, судасны хүнд хэлбэрийн өвчнүүдийг эмчилж чадахгүй байгаагаа учирласан. Өнгөрсөн оны есдүгээр сард 70 жилийн ойгоо тэмдэглэсэн эмнэлгийн бодит нөхцөл байдал нэг иймэрхүү л байна.
Дэлхийн хэмжээнд зүрхний төрөлхийн гажиг нь нийт амьд төрөлтийн нэг хувийг эзэлдэг. Энэ нь аутизмын хүрээний эмгэгтэй ижил түвшний тархалттай байгааг илтгэнэ гэж ДЭМБ-ын судалгаанд дурджээ. Харин манайд зүрхний төрөлхийн эмгэг 100 төрөлт тутамд нэг тохиолдож буй нь олон улсынхтай харьцуулахад харьцангуй өндөр үзүүлэлт юм. Тодруулбал, Монголд жилд дунджаар 400-500 хүүхэд төрөлхийн зүрхний ямар нэгэн эмгэгтэй төрж, энэ нь нярайн эндэгдлийн тэргүүлэх шалтгаануудын нэг болсоор байна. Хүүхдийн зүрхний өвчнийг эрт илрүүлж, цаг алдалгүй зохих эмчилгээг хийснээр бүрэн эдгээх боломжтой ч олон улсад ч мэс заслын өртөг өндөр байдгаас цөөнгүй гэр бүл эмчилгээний зардлыг хүчирдэггүй аж.
Зүрхний төрөлхийн гажгийн хүнд хэлбэрийн эмчилгээний өртөг нь улс орон, эмнэлгийн чадавх, мэргэжилтнүүдийн ур чадвар, нарийн төвөгтэй байдал, эмчилгээний аргаас хамаараад харилцан адилгүй. Жишээлбэл, зүрхний хэм алдагдлын үеийн бичил пейсмейкер суулгах эмчилгээг олон улсад 100-150 сая төгрөгөөр хийж байна. Тэгвэл АНУ-д зүрхний төрөлхийн гажгийн мэс заслын өртөг төрлөөсөө хамаараад 20 000-100 000 ам.доллар. Харин манайд зүрх, судасны эмчилгээ, оношилгоо, мэс заслын зардал харьцангуй хямд. Зүрхний болон гол судасны төрөлхийн гажгийн эмчилгээг гэхэд л Эрүүл мэндийн даатгалын сангаас 100 хувь санхүүжүүлдэг болсон. Гэсэн ч дээр хэлсэнчлэн нарийн мэргэжлийн тоног төхөөрөмж, технологи дутмагаас зүрхний хүнд хэлбэрийн, хавсарсан эмгэгтэй хүүхдийн эцэг, эх өдгөө аргагүй эрхэд олон нийтээс хандив, тусламж гуйж, эмчилгээний зардал цуглуулахаас өөр аргагүй нөхцөлд орсоор байгаа юм.
Манайд зүрхний гажигтай төрж буй хүүхдүүдийн 30-40 хувьд нь нарийн технологи бүхий мэс заслын эмчилгээ шаардлагатай байгааг УГТЭ-ийн эмч нар хэлсэн. Ерөнхийдөө зүрхний хэчнээн гажиг хавсарч буйгаас хамаарч эмчилгээ, хагалгааны заалт нь өөр. Зарим хүүхдийг төрсөн даруйд нь хагалгаанд яаралтай оруулах шаардлагатай бол хөнгөн хэлбэрийн эмгэгийн үед ажиглах заалттай гэхчлэн эмчилгээ нь харилцан адилгүй аж. Тухайн хүүхэд жирэмсний ямар хугацаанд зүрх нь гэмтсэнээс шалтгаалаад эмгэг нь ч хүнд, хөнгөн янз бүр илэрдэг. Жирэмсний 22 долоо хоногтойгоос эхлэн ургийн зүрхний өвчнийг илрүүлэх бүрэн боломжтой учраас эл хугацаанд хяналтыг сайн хийх хэрэгтэй. Хэт авиан шинжилгээгээр оношлогдоогүй болон зохих хугацаанд шинжлүүлээгүй бол төрсний дараа үндсэн хоёр шинж тэмдгээр нярайн зүрхний өвчнийг “барьж авдаг” гэсэн. Эхнийх нь зүрхний хэм алдагдах, удаах нь хүүхэд хүчтэй хөдөлгөөн хийх төдийд амьсгаадах, уйлах, нүд, уруул ам, хурууны үзүүрүүд хөхрөх шинж тэмдэг илэрдэг байна. Энэ тохиолдолд эцэг, эхчүүд хүүхдээ нарийн мэргэжлийн эмчид үзүүлж, шинжлүүлэх нь зүйтэй.
Бүс нутгийн онцлогоос шалтгаалаад тухайлбал, далайн түвшнээс дээш өргөгдсөн газарт зүрхний гажигтай хүүхэд төрөх магадлал их байдгийг УГТЭ-ийн Зүрх, судасны үндэсний төвийн дарга, хэм судлалын их эмч Х.Мөнгөн-Өлзий хэлсэн юм. Мөн агаарын бохирдол, нийгмийн стресс, жирэмсний үед янз бүрийн эм, тариа хэрэглэх зэрэг нь ч үүнд нөлөөлдөг гэлээ. Гажиг нь хэмжээ, өвчний зэргээс хамаарч тухайн хүнд илрэх зовуурь, бусад эд, эрхтнийг гэмтээх, хүндрэл өгөх нь ч өөр юм байна. Жижиг хэмжээний цоорхой зүрхэнд ачаалал өгдөггүй, мэдэгдэхгүйгээр аяндаа аних тохиолдол ч бий аж. Гэхдээ жижиг хэмжээтэй зүрхний цоорхой цус харвалтын шалтгаан ч бас болох эрсдэлтэй.
УГТЭ-ийн “нөгөө талд” хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагынхан 2020 оноос эхлэн үндэсний хэмжээнд “Зүрх мартахгүй” төслийг хэрэгжүүлж, олон нийтийн хандив, дэмжлэгээр хүүхдийн төрөлхийн хөнгөн хэлбэрийн эмгэгүүдийг үнэ төлбөргүй эмчилж ирсэн. Улсын урдаа барьдаг ганц эмнэлгийнх нь тоног төхөөрөмжийн чадавх, хувийн хэвшлийнхэн гуйлга гуйж өвчтэй хүүхдүүдийг энэрч асарч байгаа зэрэг нь үнэндээ ядсан, хоног хугацаа хожсон л арга болохоос шийдэл биш гэдгийг эмч, судлаачид ч хэлдэг. Харамсалтай нь, энэ хөөрхийлөлтэй байдлыг төр засаг, салбарын яам мэдсээр байж олон жил амаа үдүүлсэн мэт дуугүй явав. Харин өнгөрсөн оны сүүлчээс Монголд эмчлэх боломжгүй өвчний жагсаалтаас зүрхний төрөлхийн гажгийн хүнд хэлбэрийн эмгэгийг хасах зорилгоор эмч, мэргэжилтнүүдийг сургаж, шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангах ажлыг эхлүүлсэн хэмээн ЭМЯ мэдэгдээд буй. Гэхдээ Ким Вүүн Хан профессорын хэлсэнчлэн эмч, мэргэжилтнүүдээ манайх сүүлийн 30 орчим жил л сургаж буй юм билээ. Шаардлагатай төсвийг хуваарилж, сүүлийн үеийн багаж, тоног төхөөрөмжөөр хангахгүй л бол бид дараагийн 10 жилд ч гадаадынхныг царайчилсаар сууж ч мэдэх юм.