Аялал жуулчлалын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагынхан “Монголд зочлох жил” санаачилгын хүрээнд “Аялал жуулчлалын нэгдсэн арга хэмжээний цаглавар” гаргаж, Засгийн газраар батлуулдаг уламжлал тогтоод буй. Ингэхдээ үндэсний болон олон улсын хэмжээнд ямар арга хэмжээ зохион байгуулах тухай саналыг аялал жуулчлалын байгууллагуудаас урьдчилан авч боловсруулаад, оны эхэнд зарладаг. Тэгвэл Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамнаас 2025 оны арга хэмжээний нэгдсэн цаглаврыг боловсруулж, өнгөрөгч долоо хоногт Засгийн газрын хуралдаанд танилцуулснаа мэдээлэв.
Өнөө жил олон улсын хэмжээнд соёл, спорт, аялал жуулчлалын 42 арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөжээ. Энэ нь ирэх сарын 3-9-нд болох “Аялал жуулчлалын долоо хоног”-оор эхэлж, “Мазаалай” цас, мөсний баяр, “Юү Би байк” дугуйн, “Талын салхи” мото фестиваль, “Asian folk”, “Баргажин”, “Нүүдэлчин” зэрэг ардын урлаг, өв соёлын наадмаар үргэлжлэх нь. Харин үндэсний хэмжээнд 67 үйл ажиллагаа товложээ. Дотооддоо зохион байгуулах арга хэмжээний салхийг Архангайн “Winterland ice” фестивалиар хагалж, “Түмэн тэмээний баяр”, “Улаанбаатарын өвлийн наадам”-аар буухиалах аж. Хоёр болон арваннэгдүгээр сард үндэсний хэмжээнд хамгийн олон эвент болох нь. Орон нутгийн шинж чанартай 65 үйл ажиллагаа явуулахаар төлөвлөжээ. Үүний 21-ийг нь наймдугаар сард товлосон байна. Үндсэндээ манай улс 2025 онд үндэсний болон олон улсын хэмжээнд, орон нутагт нийт 174 арга хэмжээ зохион байгуулахаар хөтөлбөрт тусгажээ.
Ж.Сувд