“Засгийн газар огцор” жагсаал Сүхбаатарын талбайд өнөөдөр долоо дахь өдрөө үргэлжилж байна. Эрх чөлөөний эвсэл намынхан энэ сарын 22 хүртэл жагсана гэж буй. Тэр хүртэл зорилго нь биелнэ хэмээн тооцсон бололтой. Утаа, түгжрэл, татварын нэмэгдэл, авлига хэрээс хэтэрснийг эсэргүүцэж, энэ бүхний эсрэг шийдэл гаргаж чадахгүй байна хэмээн үзсэн иргэдийн төлөөлөл ийнхүү жагсаж байгаа юм. Гэвч долоо хоног өнгөрч байхад Ерөнхий сайдын зүгээс ямар нэгэн тайлбар хийсэнгүй, УИХ-ын гишүүдээс ч байр сууриа бараг илэрхийлсэнгүй. Гэхдээ жагсагчдын биед халдах, уриа лоозонг нь булаах, урж тасдах, Засгийн газрыг хамгаалсан эсрэг жагсаал хийх зэрэг ажиллагаа үргэлжилж байна. Шийдвэр гаргах түвшнээс л ямар нэгэн хариу алга. Иргэд үг хэлэх, жагсаал, цуглаан хийх эрхээ эдэлж, шаардлага тавьж байгаа ч энэ нь шууд утгаараа Засгийн газрыг огцруулах үндэслэл болохгүй. Хуулийн дагуу уг асуудлыг УИХ-аар шийддэг. Мөн хоёр л тохиолдолд Засгийн газар огцрох хууль, эрх зүйн зохицуулалт бий.
Огцрох хоёр хувилбар
Засгийн газрыг огцруулах асуудлыг УИХ-аар хэлэлцэх хоёр хувилбар бий. Үндсэн хуулийн 43.1-т заасны дагуу парламентын нийт гишүүний дөрөвний нэгээс доошгүй нь Засгийн газрыг огцруулах саналыг албан ёсоор гаргаж, улмаар олонх нь дэмжсэн нөхцөлд гүйцэтгэх засаглалын бүрэн эрхийг дуусгавар болгодог. Үүний дагуу бол 32 гишүүн хамтарч санал гаргах учиртай.
Гишүүдийн санаачилгаар Засгийн газрыг огцруулдаг жишиг манайд бий. 1996 оны сонгуулиар Ардчилсан холбоо эвсэл олонх болж, төрийн эрхийг барьсан. Гэвч олон намаас бүрдсэн эвслийнхэн хөлөө жийлцэж, АН-ын дотор “Элсний 13” нэртэй бүлэг байгуулагдсанаар тэд МАН-ынхантай хамтран Засгийн газраа огцруулж байв. Эл дөрвөн жилд Засгийн газрыг гурван удаа огцруулж, сольсон юм.
2012-2016 онд мөн АН-ынхан Шударга ёс эвсэлтэй хамтран Засгийн газраа байгуулсан. Н.Алтанхуягийн Засгийн газар АН-ын түүхэнд хамгийн удаан буюу хоёр жил гаруй ажилласны эцэст “Шонхор” фракцынхан МАН-тай хамтарч огцруулж байлаа. Гэхдээ УИХ-ын гишүүдийн зүгээс гүйцэтгэх засаглалыг огцруулсан эдгээр түүх зөвхөн АН олонх байхад давтагдсаныг санах хэрэгтэй.
Хоёрдугаар хувилбар бол Ерөнхий сайд өөрийн хүсэлтээр огцрох. Засгийн газрын тухай хуулийн 22.1-т зааснаар “Биеийн эрүүл мэндийн байдал, хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болсноос албан тушаалаас чөлөөлж өгөх тухай хүсэлтээ Ерөнхий сайд УИХ-д, Засгийн газрын гишүүн нь Ерөнхий сайдад тус тус өргөн мэдүүлж болно” хэмээн заажээ. Ерөнхий сайд нь огцорсон бол Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорсонд тооцдог хуультай. Ийм туршлага бидэнд бас бий. Монгол Улсын 31 дэх Ерөнхий сайд У.Хүрэлсүх өөрийн хүсэлтээр огцорсны дараа Л.Оюун-Эрдэнэ түүний орыг авсан билээ. Төрөөд удаагүй эх, нярай хоёрыг “Ковид-19”-ийн халдвартай хэмээн үзэж, идэр есийн хүйтэнд гэрийн халаад, шаахайтай чигээр нь ХӨСҮТ рүү шилжүүлснийг иргэд шүүмжлэн жагсахад Ерөнхий сайд шууд огцрох хүсэлтээ гаргаж байсан юм. Уг жагсаал У.Хүрэлсүхийн хувьд шалтаг байсан ч иргэдийн шаардлагаар Засгийн газар огцорч болдгийг харуулсан. 1990 оны хувьсгалаар ч улс даяар өрнөсөн эсэргүүцлийн тайван жагсаалыг тухайн үеийн МАХН-ын Улс төрийн товчоо хүлээн авч, бүрэлдэхүүнээрээ огцорсноор ардчилсан тогтолцоонд шилжсэн түүх бий.
Жагсаалын үр дүн байна уу
Жагсаал эхлээд долоо хоносон ч УИХ-ын гишүүд мэдээгүй, сонсоогүй царайлж сууна. Уг парламентад төлөөлөлтэй болсон дөрвөн нам, нэг эвслээс МАН, АН, ХҮН нам хамтарч Засгийн газраа байгуулсан. Тэгэхээр 118 гишүүнтэй бүлэг гүйцэтгэх засаглалаа хамгаалж байна гэсэн үг. Жагсаалын хоёр дахь өдөр Эрх чөлөөний эвсэл намын дарга Б.Цацралын биед хэсэг хүн халдаж, талбайгаас чирэн гаргахыг оролдсон. Энэ талаар гишүүн Ж.Баярмаа байр сууриа илэрхийлж, “Ингэж хүний эрхэд халдаж болохгүй” гэжээ. Мөн Д.Ганбат гишүүн өчигдрийн чуулганы хуралдааны үеэр “Энэ Засгийн газар хамгийн их эрх мэдэлтэй байна. Гадаа хүмүүсийн амьдрал хүнд байхад сайд, дарга нарыг тойрсон хэдийнх нь л амьдрал сайжраад байх шиг. Үүнийг нь хэлж, Үндсэн хуульд заасан эрхээ эдлэн жагсаж буй эмэгтэйг их гутаан доромжилж байна. Ийм байвал Засгийн газартай хариуцлага тооцно шүү” гэсэн юм. Ганц хоёр хүн иймэрхүү зүйл ярихаас өөрөөр гишүүд хөдлөх шинж алга.
Харин ардчилсан, шинэ Үндсэн хууль баталсны 33 жилийн ой буюу энэ сарын 13-нд гишүүн Б.Пүрэвдорж, Ч.Лодойсамбуу, А.Ундраа, Г.Уянгахишиг нар Нэмэгдсэн өртгийн албан татварыг таван хувь болгох тухай хуулийн төсөл санаачилж буйгаа мэдэгдсэн. Нийт татварын 25 хувийг НӨАТ бүрдүүлж буй бөгөөд эдүгээ 10 хувь байгаа эл татварыг тав болгон бууруулахаар төсөлд тусгасан байна. Төлсөн НӨАТ-аасаа бид хоёр хувийг нь буцаан авдаг. Тэгвэл үүнийг нэг хувиар нэмж, гурав болгох аж. Ингэснээр иргэд, аж ахуйн нэгжид оногдох татварын ачааллыг бууруулна гэж үзжээ. Гэхдээ татвар бууруулах агуулгатай хуулийг УИХ хэлэлцэхдээ тун хойрго ханддаг нь нууц биш. Хэдийгээр Засгийн газрыг огцруулах талаар тэд хөдлөөгүй ч иргэдийн шаардаж буй зарим зүйлийг сонссон бололтой юм.
Мөн УИХ-аас байгуулсан Агаарын бохирдол, утааны асуудлаар ерөнхий хяналтын сонсголын бэлтгэлийг хангах, зохион байгуулах ажлын хэсэг уржигдар Төрийн ордонд “Агаарын бохирдол-Хүн амын эрүүл мэнд” сэдвээр хэлэлцүүлэг зохион байгуулав. Энэ үеэр Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат агаарын бохирдол нь хүн амын өвчлөл, нас баралтын шалтгааны дээрээс 4-5 дугаарт жагсаж буйг дуулгасан. Мөн уушгины хатгалгаа өвчлөлийн 18, уушгины архаг бөглөрлийн 13.3, тархины судасны өвчний 31, зүрхний ишемитийн 31.4 хувийг эзэлж буй тоон баримтыг онцолно лээ. Энэ мэтээр мэдээлэл танилцуулж, хиймээр байгаа ажлуудаа ярилцсан. Цаашид хоёр ч удаа цуврал хэлэлцүүлэг хийх юм билээ. Засгийн газрыг огцруулах үндэслэлүүдийн нэг болж буй утааны асуудлаар УИХ ийнхүү цуврал хэлэлцүүлэг хийж, баахан тоо баримт, мэдээлэл сонсож байна. Гэхдээ бодит үр дүн нь хэзээ гарах юм, бүү мэд.
Өөрийг нь огцруулахыг шаардаж буй жагсагчдын талаар ямар ч үг унагахгүй, эсрэгээрээ хамгаалах арга хэмжээ л авч байгаа Ерөнхий сайдын зүгээс хүсэлтээрээ огцорно гэж хүлээх аргагүй. Уг нь тэрбээр Төрийн ордны өрөөндөө бүгэхгүй, олон нийтийнхээ дунд орж ажиллана гэж байсан ч жагсаал болохын өмнөхөн хэсэг ил гараад л буцаад “ичээндээ” орчихов бололтой.
Жагсаал, цуглаантай холбоотойгоор өчигдөр ЦЕГ-аас мөн мэдээлэл хийв. Энэ хугацаанд нийт 13 гомдол ирүүлсний долоо нь гэмт хэргийн, үлдсэн нь зөрчлийн шинжтэй байжээ. Эдгээрийг шалгаж эхэлсэн гэнэ. Цагдаагийн байгууллага иргэдийн жагсаал, цуглаан хийх эрхэд хүндэтгэлтэй хандаж, хүний эрх болон аюулгүй байдлыг хангах чиглэлээр байнгын бэлэн байдалд байж, зөвлөмж, зөвлөгөө өгч ажиллаж байгаа аж. Эрх чөлөөний эвсэл намын дарга Б.Цацралын биед халдсан хүмүүсийг тогтоож, Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтэст шалгаж буй гэнэ. Мөн зам хаасан, төрийн албан хаагчдын шаардлагыг биелүүлээгүй, Төрийн ордон руу бие зассан гэх мэт зөрчлийг шалгаж байгааг дуулгасан. Жагсаалын эхний өдөр төрийн тусгай албан хаагч нэг хүний биед жагсагчид халдаж, савхан ясыг нь хугалсан хэрэг гарчээ. Цагдаагийн байгууллага ялгавартай хандаж, зарим хэргийг “харахгүй” байна гэсэн шүүмжлэлийг тэд үгүйсгэж, “Нийгмийн сүлжээгээр гарч буй бичлэг, санал гомдолтой холбоотой бүх зүйлийг бид шалгаж байгаа” гэсэн.
Ямартай ч эхний өдөр иргэд жагсаалд олноороо нэгдсэн. Гэвч өдөр ирэх тусам идэвх нь буурсаар байна. Эхлүүлсэн хэдэн хүн, тэднийг эсэргүүцсэн бүлгийнхэн л талбай тойрон “эргэлдэж” байх шиг. Ийнхүү жагсаалыг нь үл тоож буй учраас Эрх чөлөөний эвсэл намын дарга Б.Цацрал, гишүүн Э.Одбаяр нарын таван хүн өлсгөлөн зарлахаа мэдэгдсэн байна лээ. Мөн энэ сарын 20-нд бүх нийтээр ажил хаяхыг уриалж жагсах нь. Өлсгөлөн зарлаад эхэлбэл эрхбиш Засгийн газрын тэргүүн тайлбар хийж, шийдэл гаргана гэж тэд найджээ.