Түрүүч нь https://www.unuudur.mn/a/273205
2022 оны зургаадугаар сарын 8-нд эцэг, эхчүүд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдээ тэврэн Төрийн ордны гадна жагсаж, тархины саажилт, уналт таталтын эсрэг эмийн хангамжийг нэмэгдүүлэхийг төр засгаас шаардсан юм. Гэвч өнөө хэр нь өвчтөнүүдийн эм байнга тасарч, олдоц муутай хэвээрээ байгааг бид өнгөрсөн лхагва гаргийн дугаартаа хөндсөн билээ. Өөрөөр хэлбэл, гурван жилийн өмнөх жагсаалын үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, тухайн үеийн Эрүүл мэндийн сайд С.Энхболд тэргүүтэй дарга нар тархины саажилт, уналт таталттай өвчтөнүүдэд шаардлагатай эмүүдийг улсын бүртгэлд бүртгэж, хангамжийг нэмэгдүүлнэ гэж амласан ч одоо болтол биелүүлсэнгүй.
Өнгөрсөн хугацаанд энэ төрлийн эмийн худалдааг хөсөр хаяснаас болж эм ханган нийлүүлэх компанигүй, эмийн сан эрхлэх зөвшөөрөлгүй хувь хүмүүс уналт таталтын эсрэг эмийн бизнест “эзэн сууж”, үнийг нь дураараа тогтоож, нийлүүлэлтийг нь тасалдуулдаг болжээ. Ийм байхад “Иргэн бүрийг чанарын баталгаатай, аюулгүй, эмчилгээний үр дүнтэй эм, эмнэлгийн хэрэгслээр хүртээмжтэй хангаж, амьдралын чанарыг нь сайжруулна” гэсэн уриатай эмийн агентлаг гэх данхар бүтэцтэй байгууллагынхан хаана байсан бэ. 10 гаруй мянган хүний өдөр бүр уух заалттай эмийн хангамжийг хувийнхан мафийн сүлжээ болгочхоод байхад Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар (ЭЭХХЗГ)-ынхан нүдэн балай чихэн дүлий сууж болох уу.
77 нэрийнх бус, 20 төрлийн эмийг л даатгалаас хөнгөлж байна
Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар (ЭМДЕГ)-аас уналт таталтын эсрэг 77 нэр, төрлийн эмийг хүүхдэд даатгалаар 100, насанд хүрэгчдэд 70 хувийн хөнгөлөлт үзүүлж буйг мэдээлсэн. Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 11 дүгээр тогтоолоор баталсан зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтыг шинэчлэн баталсны дагуу ийнхүү хөнгөлөлт үзүүлж буйг дурдсан юм. Харамсалтай нь, бодит байдалд уналт таталтын эсрэг 77 нэр, төрлийн эм зайлшгүй шаардлагатай эмийн X, хүүхдийн III жагсаалтад багтаагүйг бид өмнөх нийтлэлдээ ил болгосон билээ. Эдгээр жагсаалтад уналт таталтын 20 эмийг л оруулж, даатгалаас хөнгөлөлт үзүүлж буй юм. Гэтэл эдгээр эмийг өвчтөнүүд өргөн хэрэглэдэггүй, бага тунтай, чанаргүй учраас дамлан борлуулагчдаас үнэтэй ч гэсэн үйлчилгээ сайтайг худалдаж авч буйгаа учирлав.
Иргэн Д-гийн асран хамгаалагч “Ах маань 1996 оноос буюу хүүхэд байхаасаа л групп тогтоолгож, уналт таталтын эсрэг эм ууж ирсэн. Өнгөрсөн 29 жилийн турш бусдын асрамжид, өдөр бүр эм ууж байна. Эхэндээ 200 мг-тай эмийг өдрийн гурваар уудаг байсан. Эмчийн заавраар аажимдаа тунг нь ихэсгэнэ, бүр үйлчлэхгүй болсон үед эмийг нь сольдог. Ихэвчлэн өөр эмтэй хавсран хэрэглэдэг. Нэг эмийг дунджаар таван жил уугаад солиулдаг. Сүүлийн үеийн судалгаагаар уналт таталтын эмийг зургаан сар тутамд солих шаардлагатай ч гэж үзэж буй. Харин манайд энэ төрлийн мэдээлэл хомс, тусламж, үйлчилгээ хүртээмжгүй хэвээрээ л байна. Ах минь мэдрэлийн эмчийн хяналтад, олон жил өчнөөн эм сольж уугаад төдийлөн үр дүнд хүрсэнгүй, биеийн байдал нь улам л дордсоор. Тархины саажилт, уналт таталтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, улсдаа урдаа барьдаг гэх бүх л эмнэлгээр явж үзлээ. Сүүлд уламжлал, шинэчлэлийг хослуулсан эмнэлэгт эмчилгээ хийлгүүлээд овоо дээрдэж байгаа ч даатгалаар хөнгөлөлттэй олгож буй эмүүд нь үйлчилгээ үнэхээр муутай юм. Эмээ уусан ч өдөрт хоёр ба түүнээс олон удаа унаж татдаг. Уг нь ийм эмүүд нь өвчтөнүүдийн зовуурийг арилгах, унаж татахаас сэргийлэх үйлчилгээтэй байдаг. Ерөнхийдөө эмчийн бичиж өгсөн эмийг авах гэхээр Монголд байхгүй, хувийнхаа зардлаар гадаадаас оруулж ирэх болдог. Таарч тохирохгүй эм уулгаад байвал эмчлэгдэхээсээ илүү хор учруулдаг болохоор саажилттай, уналт таталттай өвчтөнүүдийн ар гэрийнхэн хувь хүмүүсээс сайн чанарын эм авахыг илүүд үздэг. Бид хоёр ч гэсэн боломжтой үедээ хувь хүмүүсээс эм авна. Боломж тааруу үедээ даатгалаар олгож буйг нь авахаас өөр сонголтгүй” гэж ярилаа.
Эпилепситэй өвчтөнүүдэд нэн шаардлагатай буюу ийм оноштой иргэдийн дийлэнхэд нь сонгомлоор үйлчилдэг, сайн чанарын эмүүдийг улс одоо болтол бүртгэхгүй, чанаргүйг нь шахсаар байгаагийн цаад шалтгааныг энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг мэргэжлийн холбооны нэгэн эх сурвалж бидэнд ингэж тайлбарласан юм. “Тархины саажилт, уналт таталт өвчний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, мэргэжлийн холбоод 2022 оны жагсаалаас хойш яам, агентлагуудаар хөлөө цуцтал явж, шаардлагатай эмүүдийг улсад бүртгэж өгөх хүсэлтүүдээ тавьж ирсэн. Нөхцөл байдал өөрчлөгдөөгүй, хүндхэн л байна. Бүртгэлгүй эм оруулж ирж, дамлан зардаг хүмүүс эхнээсээ баригдаж, хүнд өвчтэй хэд нь өнөөхөө ч авч чадахаа байсан. Үндсэндээ өнгөрсөн хугацаанд сайд, дарга нар жагсагчдын шаардлагыг биелүүлнэ гэж амлачхаад ачир дээрээ дандаа хямд үнэтэй, чанаргүй эмүүд улсад бүртгэсэн. Европын орнуудаас чанартай, үйлчлэл сайтай эм оруулж ирье гэхээр түмэн шалтаг тоочоод хөдлөөгүй. Тухайлбал, унаж татдаг хүмүүсийн олонх нь уудаг герман эмийг оруулж ирэхгүй мөртлөө ямар ч хэрэггүй орос эм олноор бүртгэх жишээтэй. Би өөрөө уналт таталтын эм уудаг болохоор зовлонг нь сайн мэднэ. Олон улсад ийм өвчтэй хүмүүст “Эпилепси” электрон болон резинэн бугуйвч зүүлгэж, энд тэнд унаж татсан үед нь эмнэлгийн тусламж яаралтай үзүүлдэг. Ар гэрийнхэн нь GPS-ээр нь хайж олоход ч хялбар. Харин манайд өвчтөнүүдийг гудамжинд ухаан алдаад уначихсан байвал эрүүлжүүлэх байр луу ачаад явах нь энүүхэнд. Ийм тохиолдол ч олон гарч байсан” гэв.
Дархан эрхтэй компанийн ард ЭМЯ-ны өндөр албан тушаалтан байдаг гэв үү
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн 2022 оны жагсаалын үеэр сайд, дарга нар “Иргэдийн шаардаж буй, нэн хэрэгцээт эмүүдийг хувийнхан оруулаад ир. Бид улсын бүртгэлд бүртгээд өгье. Дүрэм журмынх нь дагуу лицензийг нь өгье” гэх сургаар хувь хүмүүс уналт таталтын эмүүдийг шууд худалдан авалт (үйлдвэрлэгчээс дундын зуучлагчгүйгээр худалдан авч, нийлүүлэх үйл явц), нэг удаагийн лиценз нэрээр оруулж ирэн арилждаг болсон тухайд өөр нэгэн мэргэжлийн холбооны эх сурвалж ийн хэлэв. Тэрбээр “Өвчтөнүүдэд нэн хэрэгцээтэй, уух заалттай, үйлчлэл үзүүлэхүйц чанартай нь хөнгөлөлттэй эмийн жагсаалтад байхгүй. Улсад бүртгээгүй эмүүдийг хувь хүмүүс хэрхэн оруулж ирж, өндөр үнээр борлуулаад байгааг гадарлана аа. Жагсаалаас хойш уналт таталтын эсрэг эмийн хангамжид мафийн сүлжээ үүсчхээд буй. 40 гаруй нэр, төрлийн эмийг өчнөөн мянган ширхэг, хайрцгаар нь лицензгүйгээр оруулж ирсэн хувийн компаниуд ч бий. Мэдээж гаалийн байгууллагынхан тусгай зөвшөөрөлгүй хэмээгээд хураасан байгаа юм. Тэгэхээр нь сайд, дарга нарын нөгөөх амлалт, аман шийдвэрүүдээр халхавчлан, нийгмийн хариуцлагын хүрээнд оруулж ирсэн мэтээр жүжиглэж, эм ханган нийлүүлэх байгууллагуудтай хувь тохирч, зарж борлуулдаг үзэгдэл гаарсан. Ашгаасаа хувь хүртээнэ гэсэн үг. Тэгээд ч болоогүй тухайн эмүүдийг даатгалд хамруулахдаа тусгай зөвшөөрөлтэй эм ханган нийлүүлэх байгууллагуудыг ашигласан байна лээ. Уг нь хууль, журмаараа эм ханган нийлүүлэх тусгай зөвшөөрөлгүй хувь хүн, аж ахуйн нэгж их хэмжээний эм оруулж ирж болохгүй. Худалдан борлуулах ч эрхгүй. ЭМДЕГ ийм замаар импортолсон эмүүдэд ч хөнгөлөлт үзүүлэх ёсгүй. Энэ бүхнийг хувь тохирох зарчмаар буюу авлигаар шийддэг гэж сонссон. Яг энэ зарчмаар ажиллаж ирсэн компани бол МIME&H. Тэд дэргэдээ “MK speed future asset” ХХК нэртэй охин компани байгуулж, бүр эм ханган нийлүүлэх зөвшөөрөл хүртэл авчихсан гээд бод доо. МIME&H компанийн захирал нь 9911-тэй дугаартай, MK-ийнхээ менежерийг давхар хийдэг. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн мэргэжлийн холбоод өчнөөн л хэл ам хийж явна. Бидний хэл амнаас айсан уу, “MK speed future asset” компанийг байгуулж, лиценз авсан гэсэн үг. Эд ний компанийнхан гол нь уналт таталтын эсрэг эмүүдийг жишээ нь, үйлдвэрээс нь огт авдаггүй. Европт үйлдвэрлэдэг эмийг БНСУ-аас оруулж ирэх зэргээр 3-4 “нугарсан” үнээр өвдөж ядарсан иргэдэд “шахдаг”. Эмийн сантай, тусгай зөвшөөрөлтэй бусад эм ханган нийлүүлэх байгууллагынхан нэг төрлийн эмийг 200-300 хайрцгаас илүү оруулж ирдэггүй. Тэгвэл “MK speed future asset” компанийнхан уналт таталтын эсрэг нэг төрлийн эмээс гэхэд л багадаа мянгаас олон хайрцгийг нийлүүлж, ноёрхлоо тогтоож ирсэн. Тус эм ханган нийлүүлэх компани нь эмийн сангүй учраас бусад эм ханган нийлүүлэхийн салбараар борлуулдаг. Ийм дархан эрхийг хэн эдэлдэг вэ гэхээр цаад эзэд нь дандаа л төрийн өндөр албан тушаалтнууд байдаг даа. МIME&H, “MK speed future asset” компаниудын цаана Эрүүл мэндийн яамны томоохон албан тушаалтан байдаг гэх яриа ч бий. Энэ мэт шалтгаанаар улсын бүртгэлд бүртгэлтэй, уналт таталтын эмүүдийг ханган нийлүүлдэг байгууллагууд эхнээсээ эм оруулж ирэхээ больж, аажимдаа энэ бизнес ганц нэгхэн хүний атганд орохоор болчхоод буй нь л асуудал юм. Энэ талаар ярьж дуугарсан бүхэнд “дээр”-ээс маш их дарамт шахалт ирдэг тул нэрийг минь нууцалж өгөхийг хүсье” хэмээн ярьсан юм.
ЭЭХХЗГ: 40 нэр, төрлийн эм бүртгэсэн
Монгол Улсын эмийн бүртгэлд 2023 оны байдлаар 58 улсын 795 үйлдвэрлэгчийн 4248 нэр, төрлийн эм бүртгэлтэй байна. 2022 оны судалгаагаар уналт таталтын эсрэг 51 нэрийн эм бүртгэлтэй байснаас гурвыг нь дотоодод үйлдвэрлэж, 48 төрлийнхийг импортолж буй гэжээ. Уналт таталтын эсрэг эмүүдийг хөнгөлөлттэй олгох бодлого улс орон бүрд харилцан адилгүй. Ихэнх өндөр хөгжилтэй оронд эрүүл мэндийн даатгалын системээрээ зохицуулдаг аж. Харин шууд худалдан авалт, нэг удаагийн лиценцийг импортын эмд олгохдоо онцгой нөхцөлд буюу цар тахлын үед л авч хэрэгжүүлдэг арга хэмжээ гэж үздэг байна. Учир нь энэхүү шийдэл нь зохистой менежмент, хяналт байхгүй бол тухайн эм, бүтээгдэхүүн нь нэг импортлогчийн хараат болох эрсдэлтэй. Улмаар нэг удаагийн тусгай зөвшөөрөл нь ч тодорхой нөхцөл байдалд тохирсон зохицуулалт болохоос бус, урт хугацаандаа эм хангамжийн тасалдал, үнийн хөөрөгдөл, зардлыг хянах боломжгүйд хүрэх аюултай аж.
Бид мэдээллийг тэнцвэртэй хүргэхийн тулд дээрх асуудлуудын талаар ЭЭХХЗГ-ынхнаас тодруулсан юм. Тэдний байр суурийг хүргэе.
“Монгол Улсын эмийн бүртгэлд энэ сарын 16-ны байдлаар уналт таталтын эсрэг 40 нэр, төрлийн эм бүртгэлтэй байна. Эдгээрийг 12 улсаас бүртгэснээс долоо нь эмийн хатуу зохицуулалттай Грек, Кипр, Словени, Унгар, ХБНГУ, ИБУИНВУ, Япон, бусад тав нь Монгол, БНСУ, БНЭУ, Индонез, ОХУ-ынх байна. Манайд мөрдөж буй Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуульд эмийг бүртгүүлэхэд үйлдвэрлэгчийн холбогдох баримт бичгийг ирүүлдэг. Түүнчлэн эм, эмнэлгийн хэрэгсэл импортлох, ханган нийлүүлэх тусгай зөвшөөрөлтэй байгууллагын эм бүртгүүлэх хүсэлтийг холбогдох журмын дагуу явуулдаг. Үүний дагуу Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хууль, Засгийн газрын 2022 оны зургаадугаар сарын 15-ны 33 дугаар тэмдэглэлийн 2.1 дэх хэсгийг тус тус үндэслэн “Азифарма”, “Нью ремеди”, Түмэн саруул”, “Эм К Спийд фүтүре ассет”, “Ленус мед” ХХК-иас ирүүлсэн албан хүсэлтийн дагуу ЭМЯ-ны харьяа Эмийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж, дараах байдлаар импортын мэдүүлэг олгосон. Эм импортлогч компаниудаас уналт таталтын эсрэг эмийн нөөцийн мэдээллийг 14 хоног тутамд авч, шаардлагатай хангамжийн зохицуулалтыг хууль, журмын хүрээнд гүйцэтгэж байна. 2025 оны нэгдүгээр сарын 16-ны байдлаар 11 нэр, төрлийн эм нөөцтэй байна. Олон улсын нэршлээр уналт таталтын эсрэг 22 эмд даатгалаас 70-100 хувийн хөнгөлөлт үзүүлж буй. Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын 47.1 дэх хэсэг, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 36.1.2 дахь заалт, Засгийн газрын 42 дугаар тогтоолыг тус тус үндэслэн олон улсын чанарын шаардлага хангасан эмийг гадаад улсаас худалдааны нэршлээр бүртгэлгүй, төрийн бус байгууллагаас ирүүлсэн хэрэгцээ шаардлагад үндэслэн төр худалдан авч, хангамжийг зохицуулахаар холбогдох судалгааг хийж байна” гэлээ.