Парисын олимпын наадмын оддын нэг нь Туркийн мэргэн бууч Юсуф Дикеч байлаа. Хийн гар бууны төрөлд өрсөлдсөн 52 настай тамирчин спортын амжилтаасаа гадна нэг гараа халаасандаа хийгээд буудаж буй өвөрмөц, тайван гэмээр төрхөөрөө олны анхаарлыг татсан юм. Мөн тэрбээр ямар нэг туслах хэрэгсэл, чихэвч, линз ашиглалгүй буудаж байсан нь имижийг нь бүр онцгой болгож байлаа. Тэгвэл алдарт мэргэн буудагч олимпоос хойш хэрхэн амьдарч байна вэ.
30 мянган евро
“Парис-2024”-өөс хойш тайван, амарлингуй зантай мэргэн буучийн амьдрал тун завгүй болсон гэнэ. Түүнээс ярилцлага авахын тулд сэтгүүлчид дор хаяж 30 мянган евро төлөх ёстой талаар төлөөлөгч Мехмет Али Акгюль нь мэдэгдэж байв. “Тэр маш завгүй байгаа. 2028 оны олимпод бэлтгэж эхэлсэн. Юсуф урлагийн од биш, түүнд ярилцлага өгөх хүсэл сонирхол байхгүй” хэмээн тэрбээр өгүүлжээ.
Ярилцлага авах төлбөрийг ийм өндөр тогтоосноор сэтгүүлчид түүнийг тайван байлгана гэж Юсуфийн багийнхан тооцоолсон аж.
Патент, савангийн дуурь
Ярилцлага, бэлтгэлээс гадна түүнд хийх зүйл их бий. Тухайлбал, олимпын наадмын дараа Юсуф Туркийн оюуны өмч, барааны тэмдэгтийн газарт хандаж, буудлагын хэв маягтаа патент авах хүсэлт гаргасан байна. “Туркт мөнгөн медаль авчирснаас гадна манай улсыг олон улсад таниулахад чухал үүрэг гүйцэтгэсэн Юсуф Дикечийн барааны тэмдэгтийг бүртгүүлэхэд туслах болсондоо баяртай байна” хэмээн “Markiz Patent” компанийн захирал Орхан Эриман ярьжээ.
Саяхан “SkyShowtime” платформ дээр “The Day of the Jackal” цуврал киноны трэйлер цацагдсан. Кино багийнхны мэдээллээс үзвэл Парисын олимпын наадмын үеэр тамирчин болж хувирсан хөлсний алуурчны дүрийг Ю.Дикечэд тулгуурлан бүтээж, түүнийг тоглуулсан аж. Уг цуврал энэ онд нээлтээ хийхээр товлогджээ.
Түүнчлэн турк тамирчны буудах хэв маягийг маш олон хүн дуурайж, нэгэн төрлийн флэшмоб эхлүүлж байв. Тухайлбал, Халловины үеэр түүний позыг нэрт тулгууртай харайгч А.Дюплантис, “Челси”-гийн довтлогч Н.Жексон нар дуурайсан байдаг.
Ю.Дикечийн сонирхолтой түүх 2028 оны олимпын наадамд ч үргэлжилж болох юм. Олны анхаарлыг татах харизм, онцлог зан чанартай түүн шиг хүн Лос-Анжелест гарцаагүй од болох биз ээ. Магадгүй түүний ярилцлага өгөх үнэлгээ нь ч тэр хэрээр нэмэгдэж болох юм.
Н.Энх