Харааны бэрхшээлтэй иргэдэд зориулан брайл, кирилл бичгээр “Монголын нууц товчоо”-ыг бүтээжээ. Мөн харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан ярьдаг хувилбарыг ч гаргасан байна. Энэхүү бүтээлийг Үндэсний номын сангийн шинэ салбарт өчигдөр нээлээ. Соёлын яамны санхүүжилтээр Чингис хааны өв, соёлын хүрээлэнгээс уг номыг эрхлэн гаргажээ. Үүгээр харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан номын хүрэлцээг нэмэгдүүлэхийг зорьсон аж. Мөн монголчуудын бахархалт үеийн түүх, эзэн богд Чингис хааны үлдээсэн өв соёлыг түгээн дэлгэрүүлэх зорилготой гэнэ.
Эл номыг Үндэсний номын сан, Улаанбаатар хотын төв номын санд байршуулна. Мөн Монголын хараагүйчүүдийн үндэсний холбоо, 116 дугаар тусгай сургууль зэрэг байгууллагад хүлээлгэн өгчээ. Түүнчлэн 21 аймгийн нийтийн төв номын сан зэрэг байгууллагад хүргэх гэнэ.
Бэлтгэсэн: А.Тэмүүлэн