Холбоодын нэгдсэн УАШТ бөхийн төрлүүдээр салхи хагалж, долоо дахь өдрөө үргэлжилж буй. Жүдо бөхийн төрөлд эмэгтэйчүүдийн өрсөлддөг 48 кг бол монголчуудын хувьд олимп, тив, дэлхийн тэмцээнд амжилт гаргадаг жин. Тус жинд энэ удаа шилдгүүдийг илүүрхэж, шинэ аварга мэндлэн спорт сонирхогчдын анхаарлыг ихэд татав. “Женко” клубийн залуу тамирчин Ж.Анударь аваргын төлөө ОУХМ Г.Наранцэцэгтэй таарч, торгуулиар ялан улсын аварга цолыг анх удаа хүртэв. Тэрбээр өнгөрсөн жилийн тэмцээнд үзүүрлэсэн амжилтаа ийн ахиулсан юм. Улсын гурван удаагийн аварга Г.Наранцэцэг дөрөв дэх мөнгөн медалиа зүүж байна.
Жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 48 кг-д шинэ аварга мэндэлсэн бол 52 кг мөн шинэ аваргатай болж байна. Тэгвэл тус жинд М.Нандин-Эрдэнэ дөрөв дэх удаагаа финалдсан Ц.Гал-Одыг ялж, дээрх тэмцээнээс гардсан иж бүрэн медальтан болсон. Эл жинд зодоглодог аваргуудаас Л.Сосорбарам бэртэл авсан тул тэмцээнийг өнжжээ. 57 кг-д алтан медалийн төлөө ОУХМ М.Ичинхорлоо, өсвөр үеийн дэлхийн аварга, Токиогийн “Их дуулга”-ын хүрэл медальт Т.Ариунзаяатай хүч сорьж, вазаригаар ялан гурав дахь удаагаа түрүүлэв. 63 кг-д шинэ залуу тамирчид хүч түрэн орж ирж, шилдгүүдтэй өрсөлдсөн ч Л.Энхрийлэн аваргаа хамгаалан түрүүг авлаа. 70 кг-д аваргын төлөөх барилдаанд “Женко” клубийн хоёр тамирчин таарсан нь Б.Ням-Эрдэнэ У.Анужин нар байв. Б.Ням-Эрдэнэ энэ удаа буулган авч, өнгөрсөн жил тэргүүлсэн амжилтаа бататгасан юм. Эмэгтэйчүүдийн хамгийн хүнд жин болох +78 кг-д Парисын олимпод оролцсон А.Адъяасүрэн жил бүрийн тэмцээнд учраа таардаг Д.Номинзулыг мөн л хожин дөрөв дэх алтан медалиа зүүж нэг хэсэгтээ л бууж өгөхөөргүй гэдгээ мэдрүүлэв.
Эрэгтэйчүүдийн ширүүхэн өрсөлдөөн дэвжээнд өрнөж, сонирхолтой барилдаануудыг ч бас харуулсан. Тэднээс 60 кг-д Б.Сүхбат тэргүүн байрын төлөө анх удаа шалгарсан Б.Энэбишид туршлага, ур чадвараар илүү гэдгээ баталж, дөрөв дэх алтан медалиа гардсан. Түүнд улсын гурван удаагийн аварга, ДАШТ-ий мөнгөн медальт Э.Ариунболд хагас шигшээд ялагдсанаар хүрэл медаль зүүсэн билээ. 66 кг-д Ё.Басхүү олон жил хүлээсэн анхны түрүүгээ авав. Түүний хувьд ДАШТ-ээс хошой хүрэл медаль хүртсэн ч улсын аваргад нэг ч удаа түрүүлж үзээгүй. Энэ жил зорилгоо биелүүлж, аварга болчихоосой гэж дэмждэг хөгжөөн дэмжигчдээ баярлууллаа. Түүнтэй зодоглосон Ө.Бямбасүрэн хоёр ч удаа тэргүүн байрын төлөө шалгарсан ч мөнгөн медалийн эзэн болсон юм. 73 кг-д Парисын олимпод оролцсон Э.Эрдэнэбаяр учраагаа ялж, улсын хошой алтан медальтнаар тодорсон бол 81 кг-д О.Шинэбаяр, 90 кг-д Ц.Ган-Эрдэнэ нар тэргүүлж, анх удаа улсын аварга болсон юм. -100 кг-д А.Энхбаяр УАШТ-д хоёр дахь удаагаа оролцож буй А.Мөнх-Эрдэнийг ялж, шинээр аваргаар шалгаран жингийнхээ бөхчүүдэд хүчтэй өрсөлдөгч болсноо батлав. +100 кг-д Б.Гончигсүрэн улсын аварга цолыг дөрвөн жил дараалан хүртэж, хойшид ч “босоо” байна гэдгээ авьяас, ухаанаараа харууллаа. Финалын барилдаанд тэрбээр Б.Серикийг цаг дуусахын өмнө сугадаж мушгиад хожлыг авсан.
Жүдо бөхийн барилдаан өндөрлөсний дараа жиү жицүгийн УАШТ үргэлжилж, эхний өдөр 16, 18 насныхан өрсөлдөж жин тус бүрд аваргаа тодруулав. Эмэгтэйчүүдээс 45 кг-д Б.Отгонцэцэг, 48 кг-д Б.Одгэрэл, 52 кг-д А.Цагаанбилэг, 57 кг-д Г.Монголжин, 63 кг-д Б.Хонгорзул, 70 кг-д О.Мөнхжаргал, +70 кг-д А.Батзул түрүүллээ. Эрэгтэйчүүдээс 56 кг-д Н.Ганболд, 62 кг-д Ө.Эрдэнэбаатар, 69 кг-д Ч.Түвдэнтарваа, 77 кг-д М.Даваадорж, 85 кг-д Б.Амгаланбаатар, 94 кг-д Б.Ариунцог, +94 кг-д Б.Баатарболд энэ жилийн шилдгээр шалгарчээ.
Түүнчлэн бүжгийн УАШТ-ий өсвөр насныхны стандарт бүжгийн төрөлд Э.Үйлстөгөлдөр, О.Азаа, залуучуудынхад Г.Гэрэлт-Ирээдүй, Э.Энх-Уянга (“Moon dance”), насанд хүрэгчдийнхэд Ч.Анхбаяр, Г.Энхжин (“Swing” клуб) тэргүүн байр эзлэв. Латин бүжгийн төрөлд өсвөр үеийнхнээс У.Зоригт, Б.Хонгорзул (“Шидэт бүжиг”), залуучуудын ангилалд Г.Гэрэлт-Ирээдүй, Э.Энх-Уянга (“Moon dance”), насанд хүрэгчдээс Б.Базарсад, О.Нандинцэцэг “(UB dance” клуб) нар улсын аварга болжээ. Өнөөдөр хүндийг өргөлт, дугуй, бадминтон, байт харвааны медальтнууд тодрох нь.