Монголчууд бидний уламжлалт Цагаан сарын баяр буюу XVII жарны модон могой жилийн шинийн нэгэн хэзээ тохиох вэ гэдэг эргэлзээ олон нийтийн дунд үүсээд байна. Үүнтэй холбоотойгоор “Цагаан сар нэгдүгээр сарын 29-нд болно”, “Илүү сартай өвөл тохиож буй учраас шинийн нэгэн тасарсан”, “Зурхайчдын тооцоолол зөрсөн” зэрэг мэдээлэл цахим орчинд эрчимтэй тархаад буй. Тэгвэл монголчуудын дунд түгээмэл ашигладаг нар, сарны тоолол болон шинийн нэгнийг астрономийн шинжлэх ухаанд хэрхэн тодорхойлдог талаар МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн Байгалийн ухааны салбарын Геологи, геофизикийн тэнхимийн ахлах багш Б.Жавзандолгортой ярилцлаа.
-Өнөө жилийн Цагаан сарын баярыг нэгдүгээр сарын 29-нд, эсвэл гуравдугаар сарын 1-нд тэмдэглэх ёстой хэмээх маргаан иргэдийн дунд гараад байна. Үүнийг шинжлэх ухааны үүднээс тайлбарлах боломжтой юу?
-Монголчуудын дунд буй өөр зурхайн тооллуудтай холбоотойгоор Цагаан сар хэзээ болох вэ гэдэг маргаан жил бүр л үүсдэг. Тиймээс зурхайн тооллын тооцоолол, алгоритм нь яаж ажиллаж байна гэдгийг нэн түрүүнд судлах хэрэгтэй. Тэгээд бодит байдалд аль нь илүү тохирч байгааг ажиглах ёстой. Ер нь хаврын тэргүүн сарын шинийн нэгэн хэзээ болох вэ гэдэгт байгаль, цаг уур өөрөө хариулдаг шүү дээ. Үнэхээр хаврын эхэн сар гарлаа гэсэн шиг урь ороод андашгүй байдаг.
Нөгөөтээгүүр, шинжлэх ухаан талаасаа одон орон судлал, математик тооцоололд үндэслэх хэрэгтэй. Тиймээс бид наанадаж гараг эрхсийн хөдөлгөөний зүй тогтлыг танин мэдэх, тэдгээрийг тайлбарладаг физикийн хуулиудыг ойлгох, бодит байдалд ажиглалт, тооцоолол хийж, харьцуулан судлах чадвартай болох нь чухал юм. Ялангуяа бидний ирээдүй болсон оюутан, залуус байгалийн тулгуур шинжлэх ухаан, тэр дундаа одон орон, сансар судлалын талаар баттай, ул суурьтай мэдлэг, мэдээлэл хуримтлуулж аливаа асуудалд шинжлэх ухаанчаар хандах хэрэгцээ шаардлага цаг хугацааны эрхээр бий болж буйг анхаарах хэрэгтэй.
-Бидний түгээмэл ашигладаг нар, сарны тоолол нь хоорондоо зөрчилдөх тохиолдол бий юү. Тухайлбал, зурхайд билгийн, астрономид аргын тоолол ашигладаг шүү дээ.
-Дан ганц нарны буюу нийтийн тооллоо баримтлаад, амьдрал ахуйдаа ашиглаад явж болно. Дэлхий нийтээрээ өдөр тутамдаа энэ тооллыг л ашиглаж байгаа. Харин уламжлалт зан заншил, үндэстний соёл, шашин шүтлэгтэй холбоотой ямар нэгэн баяр ёслол, зан үйл зэргийг хийхдээ өөр тоолол ашиглаж байгаа нь нийтлэг ажиглагддаг юм. Хэн, хэзээ, юунд алийг нь ашиглах вэ гэдэг нь л асуудал үүсгэж буй болохоос биш аргын болон билгийн тоолол хоорондоо зөрчилдөх учиргүй.
-Тэгвэл астрономийн шинжлэх ухаанд шинийн нэгнийг хэрхэн тодорхойлдог юм бол?
-Нар, сар, дэлхий гурвын харилцан хөдөлгөөний үр дүнд сар дэлхийг нэг сарын хугацаанд бүтэн тойрох явцдаа дүр төрх нь орой бүр өөрчлөгдөх үзэгдлийг шинийн хоёрны, наймны, арван тавны тэргэл сар, битүүн гэх зэргээр нэрлэдэг. Ийнхүү нарны гэрлийг ойлгосноороо гэрэлтэн харагдаж буй сарны үзэгдэх хэсгийг астрономийн шинжлэх ухаанд сарны фаз гэнэ. Сарны фазыг тэргэлийн диаметр болон гэрэлтэй хамгийн өргөн хэсгийн уртаас хамааруулан тооцоолдог юм. Ингэхдээ сарны нас гэх ойлголтыг ч харгалзан үзэх нь зүйтэй. Сарны насыг астрономийн битүүнээс хойш тухайн эгшин хүртэлх өнгөрсөн хугацаагаар нь илэрхийлнэ. Астрономийн битүүнд харгалзах сарны фаз болон нас 0.0 байдаг. Харин битүүн нь нар, сарны солбицол адил болох үед тохионо. Битүүний дараагаар сар аажмаар нарнаас холдож харагддаг. Ингээд ойролцоогоор хоёр хоногийн дараа сар үдшийн цагаар тэнгэрийн баруун хэсэгт гүдгэр нь баруун тийш нар луу харсан хавирган хэлбэртэй харагдана. Энэ үед сарны фаз ойролцоогоор 0.10 байна. Үүнийг монголчууд шинийн хоёрны сар гэлцдэг. Битүүн болон шинийн хоёрны хооронд сар гарахгүй нэг үдэш өнгөрч буй үзэгдэл нь тухайн сарынхаа шинийн нэгэн гэсэн үг. Энэ үед нар, дэлхий хоёрын дунд сар байрлах юм. Ингэж нарнаас тусах гэрлийг халхалснаар гэрэлтэж харагддаггүй.
Сар зүүн тийш шилжиж, нарнаас холдох тусам үзэгдэх хэсэг нь томордог. Ойролцоогоор долоо хоногийн дараа нарнаас 90 градус холдоно. Энэ үед сарны фаз 0.5, нас нь 7.4 хоног болдог. Энэ нь бидний сайн мэдэх шинийн наймны сар шүү дээ. Гэх мэтчилэн битүүн хүртэл сарны фазуудыг тодорхойлж болно. Эдгээрээс шинэ сар, хагас болон бүтэн тэргэлшил, астрономийн битүүн гэх мэт найман фазыг нь одон орон судлалд онцлон үздэг.
-Тухайлбал, өнөө жилийн хаврын тэргүүн сарын шинийн нэгнийг астрономийн шинжлэх ухаанд хэзээ гэж тодорхойлж байна вэ?
-Дээр дурдсанчлан астрономийн шинжлэх ухааны үүднээс шинийн нэгэн буюу шинэ сар гарах үзэгдэл нь сарны фазуудын нэг гэсэн үг. Тиймээс сар бүр л шинэ сар гарч, шинийн нэгэн тохиож байгаа. Харин хаврын тэргүүн сар буюу Цагаан сарын шинийн нэгэн гэдэг ойлголтыг билгийн тооллоор тайлбарлах нь зүйтэй.
-Илүү сар гэх ойлголтын талаар тайлбарлахгүй юу. Энэ өвөл илүү буюу дөрвөн сартай гэж яриад байгаа. Ер нь ямар тохиолдолд илүү сартай байдаг юм бол?
-Юуны өмнө цаг тооллын талаар товчхон ярих нь зөв байх. Дэлхий гараг дээр хэрэглэж буй цаг тоолол гэх ойлголт нь тодорхой хугацаанд давтагддаг байгалийн үзэгдэлд үндэслэдэг юм. Энэ ч утгаараа нарыг тойрох дэлхий, дэлхийг тойрох сарны хөдөлгөөн, тэнхлэгээ тойрох дэлхийн эргэлт зэрэг нь цаг хугацааны үндсэн нэгж болдог. Эдгээр үзэгдэлд үндэслэн зохиосон янз бүрийн цаг тооллыг хүн төрөлхтөн өөрсдийн соёл, зан заншил, газар зүйн байрлал зэрэгтээ нийцүүлэн ашигласаар иржээ. Өдгөө тэдгээрийн заримыг нь хэрэглэхээ больсон бол нэгээхэн хэсгийг нь улам сайжруулан ашиглаж байна. Тухайлбал, аргын буюу Григорийн тооллыг хүн төрөлхтөн нийтээрээ хэрэглэдэг шүү дээ. Энэ нь дэлхий нарыг тойрох хөдөлгөөнийг баримталсан тоолол юм. Мөн дэлхий нийтээрээ хэрэглэдэггүй ч зарим улсад, ялангуяа Азийн орнуудад сарны болон нар, сарны хосолсон тооллыг түгээмэл ашиглаж буй. Сарны тоололд хөдөлгөөнийг нь голчлон авч үздэг. Харин нар, сарны хосолсон тоолол нь тэдгээрийн хөдөлгөөнийг хамтад нь тооцоолдгоороо онцлогтой.
Монголчууд нар, сарны хосолсон тоолол ашиглан Цагаан сарын шинийн нэгэн хэзээ тохиохыг тооцоолдог уламжлалтай. Үүнийг билгийн тоолол, эсвэл монгол хуанли гэж нэрлэх нь түгээмэл. Илүү сар гэдэг нь энэ тооллоор гарч ирдэг ойлголт л доо. Билгийн буюу монгол тооллыг зурхай гэдэг талаас нь, эсвэл шашны ойлголт гэж үзэх нь нэлээд ажиглагддаг. Гэтэл яг үнэндээ энэ нь аргын тоололтой адилхан од, гараг эрхсийн хөдөлгөөнийг л харгалзсан математик тооцоолол байдаг юм.
Илүү сар хэрхэн гарч ирдгийг товчхон тайлбарлая. Нартай харьцангуйгаар сар өмнөх байрлалдаа дахин ирэхэд өнгөрч байгаа хугацааг билгийн сар гэдэг. Өөрөөр хэлбэл, битүүнээс сар тэргэл болох, эсвэл дараагийн битүүн, сар тэргэл болох хүртэл хугацаа юм. Энэ хугацаанд сарны фаз бүрэн солигдоно. Сар болон дэлхий жигд бус хөдлөх учраас билгийн сарын үргэлжлэх хугацаа 29.25-29.83 хоногт өөрчлөгдөнө. Сар дэлхийг тойрохдоо 29, эсвэл 30 хоног зарцуулдаг гэх бүхэл тоо байхгүй. Тиймээс хугацааг нь дунджаар 29 өдөр 12 цаг 44 минут буюу 29.5 гэж ойлгож болох юм. Нэг сард 29.5 өдөр гэж үзвэл жилд 354 хоног болно. Энэ нь сарны тооллоор нэг жил 354 хоногтойг илтгэж буй. Гэтэл нарны тооллоор тооцвол нэг жил 365 хоногтой шүү дээ. Хэрэв өндөр жилээ тооцчихвол 366 болчихдог. Хоёр тооллын хоорондын зөрүү нь 11-12 хоног. Тэгэхээр зөрүү нь ойролцоогоор гурван жил тутамд нэг сар болно гэсэн үг. Аргын тооллын жилийн эхлэл нь нэгдүгээр сарын 1 байдаг шүү дээ. Үүний адилаар монгол болон төвөд тоололд жилийн эхлэлээ улирал дамжуулахгүй барихын тулд илүү сар оруулж ирдэг гэх юм уу. Гол зорилго нь нар болон билгийн жилийн урт нь олон жилийн дунджаар ойролцоо байх явдал юм. Үүний тулд дээр дурдсанчлан ойролцоогоор гурван жилд бий болж буй дутуу хоногоо 65 сар тутамд илүү хоёрыг нь нэмээд 67 болгож тооцдог. Өөрөөр хэлбэл, ойролцоогоор гурван жил тутамд илүү сар нэмж, зөрүүг нь тооцож байна гэсэн үг. Энэ нь аргын тооллын дөрвөн жил тутамд нэг өдөр нэмж тооцон өндөр жил болгодогтой адил.
-Эртний монголчууд сарны хөдөлгөөн, од эрхсийн байрлалаар цаг хугацааг баримжаалан, баяр ёслол, хавар, намрын тэнцвэрээ тодорхойлдог байсан гэдэг шүү дээ.
-Монголчууд эрт дээр үеэсээ л тэнгэр огторгуйг ажиглаж, тэндээс олж авсан туршлагаа амьдрал ахуйдаа ашигласаар ирсэн арвин түүхтэй ард түмэн. Жишээлбэл, тэнгэрийн оддыг 400 гаруй орд болгон бүлэглэж, гэрэл, хөдөлгөөн, хэлбэр, дүрсээр нь нэрлэсэн байдаг. Олон улсын астрономийн нэршлээр Орионы одны ордны цувраа гурван одыг “гурван марал” гэж нэрлэжээ. Энэ гурван одны тохиолыг ажиглан шөнө дүл болох, шөнө дунд өнгөрөх, үүр цайх гэх мэтээр цаг хугацаагаа тооцоолдог байж. Эдгээрээс монголчууд одон орны талаар ямар арвин мэдлэгтэй байсныг харж болно. Ер нь одон орон, сансар огторгуй, байгаль ертөнцийн зүй тогтлыг танин мэдэх сонирхол, хэрэгцээ шаардлага хүн төрөлхтний өмнө хэдэн зуун жилийн тэртээгээс байсаар ирсэн. Одоо ч байгаа. Улам бүр л хөгжиж байна.
У.Цэцэгсүрэн