УИХ-ын чуулганы өнгөрсөн баасан гаргийн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Үндэсний баялгийн сангийн болон Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж, эцэслэн баталлаа. Мөн Монгол, Францын хамтарсан “Бадрах энержи” ХХК-ийн хөрөнгө оруулагч “Орано майнинг” компани хооронд байгуулах хөрөнгө оруулалтын гэрээний төслийг зөвшилцөв. Ашигт малтмалын тухай хуулийн 472.1-т заасан стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын нөөц ашигласны болон Цөмийн энергийн тухай хуулийн 201.5 дахь цацраг идэвхт ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөр, мөн хуулийн 5.5 дахь төрийн эзэмшлийн хувь хэмжээг бүтээгдэхүүн хуваах, төрийн эзэмшлийн хувьцааны төрлийг өөрчлөх зэрэг хувилбараар орлуулснаас бий болсон татварын бус орлогыг Хуримтлалын санд төвлөрүүлэхээр Үндэсний баялгийн сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулжээ.
Монгол, Францын хамтарсан “Бадрах энержи” ХХК-ийн хөрөнгө оруулагч “Орано майнинг”-тай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээний төслийг зөвшилцсөн талаарх Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Н.Алтаншагай хуралдаанд танилцуулсан. Үүнтэй холбогдуулан гишүүд хууль, эрх зүйн хүрээнд гэрээг өөрт ашигтай хувилбараар шийдвэрлэх, хөдөлмөрийн харилцаа, нийгмийн үнэлгээний зохих шаардлагуудыг төсөл хэрэгжүүлэгч болон туслан гүйцэтгэгч компаниудад тавих, төслийн ач холбогдол, үр өгөөжийн талаар олон нийтэд зөвөөр ойлгуулах, хөдөлмөрийн эрүүл ахуй, аюулгүй байдлын асуудлыг гэрээнд тодорхой тусгах, инновацын хөтөлбөр хэрэгжүүлэх, аюултай, цацраг идэвхт хог хаягдлыг устгах, булшлах, техник, эдийн засгийн үндэслэлийг нэн даруй эцэслэн батлах, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний 50 хувийг манай улс өөрөө борлуулах боломжтой, эсэх болон энэхүү гэрээний хүрээнд хоёр улсын иргэд визгүй зорчих асуудлыг хөндөв.
Хөрөнгө оруулалтын гэрээний төслийг хэрэгжүүлэх хугацаанд Зүүнбаянгийн төмөр замыг өртгөтгөн, 160 километр засмал болон сайжруулсан авто зам тавьж, 500 хүн амтай тосгон байгуулах аж. Уурхайд 1600 гаруй хүн ажиллахаас 17 нь гадаадын иргэн байхаар гэрээнд тусгасан бөгөөд газар дор уусган баяжуулах технологи бүхий үйлдвэр байгуулж, ураны нөөц бүхий давхаргын усыг олборлолтоос бусад зориулалтаар ашиглах боломжгүй, хүн, мал, амьтанд учруулж болзошгүй нөлөөллийн үнэлгээг хийхээр болсон байна. Шаардлагатай гэж үзвэл тухайн бүс нутгийг малгүй болгож, малчдад нөхөх олговор олгохтой холбоотой зохицуулалтуудыг гэрээний төсөлд тусгажээ. Түүнчлэн тодорхой урсгал зардлыг хөрөнгө оруулагч тал гаргах бөгөөд тухайлбал, аюултай хог хаягдлын менежментэд 2.3, хүхрийн хүчлийн үйлдвэр барихад 96.2 сая ам.доллар төлөвлөсөн зэргийг дурдсан юм. Ингээд хөрөнгө оруулалтын гэрээний төслийг зөвшөөрч, гарын үсэг зурах эрхийг Засгийн газарт олгох нь зүйтэй гэсэн холбогдох байнгын хорооны саналыг гишүүдийн олонх нь дэмжсэнээр Хөрөнгө оруулалтын гэрээний төслийг зөвшилцсөн тухай УИХ-ын тогтоолын төслийг баталсанд тооцлоо.
М.Гэгээ