Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өчигдөр болж, энэ онд хэрэгжүүлэх бүтээн байгуулалтуудын зураг төслийн ажлын явцын талаар хэлэлцлээ. “Хот төлөвлөлт, судалгааны институт” орон нутгийн өмчит, аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрынхан одоогоор трамвай, авто замын ангилал, зэрэглэл дээшлүүлэх, уулзваруудын нэвтрэх чадварыг сайжруулах зэрэг 10 төслийг боловсруулж буй аж. Тухайлбал, нийслэлд хэрэгжүүлэх трамвайн зураг төслийг өдгөө боловсруулж буй бөгөөд ирэх сард батлуулах гэнэ. Трамвайг Д.Сүхбаатарын талбайгаас Буянт-Ухаа хүртэл явуулахаар төлөвлөсөн бөгөөд дундаж хурд нь 20-40 км/цаг гэж тооцжээ. Нэг чиглэлд 1300 орчим хүн зорчих боломжтой юм байна.
“Хот төлөвлөлт, судалгааны институт”-ийн дарга Р.Амартүвшин “Авто замын нэвтрэх чадварыг сайжруулах ажлын хүрээнд 13 байршлын уулзварыг өргөтгөнө. Үүнд 32-ын тойрог, МУИС, “Зоос гоёл”, Гэсэр сүм, Механик инженерийн сургуулийн уулзвар зэрэг багтсан. Энэ сарын 20-ноос эхлэн дэд бүтцийн зураг төслийг боловсруулж, ирэх сарын 5-нд дуусгахаар төлөвлөж байна. Харин төсвийг ирэх сарын 20-нд боловсруулж дуусгана” гэв.
М.Оч