“Засгийн газар огцор” жагсаалыг зохион байгуулж буй Эрх чөлөөний эвсэл намынхан өлсгөлөн зарлахаар бэлдэж байгаагаа өчигдөр мэдээлэв. Тус намын тэргүүн Б.Цацрал, гишүүн Э.Одбаяр нарын таван хүн өлсгөлөн зарлахаар шийдээд буй гэнэ. Уг жагсаал нь өчигдөр дөрөв дэх өдрөө үргэлжилсэн бөгөөд дээрх намын гишүүдээс гадна 40-50 хүн оролцохоор Сүхбаатарын талбайд иржээ. Эрх чөлөөний эвсэл намын гишүүн Э.Одбаяр “Засгийн газар огцор” жагсаалын эсрэг Л.Оюун-Эрдэнэ ба түүний хүмүүс бидэнд нөлөөлж томилгоо, эрх ашгийн санал тавьсан. Тэр “хор”-ыг долоосон хүн бүр түүнийхээ үр дагаврыг нь хүртэх ёстой. Иргэд тэдэнд хэзээ ч хамаатай байгаагүй. Эрх чөлөөний эвсэл үзэл баримтлалдаа бат зогсож, энэ хүрэхэд юм юмтай л нүүр тулж байгаа” гэв.
Мөн Засгийн газар өнгөрсөн хугацаанд нийгмийн тулгамдсан асуудлуудад дорвитой арга хэмжээ авч чадаагүйг онцлоод, тэдэнтэй зөвшилцөхгүй гэдгээ ч мэдэгдсэн юм. Түүнчлэн энэ сарын 18 буюу бямба гарагт иргэдийг жагсаалдаа идэвхтэй оролцохыг цахим хуудсаараа дамжуулан уриалжээ.
А.Үүл