Хэдхэн хоногийн дараа бүрэн эрхээ хэрэгжүүлж эхлэх, АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трамп Гренланд арал болон Панамын сувгийг Америкийн хяналтад шилжих ёстой гэж мэдэгдээд, үүний тулд цэргийн хүч хэрэглэхийг ч үгүйсгэсэнгүй. Түүний хэлснээр бол АНУ-ын аюулгүй байдлын үүднээс тус арал Америкт хэрэгтэй, Дани улс түүнээс татгалзах ёстой гэнэ. Данийн Гадаад хэргийн сайд Ларс Люкке Расмуссений хэлснээр тус бүс нутагт Орос, Хятадын идэвхжил нэмэгдсэн тул Арктикийн аюулгүй байдалд АНУ санаа тавих нь зүй ёсных аж. Тэгвэл Данийн Ерөнхий сайд хатагтай Матте Фредериксен Америкийн саналыг няцааж, “Гренландыг худалдахгүй” гэж шууд хэлжээ. Тэгэхдээ АНУ-тай худалдааны дайн хийхийг Дани хүсэхгүй. Гренландыг Америк сонирхож буй нь муу биш ч тус арлын оршин суугчдад хүндэтгэлтэй хандах ёстой гэж тэр үзэж байна.
Тэгвэл Данийн иргэдийн тэн хагасаас илүү нь Гренландыг улсынхаа бүрэлдэхүүнд хэвээр байлгахыг дэмжиж байгаа аж. Үзэл бодлоо илэрхийлсэн дани хүмүүсийн 79 хувь Данийн бүрэлдэхүүнд Гренланд байх нь аль аль талдаа маш ашигтай гэж үзжээ. Түүнээс гадна тус арлыг Данийн Хаант Улсын бүрэлдэхүүнээс гаргах, эсэх асуудлаар ойрын таван жилд хүн амын дунд санал асуулга явуулах нь зүйтэй гэсэн байна.
Бас Канадыг улсдаа нэгтгэхийн тулд “эдийн засгийн хүч” хэрэглэхэд бэлэн гэж энэ сарын 7-нд сэтгүүлчидтэй уулзахдаа Трамп хэллээ. Огцрох тухайгаа зарласан Канадын Ерөнхий сайд Жастин Трюдо “Канад улс АНУ-ын нэг хэсэг болох боломж огт байхгүй” гэж Х сүлжээнд бичив.
Америкийн Ерөнхийлөгч Гренландыг өөрийн болгохыг хүсэж, түүнийгээ ил шууд илэрхийлсэн нь дэлхийн бөмбөрцгийн баруун хагаст улсынхаа нөлөөг тэлж, өөрийн өвийг бэхжүүлэхийг зорьж буйтай нь холбоотой юм байна. Трампын хүү нь Гренландад саяхан очсон. Үүнтэй холбогдуулж “Миний хүү болон бусад хүн зарим газар орон, түүх дурсгалын зүйлийг нь үзэхээр цаашдаа ч Гренландад очно. Гренланд хэрэв манай улсын нэг хэсэг болбол хүмүүс ихээхэн олз ашиг олох юм. Бид уг арлыг маш харгис хатуу болж буй гадаад ертөнцөөс хамгаална. Гренландыг улам том болгоно” гэж тэрбээр хэлсэн байна.
Гренланд нь Хойт мөсөн далай, Атлантын далай хоёрын дунд, Арктикаас зүүн тийш оршдог 2.1 сая ам километр талбайтай, дэлхийн хамгийн том арал юм. Нутаг дэвсгэрийн дөрөвний гурав нь мөнхийн мөсөөр хучигдсан, 2022 оны байдлаар 56 мянга гаруй хүн амтай. Энд хот, суурингуудыг холбосон авто зам бараг байхгүй, усан болон агаарын тээврээр зорчдог. 4500 жилийн өмнөөс энд хүн суурьшиж эхэлсэн гэж үздэг. 1814 онд тус арлыг Данийн Хаант Улсын нэг хэсэг хэмээн хүлээн зөвшөөрсөн. 1973 онд Данитай хамт Европын эдийн засгийн хамтын нийгэмлэгт оржээ. 1979 онд явуулсан бүх нийтийн санал асуулгаар Гренландад өөртөө засах эрхийг Дани олгосон байна.
Сэрүүн зун, хүйтэн өвөлтэй Гренландад Исландын далайчид 875 оны орчимд хөл тавьжээ. 982 онд уг арлыг Гренланд гэж нэрлэх болсон аж. 1262 оноос XVIII зууны эх хүртэл тус арал Норвег улсын харьяанд байв. 1721 онд арлыг Дани колоничилж эхэлжээ. Энэ байдал 1953 он хүртэл үргэлжлэв. Данийг 1940 онд Герман эзэлж авсны дараа АНУ энд цэргийн баазаа байгуулах ажилд оржээ. Ингээд 1971 он болоход хоёрыг байгуулчихсан байв.
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Уильям Генри Сьюард Гренландыг худалдаж авах боломжийг бүр 1867 онд судалж байжээ. Конгресс дэх сөрөг хүчин энэ төслийг тухайн үедээ хүлээж авсангүй. XXI зуунд ч Гренландыг Америк сонирхсоор байна. Эндхийн эрэг хавиас нүүрс, устөрөгч олборлох боломжтой. 2019 онд Ерөнхийлөгч Дональд Трамп энэ саналыг дахин тавихад Гренландын Ерөнхий сайд Ким Кильсен “Гренландыг худалдахгүй, харин худалдаа хийх, хамтарч ажиллах нь АНУ болон бусад улсад нээлттэй” хэмээн мэдэгдэв. 2022 онд Ханс гэдэг арлын асуудлаарх Дани, Канадын хоорондын маргааныг шийдвэрлэсэн. Ингэхдээ 60 хувь нь Данид, 40 хувь нь Канадад харьяалагдах болсноор эдний хооронд хуурай замын хил тогтжээ.
1979 онд Данийн парламент Гренландад автономит өргөн эрх олголоо. Европын хамтын нийгэмлэгээс Гренланд ингэж гарав. Тус арал өөрийн гэсэн хэл (гренланд), цагдаа, шүүхийн тогтолцоотой болж, алт, алмаз, нефть, хий зэрэг нөөц ихтэй баялагтаа хяналт тавих болсон байна. Мөнгөний нэгж нь Данийн крон, Төрийн тэргүүн нь Данийн хаан. Тэгэхдээ Гренландыг өрх тусгаарлахыг хүсвэл хүчээр бариад байхгүй. Гренландчууд тусгаар тогтнох эрхтэй гэж Данийн Засгийн газар мэдэгдсэн байдаг. Гренланд таван жилийн хугацаагаар сонгодог, 31 гишүүнтэй төлөөллийн байгууллага буюу парламенттай. Парламентад илүү суудалтай намын удирдагч нь Ерөнхий сайдаар ажилладаг. Зүүн, баруун, төвийн гэсэн үзэл баримтлалтай таван ч намтай.
Нийслэл Нуук нь 1728 онд байгуулагдсан, эндхийн эртний хотуудын нэг. Нуук хотод 15 мянган хүн оршин сууна. Энэ хотод Үндэсний музей, ганц их сургууль нь байдаг. Нутгийн хамгийн өмнөдөд байх Какорток хот 1774 онд байгуулагдсан, энд 3229 хүн амьдардаг. Хамгийн умард нутагт усан буудлын гол хот Упернавик орших бөгөөд 1180 хүн оршин суудаг. Зундаа дунджаар таван градусаас илүү дулаан болохгүй.
Гренландын эдийн засгийн амьдрал нь газар нутгийн 15 орчим хувийг эзэлдэг эрэг орчмын нарийн зурвас хуурай газарт буюу зүүн өмнөд хэсэгт нь төвлөрдөг. Экспортынх нь 85 хувийг загас, загасан бүтээгдэхүүн эзэлнэ. Үүгээрээ дэлхийд дээгүүрт ордог. Тугалга, цайрын хүдэр болон бусад ашигт малтмалаа олборлохыг зогсоочхоод байгаа. Гадаадаас үндсэндээ хүнсний бүтээгдэхүүн, өргөн хэрэглээний бараа, машин, тоног төхөөрөмж, тээврийн хэрэгсэл авна.
1920, 1930-аад онд цаг уурын дулаарлын улмаас Гренландын эрэгт ойртож очих боломжтой болсноор эндхийн хүмүүсийн гол ажил нь загас агнуур болжээ. 1950-иад оноос эдийн засагт нь хөрөнгө орж ирэх нь нэмэгдэв. Янз бүрийн баримтаар эдийн засгийн идэвхтэй хүн амын 25-50 хувь нь загас агнах, махаар нь бүтээгдэхүүн хийх салбарт хамрагдах болсон байна. Жилд 25-30 тонн загас барьж, экспортлох болж. Загасны нөөш хийх хэд хэдэн завод, загас агнуурын жижиг онгоц үйлдвэрлэх, засварлах газрууд, тор, сүлжмэл эдлэлийн фабрикууд бий. Мах, ноосны чиглэлийн хонины болон бугын аж ахуйн нэлээд хөгжсөн. Гренландын төсвийн орлогын тал орчмыг нь Данийн олгодог татаас бүрдүүлнэ.
Р.Жаргалант