Монголын хөл бөмбөгийн холбооноос зохион байгуулсан грассрүүтс футзалын УАШТ-ий 11 хүртэлх насныхны ангилалд 43 багийн 600 гаруй тоглогч өрсөлдсөн. Тус ангилалд С.Жаргалсайхан, Б.Билгүүн дасгалжуулагчтай “Дархан сити” багийн хөвгүүд түрүүлж, аваргын цом гардлаа. Тэдэнтэй алтан медалийн төлөө өрсөлдсөн, Ө.Ганбаяр дасгалжуулагчийн удирдлагад Орхон аймгаас ирж оролцсон “Хангарьд” клубийнхэн мөнгөн медальтай нутаг буцав. Эхний хоёр байрт шалгарсан багууд футзалын төрөлд ширүүхэн өрсөлдөж, шигшээд хоёр жил дараалж шалгарчээ. Энэ удаа хүрэл медалийг Ч.Төрболд дасгалжуулагчтай “Дэрэн”-гийнхэн зүүж, А.Улсболд дасгалжуулагчтай “Хоромхон”-ынхон IV байр эзэлсэн юм.