ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгчийн газрынхан энэ онд орон нутагт хөрөнгө оруулалт түлхүү хийх болсноо зарлалаа. Үүнтэй холбогдуулан суурин төлөөлөгч Др Сокорро Эскаланте зарим аймгийн эрүүл мэндийн байгууллагуудын үйл ажиллагаатай танилцаж байгаа аж. Баянхонгор аймгийн ЗДТГ-аас 2025 оныг “Эрүүл мэндийг дэмжих жил” болгон зарлаж, нийт төсвийнхөө 60-70 хувийг эл салбарт зарцуулахаар төлөвлөснөө Сокорро Эскалантед танилцуулжээ. Тодруулбал, тус аймгийнхан Наркологийн эмнэлгийг ашиглалтад оруулж, Нэгдсэн эмнэлгийн амбулаторийг тохижуулах, хүн амын тэргүүлэх өвчлөлийг бууруулахаар зорьж байгаа аж.
Сокорро Эскаланте “ДЭМБ-аас 2025 онд Эрүүл мэндийн яамтай хамтран Баянхонгор аймагт лабораторийн иж бүрэн тоног төхөөрөмж, олон улсын жишигт нийцсэн амбулаторитой болоход нь дэмжлэг үзүүлэхээр болсон. Мөн 10 аймгийн Нэгдсэн эмнэлгийн Яаралтай тусламжийн төвийн барилга, техник хэрэгслийн хүчин чадлыг сайжруулах, сүрьеэгийн M2 төслийн хүрээнд орон нутгийн эрүүл мэндийн байгууллагуудад тоног төхөөрөмжүүд нийлүүлэх боломжтой” гэдгээ мэдэгджээ.
М.Гэгээ