Шинжлэх ухаан, технологийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд Тайваний худалдаа, эдийн засгийн Улаанбаатар дахь төлөөлөгчийн газар болон Тайваний Үндэсний шинжлэх ухаан, технологийн зөвлөл дэмжлэг үзүүлэн ажиллахаа илэрхийллээ. Тайваний худалдаа, эдийн засгийн Улаанбаатар дахь төлөөлөгчийн газрын Ван Кай-Ю тэргүүтэй төлөөлөгчид 2024 оны зургадугаар сарын 7-нд Шинжлэх ухаан, технологийн сангийн захирал, доктор Д.Одгэрэл, ЗУХ-ийн хэлтсийн хамтын ажиллагаа хариуцсан мэргэжилтэн Ж.Уянга нартай хамтын ажиллагааны талаар албан уулзалтыг хоёр дахь удаагаа хийжээ.
Талууд 2024 оны хоёрдугаар сарын 28-нд хийсэн албан уулзалтын хэрэгжилтийг дүгнэж, гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэх, шинэ чиглэлийг хөгжүүлэх, цаашдын үйл ажиллагааны талаар санал солилцов. Шинжлэх ухаан, технологийн сан Тайваний Үндэсний шинжлэх ухаан, технологийн зөвлөл хооронд байгуулсан хамтын ажиллагааны гэрээний хүрээнд Москва дахь Тайваний эдийн засаг, соёлын төлөөлөгчийн газрын Шинжлэх ухаан, технологийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Юан-Тинг Ши Шинжлэх ухаан, технологийн сангийн урилгаар Монгол Улсад Тайваньтай хамтарсан эрдэм шинжилгээ, судалгааны ажлын төлөвлөгөөний хэрэгжилттэй танилцаж, үр дүнг хэлэлцэх зорилгоор Монгол Улсад 2024 оны зургадугаар сарын 4-8-ны хооронд ажиллав.