Боловсролын яамнаас Багшлах эрхийн гэрчилгээ олгох журмыг өнгөрсөн есдүгээр сард баталсан. Өөрөөр хэлбэл, гадаад, дотоодын их, дээд сургуулийг амжилттай төгссөн залуусыг богино хугацааны сургалтад хамруулан багшлах эрх олгож, хүний нөөцийг бүрдүүлэн, багшийн хомсдолыг шийдэх боломжтой гэж салбарын яамныхан нь үзэж буй. Үүний хүрээнд багшлах эрхийн гэрчилгээ олгох сургалтыг өнгөрсөн сарын 2-ноос эхлэн МУБИС, СЭЗИС, “Олон улсын Улаанбаатар их сургууль”, “Отгонтэнгэр” их сургуульд цахим болон танхим хосолсон хэлбэрээр зохион байгуулж байна. Мөн МУИС болон “Орхон” их сургуульд бүртгэж буй аж. Өнөөдрийн байдлаар багшлах эрхийн гэрчилгээ олгох сургалтад 199 иргэн бүртгүүлжээ. Тэднээс 75 нь шаардлага хангаж, амжилттай суралцаж байгаа аж. Түүнчлэн Боловсролын үнэлгээний төвөөс энэ сарын 8-нд удирдамж гаргаж, багшлах эрхийн сургалтын үйл явцтай танилцжээ. 45 хоногийн сургалтын эхний төгсөлт энэ сарын 30-нд болох бөгөөд маргааш нь багшлах эрхийн гэрчилгээ олгох гэнэ.
Ч.Болор