Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар (ЭМДЕГ)-ын даргын албан тушаал хашиж байсан Л.Бямбасүрэн тэргүүтэй хүмүүст холбогдох хэрэгт НПГ-аас яллах дүгнэлт үйлдэн Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүллээ. ЭМДЕГ-ын албан тушаалтнуудыг бусдын ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд хахууль авсан, мөнгө угаасан хэмээн яллагдагчаар татсан бол хувийн хэд хэдэн эмнэлгийн удирдлагыг хахууль өгсөн яллагдагчаар тооцсон аж. Уг хэрэгт тус газрын дарга асан Л.Бямбасүрэн, Нэхэмжлэлийн хяналтын хэлтсийн дарга А.Төвшин болон мэргэжилтэн Б.Номинсувд, С.Ундрам, Д.Баянжав, зарим эмнэлгийн албан тушаалтнууд болох Ө.Айгиймаа, Ө.Мөнхтулга, С.Цэдэнсодном, П.Алтантуяа, Т.Ариунтуяа, Т.Анхтуяа гэсэн 11 хүнийг буруутгаж буй юм. ЭМДЕГ-ын албан тушаалтнууд нэг бус удаа хахууль авч, эрүүл мэндийн байгууллагуудад давуу байдал олгож байсныг АТГ-ын мөрдөгчид тогтоон, өнгөрсөн арваннэгдүгээр сард яллах дүгнэлт үйлдүүлэхээр шилжүүлж байсан билээ. Тодруулбал, ЭМДЕГ-ын мэргэжилтэн Б.Номинсувд л гэхэд дотор, уламжлалт, мэдрэл, нүдний өвчний оношилгоо, эмчилгээ, эхо, клиник, биохимийн лабораторийн оношилгооны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Нандин-ухаан” эмнэлгийн гүйцэтгэх захирал Т.Ариунтуяа, түүний төрөл садангийн хүн болох “Гэгээн манал” эмнэлгийн захирал Т.Анхтуяа нараас 100 орчим сая төгрөгийн хахууль авч, 1000-аас дээш хүний төлбөрийг Эрүүл мэндийн даатгалын сангаас гаргуулсан гэдэг. Уг мөнгөө А.Төвшин, Л.Бямбасүрэн нарт хувааж өгсөн нь шалгалтаар тогтоогдсон. Ташрамд дурдахад, прокурорын байгууллага энэ сарын 6-10-ны өдрүүдэд эрүүгийн 268 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн байна. Тэдгээрийн дотор авлига, албан тушаалын долоон хэрэг багтсаны нэг нь дээрх ЭМДЕГ-ын болон эмнэлгүүдийн эрх бүхий албан тушаалтнууд холбогдсон үйлдэл юм.