Монгол Улсын ес дэх парламент бүрдэж, анхны 126 гишүүн тангаргаа өргөөд удаагүй байна. Дөрвөн нам, нэг эвслийн төлөөллөөс бүрдсэн эл парламентад иргэд биднийг хэн хэн төлөөлж байна вэ. Ардчилсан засаглалыг бэхжүүлэх, нийгэм, эдийн засгийн амьдралд хөгжил дэвшил авчрах үүрэг, зорилгоо биелүүлэх нөөц боломж, туршлага тэдэнд бий юү. Эдгээр асуултад хариулт өгч, иргэдийн мэдэх эрхийг хангах үүднээс “Өнөөдөр” сонин “126-гийн нэг” булан нээгээд байна. Энэ удаагийн парламентын 126 гишүүний 80 нь анх удаа сонгогдсон. Мөн түүхэндээ хамгийн олон эмэгтэй гишүүнтэй парламент гэхчлэн олон тодотголтой билээ. Парламентад иргэдийг хэн хэн төлөөлж байгааг бид цувралаар танилцуулах болно.
Төв аймгийг хамгийн олон жил удирдаж байгаад төрийн түшээ болсон хүн бол Ж.Батжаргал. Тус аймгийн иргэд түүнд хоёр дахь удаагаа итгэл үзүүлэн УИХ-ын гишүүнээр сонгосон нь магадгүй уугуул нутгаа сайтар удирдсаных нь “шагнал” ч байж мэдэх юм. 1986 онд Зуунмодын II дунд сургуулийг төгсөж, МУИС-д банкны эдийн засагч мэргэжлээр суралцсан тэрбээр зах зээлийн нийгэмд шилжсэн цаг үед Баян-Өнжүүл сумын ХААН банкнаас ажлын гараагаа эхэлжээ. Төрийн улс төрийн албан тушаалыг анхан шатнаас нь хашсан нэгэн аж. Тодруулбал, 1991-1992 онд Төв аймгийн Баян-Өнжүүл сумын Ардын депутатуудын хурлын Гүйцэтгэх захиргаанд орлогч дарга, 1992-1994 онд тус сумын Засаг даргын орлогчоор ажиллаж байж. 1996 онд эл сумын ИТХ-ын дарга болжээ. Уг албан тушаалыг дөрвөн жил хашаад 2002 онд Төв аймгийн ИТХ-ын даргаар томилогдон, 2012 он хүртэл ажилласан байна. Магадгүй нутгийн өөрөө удирдах байгууллагыг хамгийн удаан удирдсан хүмүүсийн тоонд зүй ёсоор орох биз. 2012 оны сонгуулийн дараа аймгийнхаа МАН-ын хорооны дэд даргын албыг хашиж, 2016 оны сонгуулийн үр дүнд Төв аймгийн Засаг дарга болж дөрвөн жил ажилласан юм.
Богд уулын өмнө этгээдэд орших, нийслэлээс холгүй энэ аймгийг дархан цаазат хайрхны хоёр талаар тойруулан Улаанбаатар хоттой холбоход Ж.Батжаргалын оролцоо, нөлөө их байсан. Хөшигийн хөндийн нисэх буудал, түүнийг дагасан хот төлөвлөлтөд ч тэрбээр орон нутгийг удирдаж байхдаа чухал үүрэг гүйцэтгэсэн хэмээн нутгийнхан нь ам сайтай байдаг юм билээ. Түүгээр ч зогсохгүй ИТХ-ын даргын ажлаасаа чөлөөлөгдчихөөд өөрийн гэсэн орон сууцгүй учраас тухайн үедээ түрээсийн байр хайж явсан, төрийн төлөө л хүн гэх нэгэн ч байна. Тэрбээр 2020-2024 онд парламентын гишүүнээр ажиллахдаа Нийгмийн даатгалын тухай, Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай, Зөрчлийн, Төрийн албаны, Төсвийн, Малчны тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай зэрэг хуулийн санаачлагч, ажлын хэсэгт багтаж, идэвхтэй оролцож байв.
Жил бүр АТГ-т гаргаж өгдөг ХАСХОМ-тээ өөрөө болон гэр бүлийн хүмүүстээ хамааралтай аж ахуйн нэгж байхгүй, орлого нь 314 сая төгрөг хэмээн бүртгүүлсэн нь хамгийн ядуу УИХ-ын гишүүн хэмээн хэвлэлүүдэд бичиж байсан юм. Ж.Батжаргалыг Төв аймгийг удирдаж байхдаа Заамар сумд алт олборлогч иргэн, аж ахуйн нэгжүүдэд хариуцлага тооцож чадаагүй хэмээн орон нутгийнхан ихэд шүүмжилдэг нь хэвлэлийн хуудаснуудад бий. Түүгээр ч зогсохгүй тус сумд алт олборлогч аж ахуйн нэгжид давуу байдал олгож байсан хэмээн Ж.Батжаргалыг АТГ-т шалгуулах гомдол ч нутгийнхан нь өгсөн гэдэг. Тодруулбал, УИХ-ын гишүүн Ж.Батжаргал, Төв аймгийн ИТХ-ын дарга Ц.Энхбат, “Илт гоулд” ХХК-ийн захирал Байгальмаа нар хамтарч “Эрдэнэсийн эрэл” гэх компани байгуулан, Заамар сумын нутаг, Өвөр наймганы 16 000 га газарт алт олборлох тусгай зөвшөөрөл авсан. Ингэхдээ Байгальмаагаас нэг тэрбум төгрөг, “Ланд круйзер-200” загварын автомашин хахуульд авсан. Уг машиныг нь Ж.Батжаргал албандаа “шахсан”. Засаг даргын орлогч Д.Мөнхбаатартай хамтран Төв аймагт агаарын бохирдлыг бууруулах нэрээр Хятадаас зуух авчирч өндөр үнээр борлуулан төсвийн хөрөнгийг үрэн таран хийсэн гэх гомдлуудыг АТГ-т нутгийн иргэд нь 2020 онд гаргаж байсан юм билээ. Гэвч эдгээр нь нотлогдоогүй учраас гомдлыг хэрэгсэхгүй болгосон гэдэг. Төв аймгийнхан 16 жил нутаг орноо удирдсан Ж.Батжаргалд 2024 оны УИХ-ын томсгосон тойрог бүхий сонгуульд дахин итгэл хүлээлгэж, төлөөлөл болгон илгээснээр ийнхүү дахин хууль тогтоолцож байна.